Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 0326

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 14 өдөр            Дугаар 128/ШШ2020/0326          Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн А ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. Анармаа нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч. А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн хувьд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн захирамжид дурдсан байдаг. “А” ХХК-ийн нөхцөл байдлын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслэл болгосон байсан. Тухайн захиргааны актад зааснаар 2 үндсэн асуудал байна.

Нийслэлийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоолд газрын кадастр давхцалтай буюу хориглосон газартай давхацсан гэх үндэслэл. Нөгөө нь газрын хэвлий ашигласнаас хойш 3 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэгтэй холбоотой асуудал яригдаж байгаа юм. Тухайн захирамжийн хоёр дээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох болсноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй. Энэ нь захирамжийн 2 дугаар хавсралтад заасан 33  аж ахуй нэгж буюу 15 дугаарт “А” ХХК нь орсон. Газрын  хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т газрын хэвлийг ашиглаж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй гэж заасан байдаг.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох гэдэг нь 2 өөр ойлголт байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох тухай Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна гэж заасан байдаг. Дуусгавар болгох эрх бүхий этгээд нь НЗД бус хуульд зааснаар газрын хэвлий олгосон эрх бүхий байгууллага гэсэн зохицуулалттай. Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “уурхайн эдэлбэр олгосон газрын үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно” гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл уурхайн  эдэлбэр олгосны дараа газрын хэвлий ашиглах тухай асуудал яригддаг. Хэргийн материал дээр уурхайн  эдэлбэр актаа аваагүй гэдэг нь харагддаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамж дээр тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 жилийн хугацаанд ашиглаагүй гэж хугацааг тооцоод гаргасан учраас үндэслэлгүй акт гаргасан гэж тайлбарлаад байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.4-т зааснаар ажлын 10 хоногт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах тухай мэдэгдэл өгөх бөгөөд тусгай зөвшөөрөл цуцлах тухай үндэслэлийг тодорхой заах ёстой байсан. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй буюу захиргааны байгууллагаас эс үйлдэхүйгээр оролцогч этгээдийг эрхийг зөрчсөн юм. Иймд уг мэдэгдэлтэй холбоотой үндэслэлийг зөвшөөрөхгүй талаар нотлох баримтыг гаргах эрхийг хангаагүй гэдэг утгаар захиргааны байгууллага захиргааны актыг үндэслэлгүйгээр гаргасан юм гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А ХХК нь газрын хэвлийг ашиглах зөвшөөрлөө аваагүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбарлалаа. Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно.” гэж заасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтцын хэсгийг” гэж зохицуулсан. Мөн хуулийн 4.1.9-д “уурхайн талбай гэж энэ хуулийн 4.1.7-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;” гэж зохицуулсан. Тус компанид тусгай зөвшөөрлөөр олгохдоо нэгж талбарын дагуу тусгай зөвшөөрлөө авч байгаа. Иймд тусгай зөвшөөрөл олгогдож байна гэдэг нь уурхайн эдэлбэр олгогдож байна гэсэн үг. Иймээс Газрын хэвлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авснаар газрын хэвлий ашиглах эрх нь үүссэн гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НЗД нь түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбоотой тусгай зөвшөөрлийг олгох, сунгах асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын “Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 21.1.5-т заасныг үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар Нийслэлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хийгдсэн хяналт шалгалтаар тухайн аж ахуй нэгжүүдэд холбогдох тусгай зөвшөөрлийг Газрын хэвлийн тухай хуулийн  холбогдох хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу газрын хэвлий ашиглах эрхийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй гэдгийг тухайн аж ахуй нэгж компанийн газар дээр очиж хяналт шалгалт явуулан баталгаажуулсан.

Тусгай зөвшөөрөлтэй талбай гэдэгт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хамгаалалтын бүстэй давхцалтай талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газраас албан бичгээр хүргүүлсэн байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж албан ёсны дагуу үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн А ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “А” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2014 онд Налайх дүүргийн “Элст” нэртэй газарт орших 40.28 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч MV-017569 дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгожээ.

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтаас үзвэл 2018 оны 07 дугаар сарын 04-ний  өдрийг хүртэлх тусгай зөвшөөрлийн 4 дахь жилийн төлбөрөө урьдчилан төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших элсний ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий компаниар 2015 онд хийлгэж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Эрдэс баялаг, мэргэжлийн зөвлөлийн  даргаар батлуулж байжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, “Байгаль орны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам” болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах“ зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэсэн, улмаар НЗДас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй гэх үндэслэлээр нийт 33-н аж ахуй нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2014 онд олгогдсон “А” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-017569 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйгээ өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаас тавьсан шаардлагыг биелүүлж, үйл ажиллагаа явуулаагүй, газрын хэвлийг акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлүүдээр тайлбарлан маргажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэхдээ Ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургийг 1, Энгийн цэгийн солбицлын жагсаалтыг 2, Ундны эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн зургийг 3, Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 4, Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг 5, Эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг 6, Усны сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн зургийг 7 дугаар хавсралтуудаар тус тус тогтоосон бөгөөд “А” ХХК-ийн MV-017569 дүгээр тусгай зөвшөөрөл нь 2016 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор батлагдсан ундны усны энгийн хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хамтарсан шалгалтаар “А” ХХК нь бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчилд улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүргүүлсэн боловч шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байгаа бөгөөд шүүхийн үзлэгээр эдгээр үндэслэлүүд тогтоогдоогүй, хариуцагчаас холбогдох баримтуудыг ирүүлээгүй, харин “тусгай зөвшөөрөлтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрыг хэвлийг ашиглаж эхлээгүй” гэсэн зөрчил үзлэгээр тогтоогдсон.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 34 дүгээр зүйлийн 34.8, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 39.1.6, 39.1.7-д тус тус зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тэдгээрийн хуулбарыг дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд, байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэхээр байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулаагүй ч гэсэн олборлолт явуулахтай холбоотой бусад үйл ажиллагааг явуулж байгаагүй нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар болон 2012 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, 2015 онд хийсэн техник эдийн засгийн үндэслэлээс өөрөөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө зэргийг батлуулж байгаагүй, харин түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөж, газар ашигласны төлбөр төлөгдөж байгаагүй болох нь Налайх дүүргийн төлбөр төлөх график тогтоогдож байх бөгөөд энэ нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэл болно.

Мөн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл бүхий газарт ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлээгүй, эрх бүхий байгууллагаас тодорхой шалтгааны улмаас тухайн компанид газрын хэвлийг хүлээлгэн өгөхөөс татгалзаж байсан болон нэхэмжлэгч компани газрын хэвлийг хүлээн авах талаар хүсэлт гаргаагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн “уурхайн эдэлбэр газрыг акт үйлдэж, хүлээлгэн өгсөн баримт байхгүй байна” гэсэн тайлбараар нотлогдож байна.

Түүнчлэн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “аймаг НЗД тусгай зөвшөөрлийг цуцалсан” нь уг тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгээр энэхүү эрхийг аймаг НЗДд олгожээ.

 Газрын хэвлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т ашигт малтмалын ордыг ашиглах хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно гэж заасанчлан нэхэмжлэгчид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын MV-017569 дүгээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талбайн солбицол бүхий гэрчилгээний хавсралтыг олгосон өдөр буюу 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс тус компанийн газрын хэвлийг ашиглах хугацаа тоологдож эхэлсэн байх бөгөөд мөн хугацаанаас эхлэн НЗД нь нэхэмжлэгч “А” ХХК-ийг Газрын хэвлийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт шалгалт хийх, хуульд заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох зэрэг Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “газрын хэвлийг ашиглах, хамгаалах ажилд хяналт шалгалт хийх”, 4-т “энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй болжээ.

 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ийн 1 дэх хэсэгт зааснаар газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохоор тус тус зохицуулжээ.

            Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж үзэхээр байна. Учир нь Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ” гэж, газрын хэвлий ашиглагч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй”  гэж заасан зөрчлийг гаргасан шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2014 онд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авснаас хойш 3 жилийн дотор хөрснөөс дооших газрын хэвлийг зориулалтын дагуу ашиглаж эхлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тул хариуцагч тусгай зөвшөөрлийг нь цуцалсан нь зөв байна.

Мөн хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан “мэдэгдэх” “сонсгох” үүргээ “...маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсаар 2017 оны 3 сарын 29-ний өдөр мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27, 43  дугаар зүйлд заасан “сонсох”, “мэдэгдэх” ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болох  боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн А ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.14 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг баримтлан “А” ХХК-иас НЗДд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн А ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ

                                                                                ШҮҮГЧ                             М.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧ                             С.ГАНБАТ