Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

 

2022        03         18                                             2022/ШЦТ/95

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржон овогт Баяраагийн Мөнхтөрд холбогдох эрүүгийн 2221000060052 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ******* 18-17 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг, мөн хуулийн 147 дугаар зүйлийн  147.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 14 хоногийн ялыг өршөөн хасаж сулласан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2З2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувийн групптэй, хэрэг хариуцах чадвартай, Боржон овогт Баяраагийн Мөнхтөр.*******

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 25-06 тоот гэртээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчимд хохирогч Б.Шинэтулгатай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зүүн шанаан тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн 8 дугаар шүд дайрсан далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид баримтаар гаргаж өгсөн зардлыг төлнө...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн орой миний хүү хүнд зодуулаад ирэхэд нь анзаараагүй, ээж нь 00-н өрөө рүү оруулж цусыг нь угаасан. Тэр үед цус нь тогтохгүй байсан гэсэн. Маргааш ээж нь хүүг дагуулаад өрхийн эмнэлэгт үзүүлэхэд, урд эмнэлэг рүү очиж үзүүл гэсэн байсан. Эрүү, нүүрний мэс заслын тасагт үзүүлэхэд зургийг нь авахуул гэхээр нь зургийг нь авахуулаад эмчдээ дахин үзүүлэхэд Улаанбаатар хот руу яаралтай явах шаардлагатай гэж хэлсэн. Ингээд Улаанбаатар хотод очоод Одонбаатар гэх эмчээр эрүүг нь хадуулж, мэс засал хийлгэсэн. Тэр хагалгаатай холбоотой баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Миний хүүг хагалгаанд орсноос 2 хоногийн дараа ******* нь эхнэр юм уу, эгчтэйгээ манайд очиж зээ охин болон хүүхдүүдийг минь ална гэж айлгасан байсан. Цагдаа дээр хэрэг шалгагдаж байх хугацаанд учраа олбол олж болох л байсан, би хүний мууг үзэх гээгүй. Энэ хүүхэдтэй уулзах талаар эгчид нь хэлж байсан, өөрөө эрж сураад ч олоогүй, мөн би мөрдөн байцаагчид нь энэ хүүхдийг надтай уулзуулаад өгөөч гэж хэлж байсан. Би хүүгээсээ чамайг хэн зодсон бэ гэж асуухад 25 дугаар байшинд Төрөө гэж хүн зодсон гэсэн. Өлзийбаярын Баяраа гэж манай хүргэн байсан залуу энэ *******ийн найз юм билээ. Тэгээд Баяраа надад Төрөө танай хүүг зодсон гэж  хэлэхэд нь би энэ хүн гэдгийг мэдсэн. ...Тэгээд би хүүгээсээ чи хүн гүжирдээгүй биз дээ гэхэд үгүй Төрөө ах намайг зодоод, газарт унангуут дээрээс дэвсэж зодсон гэсэн. Одоо чи миний хүүг ямар байдалтай байгааг хараагүй, мэдэхгүй байна. Эрүү, ам нь гэмтсэнээс болж унаж татдаг нь улам ихсэж, хаашаа явсан нь мэдэгдэхгүй 5 хоног болж байна. Сэтгэцийн өвчтэй хүнийг зоддог нь чиний буруу, би хүний хүүхдийг шоронд хийхийг хүсээгүй. Би өөрөө адилхан хүүхэдтэй хүн. Мөрдөн байцаагчид хэлээд чамтай уулзъя гэсэн боловч чи ирээгүй, олдоогүй нүүгээд явсан байсан. Чи бие муутай ч гэсэн миний хүү шиг сэтгэцийн өвчтэй биш, эрүүл юм байна. Миний хүү болон миний хохирлыг барагдуулаад өгвөл өөр зүйл байхгүй. Би өргөдөл дээрээ тодорхой бичсэн байгаа, тухайн үед хагалгаа хийлгэсэн эмч нарынхаа гарыг цайлгасан, 10 сарын тэтгэврийн зээл авч хүүгийнхээ эмчилгээ болон замын зардал, Улаанбаатар хотод байрласан байрны төлбөр  гээд нийт 3,200,000 төгрөг зарцуулсан тул энэ мөнгөө нэхэмжилж байна. Миний хувьд гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч Б.Шинэтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхтөр ахын гэрт ороход Мөнхтөр ах 2 хүнтэй архи уугаад сууж байсан. Мөнхтөр ах надад байсан 6,000 төгрөгийг авчихаад өгөхгүй, мөнгөө авъя гэхэд гэрт байсан хүмүүс хоорондоо дамжуулаад байсан. Би мөнгөө авах гэж нэлээн удаан хөөцөлдөж байтал гэнэт Мөнхтөр гэх хүн баруун гараа зангидаж байгаад 4-5 удаа миний зүүн талын эрүү хэсэгт цохисон. Тэгээд миний шүднээс их цус гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 21/

 

Гэрч Д.Ганпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчимд Шопоро, Төрөө бид гурав 24 дүгээр байрнаас 1 шил архи аваад Төрөөгийн гэрт ороод архиа уух гээд СМУ-ын голоор явж байтал өмнө нь баривчилгаанд байхад харж байсан Шинэтулга таараад ахаа надад 2,000 төгрөг байна. Та нэмчих хамт архи ууя гэж хэлсэн. Ингээд Төрөө, Шопоро 2 түрүүлээд гэр рүүгээ орсон. Би яриад үлдсэн. Би ярьж дуусаад Төрөөгийн гэрт ороход Шинэтулга араас ороод ирсэн. Орж ирээд мөнгө нэмчих гээд байсан. Тэгээд хашгираад байхаар нь Төрөө гар гээд гэрээсээ гаргасан. Удалгүй дахин ороод ирсэн. Тэгээд Төрөөг хэл амаар доромжлоод байхаар нь Төрөө нэг удаа алгадсан. Шинэтулга унахдаа зүүн талынхаа нүүрээр хаалганы нугас мөргөж унасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 26/

 

Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мөнхтөр ахын гэрт хоол идээд сууж байтал гаднаас Ганпүрэв, Шинэтулга хоёр орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхээр нь бид 2 жигнэсэн буузнаасаа аягалаад өгсөн чинь Шинэтулга гэх залуу би наад өмхий буузыг чинь идэхгүй гээд над руу  шидэхээр нь би согтуу байна гэж бодоод тоохгүй өнгөрөөсөн. Гэтэл Шинэтулга гэх залуу Мөнхтөр ах руу чи тахир дутуу биз дээ, чиний нэг гар чинь ажилладаггүй биз дээ гээд байхаар нь  Мөнхтөр ах гэнэт уурлаад шууд баруун гараараа Шинэтулгын нүүрний зүүн хэсэгт нэг удаа алгадсан чинь Шинэтулгын амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 424 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Шинэтулгын биед эрүүний зүүн талд, зүүн 8 дугаар шүд дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5 % алдагдуулна гэжээ. /хх-ийн 31-32/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

-Цагдаагийн газарт бичгээр гаргасан гомдол /хх-ийн 07/

 -Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол  /хх-ийн 08-09/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 35/

- *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-46/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 48-64/

- Хохирогчийн эмчилгээний зардлын баримт /хх-ийн 67-69/

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн 3 хуудас /задгай/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас /задгай/ баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын 25-06 тоотод буюу гэртээ хохирогч Б.Шинэтулгатай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зүүн шанаан тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн 8 дугаар шүд дайрсан далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Б.Шинэтулга, гэрч Д.Ганпүрэв, Э.Бат-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 424 тоот “Б.Шинэтулгын биед эрүүний зүүн талд, зүүн 8 дугаар шүд дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5 % алдагдуулна” гэх дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Боржон овогт Баяраагийн Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Шинэтулгын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь эмчилгээний зардлын 438,300 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн боловч шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулаагүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь Улаанбаатар хот явахдаа хүүгийнхээ эмчилгээ болон замын зардалд 10 сарын тэтгэврийн зээл авч явсан бөгөөд очоод хагалгаа хийлгэсэн эмч нарын гарыг цайлгасан мөнгө, хотод байрласан байрны төлбөрт нийт 3,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримт гаргаж өгөөгүй болно.

Иймд хохирогчийн эмчилгээний зардалд 438,300 /баримтаар ирүүлсэн/ төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж хохирогч Б.Шинэтулгад олгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь эмчилгээний бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржон овогт Баяраагийн Мөнхтөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяраагийн Мөнхтөрийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 438,300 /дөрвөн зуун гучин найман мянга, гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Шинэтулгад олгосугай.

 

5. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА