| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00284/И |
| Дугаар | 102/ШШ2017/00821 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00821
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/00821 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 85 тоотод оршин суух, Хардал бэйс овогт Дамдины Батсайхан /РД: ЕЮ81040114/;
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15, 3 дугаар байрны 5 тоотод оршин суух, Махбариадын Болорчулуун /РД: ЕЙ91041219/;
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 20-458б тоотод оршин суух, Оросоогийн Одбаяр /РД: ЖЮ84052711/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,640,293.98 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон хариуцагчийн бусад хөрөнгө, орлогоор хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амараа, хариуцагч Д.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амараагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Д.Батсайхан нь 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногт 2,67 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд 178000738 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр 2003 онд үйлдвэрлэсэн 92-64 УНЛ дугаартай “Hyundai Porter” загварын бага оврын ачааны машиныг барьцаалсан болно. Д.Батсайхан нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5,298,500 төгрөгийг төлөөд, түүнээс хойш төлбөрийг огт төлөөгүй байна. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах үнийн дүнгээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн төлбөр 6,299,999.98 төгрөг, хүү 6,408,152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920,142 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 13,640,293.98 төгрөгийг Д.Батсайханаас гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, өгнө үү. Барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй бол хариуцагч Д.Батсайханы бусад хөрөнгө, орлогоос барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Хамтран хариуцагч М.Болорчулуун, О.Одбаяр нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэв.
Хариуцагч Д.Батсайханы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Батсайхан миний бие Хас банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг М.Болорчулуун, О.Одбаяр нартай хамтран зээлдэж авсан бөгөөд барьцаанд нь 2003 онд үйлдвэрлэсэн, 92-64 УНЛ улсын дугаартай, “Hyundai Porter” загварын бага оврын ачааны машиныг барьцаалсан. Энэ зээлийг би хамтран зээлдсэн 2 найздаа авч өгсөн бөгөөд зээл авснаас хойш би эхнэрээ эмчлүүлэхээр Швейцарь улс руу яваад 1 жил 8 сарын хугацаанд тэнд амьдраад ирсэн. Энэ хугацаанд манай 2 найз энэ зээлийг төлөөд дуусчихсан байя гэж байсан боловч эргээд ирэхэд зээл огт төлөгдөөгүй байсан. Иймд би Хас банкин дээр очиж ямар боломж байгаа талаар ярилцсан. Хамтран зээлдэгч нартай зээл авсан өдрөөс хойш уулзаагүй, хаана байгааг нь мэдэхгүй байна. Зээлийн эргэн төлөлтөд нийт 5,298,500 төгрөгийг төлсөн. Би эрхэлсэн ажил төрөлгүй, орлогогүй учир энэхүү нэхэмжилж буй 13,628,293.98 төгрөгийг төлөхгүй боломжгүй бөгөөд харин барьцаа хөрөнгө болох Porter машинаар хангуулах хүсэлтэй байна. Барьцааны машины үнэ унаад арай ч 3,7 сая болоогүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь хариуцагч Д.Батсайханаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,640,293.98 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон хариуцагчийн бусад хөрөнгө, орлогоор хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь хариуцагч Д.Батсайхан, хамтран зээлдэгч М.Болорчулуун, О.Одбаяр нартай 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ, мөн өдөр барьцааны гэрээг тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг 30 хоногт 2,67 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, 2003 онд үйлдвэрлэгдсэн, 92-64 УНЛ дугаартай “Hyundai Porter” загварын бага оврын ачааны машиныг барьцаалсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК хариуцагч Д.Батсайхан, М.Болорчулуун, О.Одбаяр нарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2017/01235 дугаар захирамжаар хариуцагч Д.Батсайхан, М.Болорчулуун, О.Одбаяр нарт холбогдох нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амараа шүүх хуралдаан дээр хамтран хариуцагч М.Болорчулуун, О.Одбаяр нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзлыг баталж, М.Болорчулуун, О.Одбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь Банк зээлдэгчид 10,000,000 төгрөгийг 30 хоногт 2.67 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар олгох,” гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй.”, талуудын байгуулсан гэрээний 4.1-д “Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ Гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
Гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 429 хоногийн нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь 920,142 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй тул нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Хариуцагч Д.Батсайхан нь үндсэн зээл болон хүүнд нийт 5,298,500 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх төлбөрийг үндсэн зээл, үндсэн хүүгийн төлбөрөөс хасаж нэхэмжилжээ. Иймд хариуцагч Д.Батсайханаас үндсэн зээл 6,299,999.98 төгрөг, хүү 6,408,152 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920,142 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 13,640,293.98 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө /2003 онд үйлдвэрлэсэн 92-64 УНЛ дугаартай “Hyundai Porter” загварын бага оврын ачааны машин/-өөр хангуулах, барьцаа хөрөнгө төлбөрийг бүрэн барагдуулж хүрэлцэхгүй бол хариуцагчийн бусад эд хөрөнгө, орлогоо барагдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн хариуцагч Д.Батсайхан нь “... би ажил эрхэлдэггүй, орлогогүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй, харин барьцаа хөрөнгөөр бүх төлбөрийг барагдуулна” гэсэн тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэгчээс үндсэн зээлийн 10,000,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, энэ тал дээр маргадаггүй. Харин ажил эрхэлдэггүй, орлогогүй байх явдал нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК нь хамтран хариуцагч М.Болорчулуун, О.Одбаяр нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д заасныг баримтлан хариуцагч Д.Батсайханаас нийт 13,640,293.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.
3. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1780000738 тоот Барьцааны гэрээний 5.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу 2003 онд үйлдвэрлэсэн 92-64 УНЛ дугаартай “Hyundai Porter” загварын бага оврын ачааны машинаар хангуулж, барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд Д.Батсайханы өмчлөлийн бусад эд хөрөнгө, орлогоор хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 226,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батсайханаас 226,152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР