Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

2022      03        14                                            2022/ШЦТ/93

                                   

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч *******

Улсын яллагч Х.Насанжаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2221000000009 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багт н.Шинэбаяр гэх хүний үхрийг малладаг байсан, ам бүл 1, Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар баг Цагаан хошуу гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гудрах баян” гэх газарт байх Б.Одбаярын гэрт Г.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж орчим нь хутгалж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Бид нарын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 07 цагийн үед үхрээ хураагаад, адуу урд дор байхаар нь хойш нь хөөгөөд орхисон. Тэгээд үдээс хойш 13 цагийн үед манай тэнд bongo маркийн машин хонин дээр байхаар яваад очиход Жавхлантөгс, Нямаа, Мөнхбаатар ах нар байсан. Тэгээд талийгаач надаас манай адууг харсан уу, Мөнхбаатар ах нэг даага барина гэнэ гэхэд нь адуу чинь энэ урд доор байсан гэж хэлэхэд та мотоциклоо өгчих би адуугаа хураагаад ирье гэсэн.  Тэгээд мотоцикл аваад явахаар нь би  машинд суугаад явсан. Аргамжаагийн хажуу айлын Доржням ахынхаас адуу авах ёстой байсан. Ням-Эрдэнэ нэг шил архи гаргахаар нь тэрийг уугаад адуугаа ачаад буцаад очиход Жавхаа ирсэн байсан. Тухайн үед би нэлээд халсан байсан. Жавхаа та яагаад худлаа яриад байгаа юм бэ, адуу хол байсан байна шүү дээ, булаг дээр байхгүй байна гэхээр нь байлгүй яахав дээ бүх адуу тэнд байсан гэж хэлээд муудалцаж ийм зүйл болсон. Энэ үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...  Талийгаач Жавхлантөгс нь миний ганц хүү, би гурван охинтой. Ид юм хийж бүтээх насан дээрээ хүний гарт амь үрэгдчихлээ. Ганц сайхан хүүг минь юунаас болж ингэснийг мэдэхгүй байна. Шүүгдэгчийг урьд нь өс санаж байсан гэж бодож байна. Би маш их гомдолтой. Урд энгэрт хэвтүүлнэ, өөрөө чадахгүй бол хүнээр алуулна гэж хэлж байгаагаас нь харвал санаатайгаар миний хүүг алсан гэж үзэж байна. Хүнийг айлгах гэж хатгахдаа зүрхийг нь олж хатгана гэж байхгүй. Шүүгдэгчийн хамаатан, садангаас хэн нь ч ирж бид нараас уучлалт гуйгаагүй. Хэн нь ч ирж манай ар гэртэй уулзаагүй. Хүн чанаргүй хүмүүс байдаг юм байна. Шүүгдэгчийг өсгөсөн гэх ах, эгч хоёр нь байгаа ч энэ хүндээ санаа тавьдаггүй юм байна. Надтай уулзаж, уучлалт гуйгаагүй. Хүний сайхан хүүгийн амь насыг бүрэлгэчихээд ах, дүү  нь ирээд уучлалт гуйж чадахгүй, тийм л чадваргүй хүмүүс байна. Бид нартай ерөөсөө уулзалдаагүй байж, шүүх хурал зарлагдахад шүүгдэгчийн ээжийнх нь ахынх нь хүүхэд гэх Эрдэнэхүү надтай холбогдоод шүүгдэгчийн араас ах, дүү нар нь явахгүй юм байна, би хохирлоос нь бага ч гэсэн төлөх гэсэн юм  гээд эхлээд 1,000,000 төгрөг, үдийн хойно 500,000 төгрөг, өчигдөр 500,000 төгрөг шилжүүлж хохирлоос нийт 2,000,000 төгрөг  төлж барагдуулсан. Миний хүү тухайн үед согтолтын зэрэг өндөртэй, биеэ хамгаалах чадваргүй байсныг нь далимдуулж зүрхийг нь олж хутгална гэдэг нь санаатай хүнийг алсан гэж үзэж байна...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийг гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Насанд хүрээгүй гэрч О.Ихбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим би Гурванзагал сумын 2 дугаар баг “Гудрах баян” гэх газарт өөрийнхөө өвөлжөөний байшинд найз Түвшинбаярын хамтаар байсан. Тэр үед гаднаас манай аавын найз Г.Жавхлантөгс ах халамцуу байдалтай орж ирсэн. Тухайн үед мотоциклтой ганцаараа манайд ирсэн. Г.Жавхлантөгс ахыг орж ирснээс хойш 10 орчим минутын дараа гаднаас аавын найз *******, Д.Мөнхбаатар, Д.Нямаа, Ө.Өнөө гэх ах нар аавтай цуг орж ирээд адуу ачих ажлынхаа талаар ярилцаж байгаад адуугаа ачихаар бөөндөө гараад явсан.  Харин ******* ах гаралгүй гэрт суугаад үлдсэн. Тухайн үед ******* ах нэлээн халамцуу байдалтай байсан. Тэгээд Г.Жавхлантөгс ах өврөөсөө 0.75 литрийн задалчихсан Хараа нэртэй архи гаргаж ирээд ******* ахтай цуг буйдангийн баруун талын том ширээн дээр суугаад ууж эхэлсэн. Архи ууж байх явцдаа *******, Г.Жавхлантөгс хоёр хамт аймгийн төв рүү явах талаар ярьж байсан. ******* ах би өглөө үхэртээ явахдаа танай адууг чинь булгийн урд дээр хураачихсан байгаа гэж хэлсэн. Гэтэл Г.Жавхлантөгс ах чи бас муухай худлаа шаах юм аа, булгийн урд дээр ямар ч адуу байхгүй байна лээ шүү дээ, чи ер нь дандаа худлаа шааж байх юм гэж хэлэхэд ******* ах хэн худлаа шаасан юм, би хэзээ худлаа шааж байсан юм гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Хэрэлдэж байх явцад ******* ах би чамайг энэ урд талын хүн тавьдаг газарт хэвтүүлнэ ээ за, чи харж байгаарай, би өөрөө чаддаггүй юм бол хүнээр заавал алуулна гэж Г.Жавхлантөгс ахад хэлсэн. Тэгэхэд Г.Жавхлантөгс ах уурлаж сандлаасаа босож ирээд Г.******* ахын энгэрээс нь заамдаад чи чадах уу гэж хэлэхэд ******* ах зөрүүлж Г.Жавхлантөгс ахыг заамдаж тэр хоёр хоорондоо барьцалдсан. Тэр үед манай уясан морийг унадаг Тулгаа аавыг дуудахаар гадагшаа гүйж гарсан. Барьцалдаж байхдаа Г.Жавхлантөгс ах эхэлж ******* ахын нүүрэнд нь 1 удаа зангидсан гараараа цохихоор нь би найз Түвшинбаярын хамтаар тэр хоёрын барьцалдааныг салгасан. *******, Г.Жавхлантөгс ах хоёр барьцалдаж байх явцдаа манай том ширээний салдаг байсан 1 хөлийг нь унагачихсан. Тэгээд би найз Түвшинбаярын хамтаар ширээнийхээ хөлийг нь буцаагаад хийж байтал ******* ах чи намайг барахгүй шүү гэхэд Г.Жавхлантөгс ах зөрүүлээд би чамайг ганц л цохино гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд болихгүй байсан. Хэрэлдэж байх явцад ******* ах ширээн дээр байсан шар бариултай хутгыг аваад Г.Жавхлантөгс ахын цээжинд нь 1 удаа хутгалчихсан. ******* ах Г.Жавхлантөгс ахыг хутгалчихаад баруун гартаа хутгаа барьсан байдалтай хойшоогоо ухарч алхсан. Тэр үед Г.Жавхлантөгс ах цээжээ гараараа тэмтэрч үзээд хутгалдаг аан гэж уулга алдаад түшлэгтэй хүрэн модон сандал дээр суух үед гаднаас манай аав Одбаяр орж ирээд та хоёр гэрт хүүхдүүдийн хажууд яагаад архи ууж, зодолдоод байгаа юм гэж хэлсэн. Тэр үед манай найз Түвшинбаяр аавд ******* ах сая Жавхлантөгс ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд аав маань Г.Жавхлантөгс ахын цамцыг нь дээш сөхөж үзэж байгаад хутгалчихсан байна шүү дээ гээд уулга алдсан. …би ******* ахыг том ширээний хажуу талын сандал дээр суулгаад түүний гараас хутгыг нь салгаж аваад ширээн дээр тавьсан. Тухайн үед Г.******* ах огт юм ярихгүй, шоконд орсон байдалтай Г.Жавхлантөгс ахыг гөлрөөд харж байсан. ...аав намайг эмнэлэг дууд гэж хэлсэн бөгөөд би эхэлж аймгийн төвийн 103 утас руу ярьж, дараа нь сумын төвийн эмнэлэгт дуудлага өгсөн. …аав гадаа адуу ачиж байсан машинд Г.Жавхлантөгс ахыг, *******, Өнөө ах хоёртой цуг суулгаад сумын төв рүү явуулсан. Г.Жавхлантөгс ахыг гэрээс аав, би, Түвшинбаяр, Өнөө ах бид дөрөв түүний 4 талаас өргөж машинд суулгасан бөгөөд тэр үед Г.Жавхлантөгс ах ухаангүй, хурхираад сул амьсгалж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

Насанд хүрээгүй гэрч Г.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим би найз Ихбаярын гэрт нь түүнтэй хамт хоол хийх гээд сууж байсан юм. Тэр үед Ихбаярын аав Одбаярын найзууд нь гэх 4 танихгүй хүн Гурванзагал сумын төвөөс Bongo-3 машинтай ирсэн бөгөөд Одбаяр ахтай юм ярьж байгаад бөөндөө адуу ачихаар гараад явсан. Гэр дотор аавынх нь найз Г.Жавхлантөгс, ******* гэх хоёр халамцуу хүн үлдээд гал тогооны шүүгээний урд талын том ширээнд суугаад хамт архи уусан. Тэр хоёр 0.75 литрийн Хараа архи уусан. Архи ууж эхлэхдээ хоорондоо зүгээр юм ярилцаад эвтэй сууж байсан.  Сүүлдээ архиндаа согтоод маргалдаж эхэлсэн. ******* ах би танай адууг чинь булгийн ойролцоо хураасан гээд Г.Жавхлантөгс ахад хэлэхэд Г.Жавхлантөгс ах битгий шаагаад бай, намайг булгийн хажууд очиж харахад ямар ч адуу байгаагүй гэж хэлсэн. ******* ах адуу чинь хөлтэй амьтан, явдаг юм байгаа биз дээ, та нар ер нь дандаа яахаараа намайг ингэж, дээрэлхэж байдаг юм гэж хэлсэн. Тэгээд *******, Г.Жавхлантөгс хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэр хоёр согтуу байсан учраас хэл яриа нь ээдрээд яг юу хэлж байгаа нь надад сайн ойлгогдоогүй. Хэрүүл нь сүүлдээ нэлээд хурцдаад Г.Жавхлантөгс ах сандлаасаа босож ирээд ******* ахыг заамдаад авсан. ******* ах ч гэсэн зөрүүлж Г.Жавхлантөгс ахыг заамдсан. Заамдалцаж байх явцад Г.Жавхлантөгс ах эхэлж ******* axын нүүрэнд нь 1 удаа зангидсан гараараа цохисон. Тэгэхэд ******* ах Г.Жавхлантөгс ахыг түлхсэн ба Г.Жавхлантөгс ах ар нуруугаараа том ширээг мөргөж, ширээний зүүн урд талын хөл салчихсан. Г.Жавхлантөгс ах салсан ширээний хөлийг авч ******* ах руу далайгаад чи намайг барахгүй шүү гэж хэлсэн. Тэр үед би Г.Жавхлантөгс ахын араас түүнийг татаж, чирч ******* ахаас холдуулаад түүний гарт байсан ширээний хөлийг салгаж авсан. Ихбаяр харин ... ******* ахын араас нь татаж, чангаагаад бид хоёр тэр хоёрын зодооныг нь тасалж, салгасан. Зодооныг салгасныхаа дараа Ихбаяр бид хоёр салсан ширээнийхээ хөлийг угсарч хийх үед Г.Жавхлантөгс, ******* хоёр хоорондоо хэрэлдээд болихгүй чи намайг барахгүй, чаддаг юм бол барчихаарай, барна харах уу гэх мэтээр нэг нэгийнхээ хор шарыг малтаж, басаад хэрэлдэж байсан. Тэгж хэрэлдэж байгаад гэнэт ******* ах Г.Жавхлантөгс ахын цээж рүү нь 1 удаа хутгалчихсан. Г.Жавхлантөгс ах хутгалдаг аан гэж хэлсэн. ...би айгаад Г.Жавхлантөгс ах руу  очоод түүний хажуу талаас нь түшээд  сандал дээр суулгасан. Тухайн үед Г.Жавхлантөгс ахын хар өнгийн юүдэнтэй цамц нь цээж хэсэгтээ цоорчихсон байсан. Цамцнуудыг дээш нь сөхөөд хартал гэдэс нь цус болчихсон байсан ба зүүн хөхнийх нь доод талд 2 хуруу зайтай газарт зүсэгдчихсэн байдалтай, жаахан өөх ил гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч Б.Одбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг гадаа адуу ачиж байх үед манай гэр дотор хүү Ихбаяр, хүүгийн найз Түвшинбаяр унаач хүүхэд Тулгаа болон манай найз *******, Г.Жавхлантөгс нар байсан. Тухайн үед *******, Г.Жавхлантөгс хоёр хоёулаа халамцуу байсан.  Гэрт архи уугаад байж байсан гэсэн. Ингээд адуу ачиж байх үед манай хурдан морийг унадаг Тулгаа гэрээс гүйж гарч ирээд ахаа гэр дотор Г.Жавхлантөгс ах ******* ах хоёр хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаа орхиод гэр рүүгээ яваад ортол Г.Жавхлантөгс зурагтын хойд талын сандал дээр сууж байсан. ******* том ширээний хажууд талын сандал дээр сууж байсан. ... би тэр хоёрт та хоёр чинь яагаад хүүхдийн хажууд, гэрт зодолдоод байгаа юм бэ гэхэд манай хүүгийн найз Түвшинбаяр ******* ах Г.Жавхлантөгс ахыг хутгалчихсан гэсэн. Би Г.Жавхлантөгс рүү дөхөж очоод түүний цамцыг нь сөхөөд хартал зүүн хөхнийх нь доод талд зүсэгдсэн шархтай, түүнээс нь бага зэргийн цус гарч байсан. Би хүү Ихбаяраар аймгийн төвийн түргэн тусламж болон сумын эмнэлэг рүү дуудлага өгүүлсөн. Тэгээд Г.Жавхлантөгсөөс чи гайгүй юу гэхэд Г.Жавхлантөгс ухаантай хэрнээ юм ярихгүй, хойшоогоо сандлын түшлэг налаад суугаад байсан. Би *******ээс чи яаж байгаа юм гэж асуухад юм ярихгүй, дуугүй суугаад байсан. Гадаа адуу ачиж байсан машиныг гэрийн гадаа ирүүлээд Г.Жавхлантөгсийг, *******, Өнөө, Д.Эрдэнэням нарын хамтаар машинд суулгаад сумын төв рүү явуулсан. Г.Жавхлантөгс манайхаас гарахдаа ухаангүй байдалтай, хэржигнээд сул амьсгалж байсан. Хутгалуулснаас хойш ихдээ л 10 минутын дотор түүнийг машинд суулгаад сумын төв рүү явуулсан. Тэд нарыг явсны дараа би гэртээ ороод хүү Ихбаяраас юу болсон талаар асуухад ******* ах Г.Жавхлантөгс ахтай хэрэлдэж байгаад түүний цээжинд нь шар бариултай хутгаар хутгалчихсан гэж хэлээд ширээн дээр байсан хутга руу заасан. Тэр хутгыг нь би цагдаа нарт хураалгана гээд хүүхдүүдийн гар хүрэхээргүй аяганы шүүгээний дээд талд  тавьсан. Орой 17 цагийн орчим сумын төв эмнэлэг рүү утсаар ярихад Г.Жавхлантөгс эмнэлэг дээр ирэхдээ нас барчихсан ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

Гэрч Д.Эрдэнэнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Доржнамжин ахын гэрт нь Доржнамжин ах, Мөнхбаатар ах, ******* гурав нэг шил архи уусан. Би уг архинаас уугаагүй. Үдээс хойш 15 цагийн орчим Мөнхбаатар ах, ******* бид гурав жолооч Энхжаргалын хамтаар түүний машинтай  Одбаяр гэх айл руу адуу авахаар очсон. Намайг Одбаярын гэр рүү ороход Одбаяр, хүү Ихбаяр болон хүүгийнх нь найз гэх нэг хүү, морь унадаг гэх бас хүү болон Г.Жавхлантөгс нар байж байсан. Тэгээд би адуугаа ачихаар тэдний хашаа руу явсан. Тэдний гэрт *******, Г.Жавхлантөгс хоёр хүүхдүүдийн хамтаар үлдсэн. Тухайн үед *******, Г.Жавхлантөгс хоёр архи уучихсан бага зэргийн халамцуу байдалтай сууж байсан. Бид нарыг гадаа адуу ачиж байтал нэг хүүхэд гарч ирээд гэр дотор хоёр ах зодолдоод байна гэж Одбаярт хэлсэн. Тэгээд Одбаяр гэр рүүгээ орсон ба төд удалгүй Ихбаярын найз Түвшинбаяр гэх хүү гарч ирээд ******* ах Г.Жавхлантөгс ахыг хутгалчихсан, яаралтай сумын төв явах хэрэгтэй байна, Одбаяр ах та нарыг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би Өнөрөө, Мөнхбаатар ах хоёртой тэдний гэр рүү  ортол Г.Жавхлантөгс газар шалан дээр доошоо хараад ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэр үед Одбаяр надад сумын төвөөс түргэн тусламж гарсан, Г.Жавхлантөгс нэлээн муудчихлаа, та хэд яаралтай машиндаа суулгаад сумын төв руу аваад яв, цаг хожъё гэж хэлсэн. ...Замд Г.Жавхлантөгсийн толгойг нь түшээд явж байхад бие нь хөрж байх шиг байсан. Бид нар “Айраг"-ийн дунд талын замаар явсан боловч замдаа сумын түргэн тусламжийн машинтай зөрчихсөн. Орой 17 цагийн орчимд сумын эмнэлэгт ирээд Г.Жавхлантөгсийг оруулж өгсөн. Тухайн үед Г.Жавхлантөгс ухаангүй, амьсгалахгүй, бие нь бараг хөрчихсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаартай дүгнэлтэнд:

1. Амь хохирогч Г.Жавхлантөгсийн цогцост цээжний зүүн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийн урд ханын хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн талын цээжний хөндийн цус хуралдалт,  духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Цээжний зүүн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийн урд ханын хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн талын цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, духанд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Цээжний зүүн хажуу хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийн урд ханын хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн талын цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духанд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Амь хохирогч нь цээжний зүүн хажуу хэсэг, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийн урд ханын хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн талын цээжний хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ.

5. 6. Цусанд 3,7% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогч нь нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Амь хохирогч нь нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ.  /хх-ийн 67-70/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дугаартай:

1.2.3.4.5. *******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 75-76/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэнд:

1. Амь хохирогч Г.Жавхлантөгсийн үхэх үедээ өмсөж явсан хар өнгийн юүдэнтэй цамцны доод зах ирмэгийн оёдлоос дээш 36 см, цахилгаанаас зүүн тийш 6 см зайд 15 см урттай хөндлөн гэмтэл, хүрэн өнгийн ноосон цамцны зүүн мөрний оёдлоос доош 25 см, зүүн хажуу оёдлоос 30 см зайд 1.5 см гэмтэл, цэнхэр өнгийн ноосон цамцны зүүн мөрний оёдлоос доош 27 см, зүүн хажуу оёдлоос 20 см зайд 1.5 см гэмтэл, саарал өнгийн футболкны зүүн мөрний оёдлоос доош 27 см, зүүн хажуу оёдлоос 18 см зайд 1.5 см тус тус гэмтлүүд байх ба тус гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна.

2. Хар өнгийн юүдэнтэй цамц, хүрэн өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболконд байх гэмтлүүд нь хутгаар хатгагдаж, зүсэгдэх үед үүсэх боломжтой.

3. Хутгаар зүсэгдсэн байж болох зүсэгдэлтүүд нь хувцасны цээжний зүүн хэсэгт байрлаж байна.

4. Дээрх хувцсанд үүссэн зүсэгдэлтийн байрлал нь амь хохирогч Г.Жавхлантөгсийн цээжний зүүн хажуу, зүүн хөхний доод талд хатгагдаж, зүсэгдсэн шархны байрлалтай таарч байна. Хар өнгийн юүдэнтэй цамц, хүрэн өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболконд үүссэн зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн шар бариултай хутгаар үүсгэсэн байх боломжтой. Шар бариултай хутганы ажлын хэсгийн өргөн хар өнгийн футболк, улаан өнгийн ханцуйтай цамцанд үүссэн зүсэгдэлтийн хэмжээ нь амь хохирогч Г.Жавхлантөгсийн цээжний зүүн хажуу, зүүн хөхний доод талд үүссэн хатгагдаж, зүсэгдсэн шархны хэмжээтэй тохирч байна гэжээ. /хх-ийн 81-83/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дугаартай дүгнэлтэнд:

1. ******* нь сэтгэц эрүүл.

2.  ******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хэрэг үйлдэх үедээ архи хэтрүүлэн хэрэглэсэн байх тул хэрэг хариуцах чадвартай байсан байна.

3. ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай гэжээ.  /хх-ийн 91/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-55/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 09-20/

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23/

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29,

            Гэрч Я.Батнасангийн мэдүүлэг /хх-ийн 47-49/

            Гэрч А.Алтан-Очирын мэдүүлэг /хх-ийн 50/

            Г.Жавхлантөгсийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-66/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128/

            Хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 127, 129-130/

            Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 132-149/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

 

Эд  мөрийн баримтаар:  Шар өнгийн пивор бариултай, нийт 19 см урттай хутга нэг ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Гудрах баян” гэх газарт байх Б.Одбаярын гэрт Г.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээж орчим нь хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Ихбаяр, Г.Түвшинбаяр, гэрч Б.Одбаяр, Д.Эрдэнэням нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8 тоот дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч ******* нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч *******н   “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлт  нь үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар  маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын  зөвлөх Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүнийг  алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нь шүүгдэгч *******ийг өс хонзонгийн сэдэлтээр хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан тул хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцдэг.

 

Хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод бага насны эсхүл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг хамааруулна. Өөрөөр хэлбэл, согтуурсан эсэх, согтуурсан хэр хэмжээг анагаахын шинжлэх ухаанаар тодорхойлох боломжтой боловч хохирогч согтуурсны улмаас идэвхтэй үйлдэл хийх чадваргүй, өөрийгөө хамгаалах боломжгүй болсон нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр тодорхойлно. Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэг нь хохирогч бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй үйлдэл бүхий эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ойлгож мэдсэн бөгөөд тэрхүү нөхцөл байдлыг далимдуулж буюу зориуд ашиглан хүнийг алсан ухамсарт үйлдлээр илэрнэ.

Хохирогч Г.Жавхлантөгс нь амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой байсан болох нь хэрэгт авагдсан Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 8 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон боловч тухайн хэрэг гарах үед тэрээр идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж, шүүгдэгчтэй марган агсамнаж, хэрүүл маргаан үүсгэж байсан болох нь насанд хүрээгүй гэрч О.Ихбаярын: “...Тэр үед гаднаас манай аавын найз Г.Жавхлантөгс ах халамцуу байдалтай орж ирсэн. ... Тухайн үед ******* ах нэлээн халамцуу байдалтай байсан. … Г.Жавхлантөгс ах өврөөсөө 0.75 литрийн задалчихсан Хараа архи гаргаж ирээд ******* ахтай цуг ууж эхэлсэн. ...******* ах би өглөө үхэртээ явахдаа танай адууг чинь булгийн урд дээр хураачихсан байгаа гэж хэлэхэд Г.Жавхлантөгс ах чи бас муухай худлаа шаах юм аа, булгийн урд дээр ямар ч адуу байхгүй байна лээ шүү дээ, чи ер нь дандаа худлаа шааж байх юм гэж хэлсэн.  ******* ах хэн худлаа шаасан юм, би хэзээ худлаа шааж байсан юм гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. ...Г.Жавхлантөгс ах уурлаж сандлаасаа босож ирээд Г.******* ахын энгэрээс нь заамдаад чи чадах уу гэж хэлсэн. Тэр үед ******* ах ч гэсэн зөрүүлж Г.Жавхлантөгс ахыг заамдаж тэр хоёр хоорондоо барьцалдсан… Барьцалдаж байхдаа Г.Жавхлантөгс ах эхэлж ******* ахын нүүрэнд нь 1 удаа зангидсан гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Түвшинбаярын “...Гэр дотор аавынх нь найз Г.Жавхлантөгс, ******* гэх хоёр халамцуу хүн үлдээд хамт архи уусан. Сүүлдээ архиндаа согтоод маргалдаж эхэлсэн. ******* ах би танай адууг чинь булгийн ойролцоо хураасан гээд Г.Жавхлантөгс ахад хэлэхэд Г.Жавхлантөгс ах битгий шаагаад бай, намайг булгийн хажууд очиж харахад ямар ч адуу байгаагүй гэж хэлсэн. Хэрүүл нь сүүлдээ нэлээд хурцдаад Г.Жавхлантөгс ах сандлаасаа босож ирээд ******* ахыг заамдаад авсан. ******* ах ч гэсэн зөрүүлж Г.Жавхлантөгс ахыг заамдсан. Заамдалцаж байх явцад Г.Жавхлантөгс ах эхэлж ******* axын нүүрэнд нь 1 удаа зангидсан гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...маргаан болж байхад бид 2 хоёулаа согтуу байсан учраас хэн хэнийгээ адилхан хэл амаар доромжилсон. Г.Жавхлантөгс согтуурхаад  чамайг алчихана шүү муу банди минь, чи муу хоёрын хоёр эхийнхээ толгойг залгисан болохоор одоо болтол эхнэргүй явж байгаа биз дээ гээд намайг доромжлоод байсан. ...Тэгээд бид хоёрын хэн хэнийх нь тэвчээр алдагдсан ба Г.Жавхалантөгс эхлээд намайг сууж байхад заамдаж аваад миний нүүр рүү 1 удаа зангидсан гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 122 хуудас / зэргээр нотлогдон тогтоогдож байх тул амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж алсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2221000000009 дугаартай хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан  *******  овогт ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11  жилийн  хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяа нь оршуулгын зардалд 12,597,063 төгрөг, амь хохирогчийн цалингийн болон бусад зээл 7,910,800 төгрөг нийт 20,507,863 нэхэмжилжээ. Үүнээс шүүгдэгч ******* нь 2,000,000 төгрөг төлсөн байна.

Шүүх хохиролтой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлахад оршуулгын зардалтай холбоотой 11,330,563 төгрөгийн баримт ирүүлжээ. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж шүүгдэгч *******ээс 9,330,563 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн цалингийн зээл 7,500,000 төгрөг, Соно аппликейшнээс авсан зээл төлсөн 410,800 төгрөг нийт 7,910,800 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтанд хамаарахгүй байна. Иймд амь хохирогчийн зээлийн төлбөр 7,910,800 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалтай холбоотой хохирлоос үлдсэн 1,266,500 төгрөгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялд оруулан тооцно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн шар өнгийн пивор бариултай, 19 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг 11 /арван нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 11 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардалд 9,330,563  төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхтуяад олгож, хохирогчийн цалингийн зээл 7,500,000 төгрөг, бусад зээлийн төлөлт 410,800 төгрөг нийт 7,910,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн пивор бариултай, 19 см урттай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА

                                                     ШҮҮГЧИД                        Л.БАТЖАРГАЛ

           П.ПАГМА