Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01750

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Ногооны 1-30 дугаар байрны 17 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Цагаан дашаа ургийн овогтой Ширнэнгийн Сэржмядаг /РД:ЦД62072061/-ийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Сэржмядаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Сэржмядаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Сэржмядаг миний бие 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ногооны комбинатын 1 дүгээр ангид ногоочноор ажилласан. 1992 онд манай комбинат “Баянтуул” ХК болж өөрчлөгдсөн. Миний ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр болон баримтыг шүүлгэж үзэхэд ямар баримт огт гарч ирэхгүй байгаа юм. Надад одоо өгөх ямар нэг баримт байхгүй. Би тэтгэврээ тогтоолгох нас болсон боловч миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлын талаар баримтгүй болсон байна. Иймд намайг 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ногооны комбинатын 1 дүгээр ангид ногоочноор ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Сэржмядаг нь 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ногооны комбинатын 1 дүгээр ангид ногоочноор ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Сэржмядаг нь 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ногооны комбинатын 1 дүгээр ангид ногоочноор ажиллаж байсан болох нь түүнийг МАХН-ын ХIХ их хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, БНМАУ-д атар газар эзэмшсний 30 жилийн ойг угтсан уралдаанд өндөр амжилт гаргасныг тэмдэглэж 1989 оны 11 сарын 18-ны өдөр шагнасан баярын бичиг, 1990 оны 12 сарын 28-ны өдөр, 1991 оны 07 сарын 06-ны өдөр тус тус Ногооны комбинатын намын хорооноос шагнасан Баярын бичиг, ажиллаж байх үеийн фото зураг, шүүхэд гэрч Д.Бадамраа, Г.Оюун нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүх ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Сэржмядагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хангаж, 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ногооны комбинатын 1 дүгээр ангид ногоочноор ажилласан байсныг тогтоож шийдвэрлэв.