| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2016/08008/И |
| Дугаар | 102/ШШ2017/00761 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00761
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00761 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15-151 тоотод оршин суух, Боржигон овогт Ваанчигийн Жавхлантөгс /РД: НБ71112613/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 27-10 тоотод оршин суух, Ар шарнууд овогт Цэндийн Энхбаяр /РД: АЮ63041498/-т холбогдох,
Гэм хорын хохиролд 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, хариуцагч Ц.Энхбаяр, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Жавхлантөгсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүүгийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт: В.Жавхлантөгс би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота приус-11 загварын, 17-93 УНГ улсын дугаартай автомашинаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Өргөө” кино театрын арын “Энхболд”-ын замын уулзварын замын урд талд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад утас дуугарахаар нь зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд мессежээ уншихаар зогссон. Гэтэл миний машины хойноос улсын дугааргүй, Хонда ватос загварын машины жолооч Ц.Энхбаяр согтуугаар ирж машинаараа мөргөсөн. Тухайн үед замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд Ц.Энхбаярын буруутай үйлдэл гэдгийг тогтоосон. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн баруун талд байдаг “Ашид билгүүн” ХХК-иар би машинаа үнэлүүлэхэд эвдрэл нь 700,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шинжээчийн зардал болон энэ үнэлгээгээр тогтоогдсон хохиролд нийт 755,000 төгрөгийн хохирогч В.Жавхлантөгст учирсан боловч Ц.Энхбаяр 100,000 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 500,000 төгрөг болгох боломжтой тул 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Энхбаярын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн алдад найзтайгаа нэг юм уучихаад машинаа бариад “Н.Энхбаяр”-ын зам хүрэх гээд “Өргөө” кино театрын ард 20-30 км/цагийн хурдтай явж байгаад 17-93 УНГ улсын дугаартай, Тоёота приус-11 машины буруу талаас аажуухан мөргөсөн. Жолооч нь гарч ирээд надаас шууд 1 сая төгрөг нэхсэн, би үгүй гэхэд 750,000 төгрөг нэхсэн. Ингээд 2 хоногийн дараа Баянгол дүүргийн Замын цагдаагийн газраас дуудсан. Уг машиныг үнэлүүлэхэд 700,000 төгрөгөөр үнэлүүлсэн байсан. Дахин үнэлүүлэх хүсэлт гаргахад мөрдөн байцаагч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Миний машиныг журмын хашаанд 54 хоног байлгасан ба би 317,000 төгрөг төлж машинаа авсан. Нэхэмжлэгчид 450,000 төгрөгийг өгье гээд хүүхэдтэйгээ очиход үгүй 700,000 төгрөгийг авна гэсэн. Би гүперийн засуулаад өгье гэхэд В.Жавхлантөгс зөвшөөрөөгүй гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Жавхлантөгс нь хариуцагч Ц.Энхбаярт холбогдуулж гэм хорын хохиролд 755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харуцагч Ц.Энхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн үед өөрийн эзэмшлийн “Хонда ватос” загварын, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Өргөө” кино театрын арын “Энхболд”-ын замын уулзварын замын урд талд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: Б/ Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, мөн дүрмийн 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.11-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас зорчих хэсгийг 1 дүгээр эгнээнд зогсож байсан В.Жавхлантөгсийн эзэмшлийн “Тоёота приус-11” загварын, 17-93 УНГ улсын
дугаартай тээврийн хэрэгслийг ардаас нь мөргөж, 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч П.Пунсалдуламын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэх хуудас, Зөрчлийн талаар В.Жавхлантөгс, Ц.Энхбаяр нарыг асуусан тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1483 дугаар Авто техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч В.Жавхлантөгс нь хариуцагч Ц.Энхбаяраас гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа машины эвдрэлийн шинжээчийн тогтоосон үнэлгээ 700,000 төгрөг, шинжээчид төлсөн 55,000 төгрөг, нийт 755,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү нь хариуцагчийн төлсөн 100,000 төгрөгийг хасаад, мөн нэхэмжлэлийн шаардлагаа 155,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 500,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж заасантай харшлахгүй. Нэхэмжлэгч В.Жавхлантөгс нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүүд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон нь хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Итгэмжлэл”-ээр тогтоогдож байна.
Хариуцагч Ц.Энхбаяр нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг зөвшөөрөхгүй, 400,000 төгрөгийг төлөх боломжтой гэх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иймд хариуцагч Ц.Энхбаяраас 500,000 төгрөг гаргуулж, хариуцагч В.Жавхлантөгст олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Энхбаяраас гэм хорын хохиролд 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Жавхлантөгст олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,670 /хорин хоёр мянга зургаан зуун далан/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ Б.АЗБАЯР
Н.ХАНГАЛ