Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

 

 

 

 

 

 

    2021       12          30                                    2022/ШЦТ/30

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                    

улсын яллагч М.Отгонбаатар,

хохирогч Ш.Б-,

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.Ц-т холбогдох эрүүгийн 1909045701604 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зохион бүтээгч мэргэжилтэй, “...” ХХК-д зохион бүтээгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Ц- нь:

 

- 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод байрлах хохирогч Ш.Б-ы эзэмшлийн гэрээс түүний 8.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 11 дэх тал /

 

Хохирогч Ш.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би Б.Ц-той 2017 онд дэлгүүрт нэгж авч байхад нь дугаарыг нь сонсоод цээжлээд би утсаар ярьж, мессеж бичиж холбоотой байдаг. Гэр нь манайхтай ойролцоо байдаг. ... 2021 оны 03 дугаар сарын дундуур цагдаагийн газарт энэ асуудлаар мэдүүлэг өгөх гээд ирэхэд Б.Ц- сууж байсан. Тэрээр тухайн орой нь над руу залгаад “Уулзах хэрэгтэй байна. Төв номын санд байна” гэж хэлэхээр нь би төв номын сан дээр очиход “Би хөөргийг аваад ломбарданд тавьсан. Та өргөдлөө буцаагаад авчих” гэж уйлж унжаад байхаар нь би хаана өгснөө хэлчих би очоод авъя дараа нь чи надад мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд гэрт нь буулгаж өгсөн гэжээ. / хавтаст хэргийн 17 дахь тал /

 

Гэрч А.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 10 цаг өнгөрч байхад таньдаг ах Ш.Б-ы гэрт боссон. Тэгэхэд Ш.Б- ах хөөрөг алга болчихлоо 3-4 хоногийн өмнө би хөөргөө үзчихээд буцаагаад хийсэн гэж хэлсэн гэжээ. / хавтаст хэргийн 25 дахь тал /

 

Гэрч Ц.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 800.000 төгрөгний барьцаанд “Шүрэн толгойтой халтар манан хөөрөг” барьцаанд тавьж нэг ч удаа сунгуулалгүй орхисон учраас дотоод журмын дагуу тухайн эд зүйлийг зарж борлуулан байгууллагыг хохиролгүй болгосон. Би дээрх иргэний барьцаанд тавихдаа бичүүлсэн ... дугаарын утас руу удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хүлээгээд барьцаанд тавьсан хөөргийг зарсан. Хэргийн материалд авагдсан надад үзүүлсэн хөөрөг нь манай байгууллагад Б.Ц-ын барьцаанд тавьсан хөөрөг мөн байна гэжээ. / хавтаст хэргийн 29 дэх тал /

 

“Дамно” ХХК-ний №СБ1-21-1399 дугаартай тайланд “Оюу нуухтай шүрэн толгойтой их гарын усан манан” хөөргийг 8.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ / хавтаст хэргийн 43-44 дэх тал /

 

“...” ХХК-ний барьцаат зээлийн гэрээ / хавтаст хэргийн 47 дахь тал /

 

Яллагдагч Б.Ц- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ. ... Ш.Б-тай 2019 оны хавраас хойш уулзаж үеэрхдэг байсан. Тухайн үед Ш.Б- гэртээ ганцаараа байдаг байсан болохоор гэрт нь хааяа очдог байсан. Тэгээд надад нэг мобикомын 9411-тэй өөрийн нэр дээрх дугаараа өгч бариулж байгаад тэр дугаар руугаа байнга залгадаг. Хааяа утсыг нь авахгүй, очихгүй болохоор дугаараа өөрөө хаалгадаг байсан. Тэгээд тэр дугаарыг нь нээлгэх гээд нэг удаа очсон. Тэрнээс хойш нэг удаа очиход тухайн хөөргийг авсан. Учир нь Ш.Б- надад мөнгө, төгрөг өгнө гэж өчнөөн удаа хуураад өгөхгүй байхаар нь сүүлд нь гэрт хамт ороод хамт гарахдаа нууцаар хөөргийг авсан. Тухайн хөөргийг би барьцаанд тавьж 800.000 төгрөг авсан гэжээ. / хавтаст хэргийн 79 дэх тал /

 

Шүүгдэгч Б.Ц-оос 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 79-80 дахь тал /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хавтаст хэргийн 62 дахь тал / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...  2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би ажилдаа явах гээд хөөргөө үзтэл байхгүй байсан. 11 дүгээр сарын 26, 27-нд Б.Ц- манайд ирэхдээ хөөргийг авсан байсан. Миний хөөрөгний мөнгийг 2022 онд багтааж төлөхөөр болсон тул надад гомдол санал байхгүй гэв.

 

Хохирогч Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө Ш.Б- ахын гэрт нь хамт орсон. Түүнд мэдэгдэлгүй шүүгээнээс хөөргийг нь аваад ломбарданд 800.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгөө төлөөгүйгээс авч чадаагүй. Би хохирлын мөнгийг 2022 онд багтаан төлж барагдуулна гэж түүнтэй тохиролцсон. Тухайн үед мөнгөний хэрэг болоод нууцаар хөөргийг нь аваад буцаагаад хийчихье гэж бодсон гэв.

 

Шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод байрлах хохирогч Ш.Б-ы гэрээс түүний 8.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг нууцаар, хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:     ... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 11 дэх тал /,     ...   2021 оны 03 дугаар сарын дундуур цагдаагийн газарт энэ асуудлаар мэдүүлэг өгөх гээд очиход Б.Ц- сууж байсан. Тэрээр над руу залгаад “Би хөөргийг чинь аваад ломбарданд тавьсан. Та өргөдлөө буцаагаад авчих” гэж уйлж унжаад байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ш.Б-ы мэдүүлэг / хавтаст хэргийн 17 дахь тал /,     ...   Ш.Б- ах гэртээ хөөрөг алга болчихлоо 3-4 хоногийн өмнө би хөөргөө үзчихээд буцаагаад хийсэн гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.А-ын мэдүүлэг / хавтаст хэргийн 25 дахь тал /,    ...  2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 800.000 төгрөгний барьцаанд “Шүрэн толгойтой халтар манан хөөрөг” барьцаанд тавьсан. Хэргийн материалд авагдсан надад үзүүлсэн хөөрөг нь манай байгууллагад Б.Ц-ын барьцаанд тавьсан хөөрөг мөн байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.М-ийн мэдүүлэг / хавтаст хэргийн 29 дэх тал /,   ...  “Оюу нуухтай шүрэн толгойтой их гарын усан манан” хөөргийг 8.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний №СБ1-21-1399 дугаартай тайлан / хавтаст хэргийн 43-44 дэх тал /,     ... “...” ХХК-ний барьцаат зээлийн гэрээ / хавтаст хэргийн 47 дахь тал /,    ...  Ш.Б-ы гэрт очихдоо тухайн хөөргийг авсан. Учир нь Ш.Б- надад мөнгө, төгрөг өгнө гэж өчнөөн удаагаад өгөхгүй байхаар нь сүүлд нь гэрт хамт ороод гарахдаа авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн Б.Ц-ын мэдүүлэг / хавтаст хэргийн 79 дэх тал / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ц-т ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ц- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Б.Ц- нь тодорхой оршин суух хаягтай, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 8.000.000 төгрөгийн хохирол учирсан, ажил хөдөлмөр эрхэлдэг, түүний асрамжид бага насны хүүхэд байдаг, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 2 / хоёр / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, өмгөөлөгчөөс тэнсэн харгалзаж өгнө үү гэх санал тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Ц- нь ажил хөдөлмөр эрхэлдэг, түүний асрамжид бага насны хүүхэд байдаг, ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг төлөх боломжтой байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохисгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.  Шүүгдэгч Б.Ц- нь хохирлоо нөхөн төлөөгүй, 2022 онд багтаан 4 хувааж, хохирогч Ш.Б-д учирсан хохирлыг төлнө гэх боловч гэмт хэрэг үйлдсэнээс хойш учруулсан хохирлоос төлөөгүй, цалингаасаа өөр орлогогүй тул хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй тул тэнсэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.  

Мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэсгүүдэд байхгүй, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байна.  

 

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэх шаардлагыг хангахгүй байх тул өршөөл хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ц- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-д олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

6. Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ