Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

2022        03         18                                             2022/ШЦТ/96

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долоод шарайд овогт Ичинхорлоогийн *******д холбогдох эрүүгийн 2221000000073 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг ******* гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Долоод шарайд овогт Ичинхорлоогийн *******. *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг Улзын 1-14 тоотод оршин суух иргэн Ч.Отгонбаярын гэрт 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Ч.Отгонбаяр, ******* нартай архидан согтуурч улмаар үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******ын нүүрэн тус газар заазуураар цохиж *******ын биед баруун нүдний доод зовхины дотор ирмэгээс хамрын угалз хүрсэн зүсэгдсэн шархны доош татагдсан сорви, баруун нүдний бүрэн биш анигдалт, баруун нүдний салстын үрэвсэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Отгонбаярын гэрт ******* ахтай архи уусан. Тэгээд шөнө 12 өнгөрөөгөөд ******* ах дахиад ирж тал шил архи хувааж уугаад, би ******* ахыг харьж амар гэхэд явахгүй байсан. Намайг хоол хийж байхад над руу дайраад байхад нь цаашаа бай гээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардалд нийт 3,173,200 төгрөг төлсөн...” гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд гэрээсээ гарч таньдаг дүү болох Отгонбаярын гэрт очиход тэнд Отгонбаяр, Амраа гэх залуутай хамт нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд би тэр хоёртой хамт сууж ууж байсан архинаас нь хамт уусан. Ингээд зогсохгүй дахиад 2 шил  Ерөөл нэртэй архи нэмж аваад Отгонбаяр, Амраа хоёртой хамт уусан. Би 00 цагийн орчим гэр рүүгээ явж гэрээсээ тамхи авчихаад буцаад тэр хоёр дээр очсон.  Ингээд бид гурав шөнийн 1 цаг хүртэл хамт архи уусан.  Энэ хооронд бид гурав өөр хоорондоо муудаж маргалдсан үгүйг санахгүй байна. Би нэлээн их согтсон. Тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би сууж байгаад босох үед Амраа гэх залуу ямар нэгэн юмаар миний толгойн тус газарт нэг удаа цохисныг л санаж байна. ...******* надад эмнэлгийн ор хоногийн төлбөр гэж 400,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөр гэж 193,200 төгрөгийг төлж барагдуулсан. ...Цаашид учрах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ******* ч гэсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Надад гомдол санал байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/

 

Гэрч Ч.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн орчим гэртээ байхад манай хажуу хөрш болох ******* ах гаднаас нэг шил 0.75 литрийн Хараа архи бариад орж ирсэн. Бид хоёрыг архи уугаад сууж байхад манай хотны Батбаяр  ах гаднаас 1 шил архитай орж ирсэн.  ...бид гурав шөнийн 05 цаг хүртэл архидсан... Намайг унтаж байх хооронд Батбаяр ах эргэж ирсэн гэсэн. Намайг унтахаас өмнө тэр 2 муудалцаж маргалдсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

 

Гэрч Б.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Батбаяр гэх хүний баруун нүдэнд үүссэн шарх нь хуучирч хатуу татагдсан сорви үүссэн. Хэрэв одоо хатуу татагдсан сорвийг оролдож хагалгаа хийвэл сорвижилт өшөө илүү идэвхжиж нүд бүр анигдахгүй байх эрсдэлтэй. Сорви хуучирч зөөлөрдөг учраас хэсэг хугацаанд буюу 6 сарын хугацаанд Батбаяр гэх хүний баруун нүдэнд үүссэн сорвийг зөөлрөхийг хүлээнэ. Косметик хагалгаа гэдэг нь баруун нүдний доош татагдаж, агшсан нүд анигдахгүй болсон сорвийг зөөлөрсний дараа авч биеийн аль нэг хэсэг газраас арьс авч нөхөх нүдний зовхийг аниулах, хэвийн байдалд оруулах зориулалттай эмчилгээ... гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот нэмэлт шинжилгээний дүгнэлтэд:

1. *******ын биед баруун нүдний доод зовхины дотор ирмэгээс хамрын баруун угалз хүрсэн зүсэгдсэн шархны доош татагдсан сорви, баруун нүдний бүрэн биш анигдалт, баруун нүдний салстын үрэвсэл гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх-ийн 31-32/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Анхны үзлэгийн тодорхойлолт  /хх-ийн 26/

 -Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101 тоот дүгнэлт /хх-ийн 24-25/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-50/

- Хохирогчийн эмчилгээний болон зардлын баримт /хх-ийн 53-62/

- Хохирогчийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 66/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг Улзын 1-14 тоотод оршин суух иргэн Ч.Отгонбаярын гэрт 2022 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Ч.Отгонбаяр, ******* нартай архидан согтуурч улмаар үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******ын нүүрэн тус газар заазуураар цохиж *******ын эрүүл мэндэд баруун нүдний доод зовхины дотор ирмэгээс хамрын угалз хүрсэн зүсэгдсэн шархны доош татагдсан сорви, баруун нүдний бүрэн биш анигдалт, баруун нүдний салстын үрэвсэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч Б.Цэцэгмаа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот нэмэлт шинжилгээний дүгнэлт, анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан шүүхээс Долоод шарайд овогт Ичинхорлоогийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний зардлаа авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Долоод шарайд овогт Ичинхорлоогийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ичинхорлоогийн *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА