Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

 

 

 

 

 

 

 

2022         03        21                                              2022/ШЦТ/98

                                   

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэний өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ, Тугчин овогт Пүрэвсүрэнгийн Отгонсүрэн нарт холбогдох эрүүгийн 2121000000427 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 3-12 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Халх овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ. /РД: ЖЯ91100932/

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эгч, нагац дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Төвийн 4-06 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Тугчин овогт Пүрэвсүрэнгийн Отгонсүрэн. /РД: ЖЮ96102911/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин 1Б-2 тоотод байх монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч 32 инчийн Sharp маркийн зурагт хулгайлж иргэн Я.Энхсайханд 430,000 төгрөгийн хохирол, мөн шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 20-21 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхбаярын гэрт нэвтэрч 42 инчийн Hisense маркийн зурагт хулгайлж иргэн С.Аззаяад 900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Я.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 06 цагийн орчим бие засахаар байшингаасаа гарах гэхэд байшингийн таамбарын хаалгыг төмөр утсаар хүлчихсэн гарах боломжгүй байсан тул таамбарынхаа цонхоор нь гарч хаалгаа үзэхэд төмөр утсаар хаалгыг хэрсэн байдал, хүлсэн байсан. Ингээд юу болсон талаар ажиглахад манай байшингийн баруун талд байх хадам ээжийн эсгий гэрийн хаалганы цүүг мулт татаад гэрийн хоймор авдар дээр байсан 32 инчийн Sharp маркийн хар өнгийн зурагтыг DDSH кабелын төхөөрөмжийг нь салгаад  авчихсан,  авдар доторх эд зүйлийг сандаасан байсан. Харин эд зүйл алдагдаагүй, ганц зурагт удирдлагыг нь орхиод аваад явсан байхаар нь хулгай орсон гэдгийг нь мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

Хохирогч С.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би хүүгийнхээ гэр болох Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 20-21 тоотод очиход байшингийн үүдний таамбарын баруун талын цонхны шилийг нь аваад байшингийн ард талд тавиад цонхоор нь орж байшингийн хаалгыг рамаар нь эвдээд орсон байдалтай байсан. Намайг байшин дотор ороход гэрийн эд хогшил байрандаа хөндөгдөөгүй харагдсан ба зүүн талын хананд өлгөөтэй байсан 42 инчийн зурагт хулгайлагдсан байсан. Хүү маань 2020 оны 10 дугаар сараас өөрийн хэдэн малаа харж Баян-Уул суманд амьдарч байгаа учир би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/

 

Гэрч А.Тэгштөгөлдөрийн мөрдөн шалгах ажилаанд өгсөн: “...Тэгээд гадуур гарахаар болоод Мөнх-Эрдэний гэрийн урд гудмаар явж байгаад Силикат 1Б-2 тоот хаягтай айлын гадна зогсоод энэ манай ахынх байгаа юм чи хол зогсож бай Окино бид хоёр ороод ирье гэж хэлээд хашааг нь давж орсон. Ингээд удалгүй Окино, Мөнх-Эрдэнэ хоёр жижиг хар зурагт бариад гарч ирсэн. Тэгээд буцаад Мөнх-Эрдэний гэрт айлаас авсан зурагтаа аваачиж тавиад Мөнх-Эрдэнэ дахиад нэг айл руу очъё гээд буцаад гарч явсан. Би хаягийг нь сайн мэдэхгүй байна халуун устай газраас бүүр хойшоо яваад намайг энд байж бай, бид хоёр ороод ирье гэж хэлээд цаг орчим болоод 1 ширхэг том зурагт авч гарч ирээд Мөнх-Эрдэний гэр рүү аваачиж орхиод 24 дүгээр байрны орчим байж байгаад гэр гэртээ харихаар болоод салаад явсан. Тэр хоёр тухайн айлууд руу орж зурагт авч гарч ирэхдээ хоёулаа  тавьдаг айл байна, чи гадаа байж бай гээд ороод гарч ирэхдээ зурагт авч гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Окино /Отгонсүрэн/ надад ахаа баруун хойшоо нэг айл руу яваад ирье гээд гэр хороолол дундуур нилээн алхаад уурхайн засмал замыг гарч Хивсний хорооллоор өнгөрөөд нилээн хойгуур Ялалт хорооллын нэг айлын хашааны гадна талд очсон. Окино ахаа энэ айлын хашааг даваад ороодох гэхэд нь би урдаас нь давж ороход араас өөрөө давж орж ирсэн. Тэгээд хашаан дотор баруун хойд талд хүрэн дүнзэн байшин байсан ба дотор нь хүн байгаагүй, цоожтой байсан. Баруун талын таамбарын ертөнцийн зүгээр баруун тийш харсан дээд хэсэгтээ хавтгай урт цонхтой байхад нь Окино цонх дарсан хадаасыг нь мулталж аваад өөрөө  цонхоор ороод та хүн хараад байж бай гээд 20 орчим минутын дараа гарч ирэхдээ хар өнгийн том хавтгай дэлгэцтэй зурагт тэврээд надад өгсөн. Би тухайн зурагтыг авч хашаа налуулж тавихад Окино цонхоор гарч ирэхээр нь би чи намайг бодвол намхан юм чинь түрүүлээд даваад гар, би чамд зурагт өргөөд өгье гэхэд Окино хашаа давж  би зурагтаа өргөж өгөөд араас нь  гарсан. Ингээд зурагтаа тэврээд баруун талын онгорхой хэсгээр нь Тэгштөгөлдөрийг дуудаад хашааны араар  бид З яваад буцаад хорооллын дундуур явж Ажилчинд байх манай гэрт ирээд зурагтаа тавьсан. Тэгээд Хэрлэнгийн 3-12 тоот руу явах гээд Тэгштөгөлдөр, Окино хоёртой баруун тийшээ алхаад хоёрын найман жил бага сургуулийн урд талд Окино, Тэгштөгөлдөр хоёроос салаад урагшаа нарийн гудамжаар ороод гэртээ харьж амарсан. Анх Окино баруун хойшоо  айл руу хамт яваад ирье гэсэн санааг гаргасан ба яг тухайн айлын хашааг даваад ороход таньдаг айл руугаа орж хулгай хийж байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115/

 

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би Мөнх-Эрдэний хамтаар Ажилчны 1б-2 тоотоос Sharp маркийн зурагт хулгайлчихаад тухайн хашаанаас гарч хашааны гадна зогсож байсан Тэгштөгөлдөрийг дагуулан Мөнх-Эрдэний түр оршин сууж байсан гэх гэрт нь очиж зурагтаа тавьсан. Улмаар би Мөнх-Эрдэнэ, Тэгштөгөлдөр нартай Мөнх-Эрдэний гэрээс гарч дахин хулгай хийхээр болоход Тэгштөгөлдөр би хулгай хийхгүй гэж хэлсэн. Тэгээд Ялалтын 20-21 тоот хашааны гадна үлдсэн. Мөнх-Эрдэнэ бид 2 тэр айлын хашааг давж ороход байшин байсан бөгөөд Мөнх-Эрдэнэ тэр айлын цонхоор  орж би гадаа нь хүн хараад зогссон. Мөнх-Эрдэнэ гарч ирэхдээ 42 инчийн хар өнгийн Hisense маркийн зурагт тэврээд гарч ирсэн. Тэр зурагтыг мөн Мөнх-Эрдэний түр амьдарч байсан гэр нь үлдээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10, 94/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12, 95-100/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-13, 101-102/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-16, 103-104/

-Гэрч Э.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 32/

-Гэрч П.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 34/

-Г.Мөнх-Эрдэний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/

-Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-71/

-*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/

-Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-76, 78-/

-Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 77, 135/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас  бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин 1Б-2 тоотод байх монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч 32 инчийн Sharp маркийн зурагт хулгайлж хохирогч Я.Энхсайханд 430,000 төгрөгийн хохирол, мөн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 20-21 тоотод оршин суух иргэн Ч.Мөнхбаярын гэрт нэвтэрч 42 инчийн Hisense маркийн зурагт хулгайлж хохирогч С.Аззаяад 900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г. Мөнх-Эрдэнэ, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч А.Тэгштөгөлдөр, хохирогч Я.Энхсайхан, С.Аззаяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д зааснаар бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Халх овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ, Тугчин овогт Пүрэвсүрэнийн Отгонсүрэн нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Я.Энхсайханд 430,000 төгрөгийн, хохирогч С.Аззаяад 900,000 төгрөгийн хохирол тус тус  учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын хулгайлсан эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн /хх-ийн 15-16, 103-104/ тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 26  хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Халх овогт Ганболдын Мөнх-Эрдэнэ, Тугчин овогт Пүрэвсүрэнгийн Отгонсүрэн нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ганболдын Мөнх-Эрдэнэ, Пүрэвсүрэнгийн Отгонсүрэн  нарт тус бүр 1 /нэг/ жилийн  хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Д.Отгонсүрэн нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА