Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

 

2022        03         18                                             2022/ШЦТ/97

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч С.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт Сэргэлэнгийн Ганхуягт холбогдох эрүүгийн 2221000000095 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,1977 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-4 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Барга овогт Сэргэлэнгийн Ганхуяг. /РД: ЖБ771ОО977/

 

            Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч С.Ганхуяг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-4 тоотод хамтран амьдрагч Д.Алтанцэцэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж Д.Алтанцэцэгийн эрүүл мэндэд 21 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ганхуяг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр 0,5 литрийн архи уусан. Хамтран амьдрагч Д.Алтанцэцэг намайг хардаж, цохиод байхаар нь нилээд тэсэж байгаад шүд рүү нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр С.Ганхуягийн хамт Хэрлэн сум 10 дугаар баг Ялалт хорооллын 10-04 тоотод амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр найз Хонгорзулыг дуудаж нөхөр болох С.Ганхуягийн үсийг засуулсан. Хонгорзул манайд цагаан сараар ирээгүй болохоор бид хэд 1 шил архи хувааж уусан. Тэгсэн манай найз надад хандаж чи нэг шил архи гаргасан юм чинь, би бас нэг шил архи авна гээд нэмж 1 шил архи аваад нөхөр бид З хувааж уусан. Тэгээд ууж байхад нөхөр С.Ганхуяг надтай хэрүүл маргаан хийгээд, намайг янхан, гичий гэхээр нь би танайхан ч гэсэн адилхан янхан гичий гэж хэлэхэд Ганхуяг уурлаж миний шүд рүү зангилаатай гараараа нэг удаа цохиж, үүдэн шүдийг минь унагасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08/

 

Гэрч Д.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр найз Алтанцэцэг над руу ярьж Ганхуягийн хөл нь гэмтчихээд явж чадахгүй байгаа тул үсийг нь засуулмаар байна гэж хэлсэн.  Би 15 цагийн орчим Ганхуягийнд очиж үсийг нь засчихаад явах гэхэд найз Алтанцэцэг ойрд уулзаагүй гээд 0,75 граммын 1 шил архи гаргаад бид З хувааж ууж дуусч байхад нь би Алтанцэцэгийг хоёулаа гараад ирье гээд хамт гарч ойролцоох дэлгүүрээс 1 шил архи аваад С.Ганхуяг бид гурав ууж байхад Алтанцэцэг нөхөр Ганхуягтайгаа маргалдсан. Маргалдаж байхдаа Ганхуяг уурлаад Алтанцэцэгийг гараараа цохихоор нь би гараад явсан. Алтанцэцэг нөхрөө ангийнхантай нь хардаад байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 тоот дүгнэлтэд:

1 . Д.Алтанцэцэгийн биед 21 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

З. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 15-16/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/

- С.Ганхуягийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

- Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 33/

- Хохирогч Д.Алтанцэцэгийн Дорнод аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 34/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч С.Ганхуяг нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Ганхуягт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

   Шүүгдэгч Барга овогт Сэргэлэнгийн Ганхуяг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 10-4 тоотод хамтран амьдрагч Д.Алтанцэцэгтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж Д.Алтанцэцэгийн эрүүл мэндэд 21 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Алтанцэцэг,  гэрч Д.Хонгорзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай  тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 169 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

   Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ганхуяг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч С.Ганхуягт дөрвөн зуун тавин тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

   Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч С.Ганхуяг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс  Барга овогт Сэргэлэнгийн Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Алтанцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Ганхуягийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Барга овогт Сэргэлэнгийн Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэргэлэнгийн Ганхуягийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганхуяг нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ганхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА