Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00024

 

Б.Пийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03840 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 334 дүгээр магадлалтай, 

Б.Пийн нэхэмжлэлтэй

Б.Ат холбогдох,

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.Аын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамжны 508 тоот хаягт байрлах 625 м.кв газрыг Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 тоот гэрчилгээтэйгээр хууль ёсоор өмчилдөг. Би энэ газрыг Р.Ааас 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4 500 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд ийнхүү газар худалдаж аваад газар дээр хашаагаа хатгах гэхэд 2017 оны 5 сард манай хажууд нүүж ирсэн Б.А гэх эмэгтэй газар дээр хашаа бариулахгүй хэл ам хийгээд байсан. Би 2017 оны 10 сард газар дээр нүүж ирэхэд миний өмчлөлийн газрын баруун хэсэгт байшингийн суурь тавьчихсан байсан. Энэ нь газар дээр хийсэн хэмжилтийн зургаас хангалттай харагдах бөгөөд газрын нийт хэмжээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын өмчлөх эрхийн гэрчилгээнд заагдсан хэмжээтэй тохирдог. Газар чөлөөлж өг гэж Б.Ат шаардлага тавихаар хэл амаар доромжилж, хүлээж авалгүй байсаар өдийг хүрлээ. Би энэ хугацаанд Баянгол дүүргийн газрын албанд удаа дараа хандаж, Газрын албаны газар зохион байгуулагч дээр Б.Аыг дагуулан очиж уулзаж байсан. Газар зохион байгуулагч Б.Ат “Та амьдарч байгаа газраа эзэмших, өмчлөх эрх аваагүй байж хүний өмчлөлийн газарт нэвтэрч байшингийн суурь тавьж, өмчлөх эрхийг нь зөрчиж байна, даруйхан газрыг нь чөлөөлж өг” гэж хэлсэн. Б.А байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэггүй. Би энэ асуудлаар мөн НМХГазарт 2018 оны 09 дүгээр сарын 24-нд өргөдөл гаргаж, НМХГ-ын байцаагч Б.Атой уулзаад хууль зөрчсөн болохыг сануулсан боловч үл тоосон. Ийнхүү зохих шатны байгууллагад хандаад, тухайн байгууллагуудаас энэхүү хүнд шаардлага тавьдаг боловч огт миний газрыг чөлөөлж өгөхгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд миний өмч болох Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байрлах газрын баруун хэсэг /хойд талаараа 4.30 м, урд талаараа 6.90 давхцаж орсон/-ийг Б.Аыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 хорооны хогоо хаядаг гүн жалгыг түрж тэгшилж янзлаад 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэр барьж буусан юм. Манай ам бүл наймуулаа, 0-16 насны 4, бие гүйцсэн 2 хүүхэдтэй амьдардаг. Хажуу айл болох айлын газар руу нэг алхам ч орж газрыг аваагүй. Харин миний янзалж, түрж тэгшилсэн газрыг оруулаад кадастрын зураг хийлгээд зарсан байгаа. Би тэр үед газартаа түрүүлээд шороо асгуулаад, өөрт байсан мөнгөө өгөөд надад хашаа хатгаж кадастрын зураг авахуулах мөнгөгүй байх хооронд хажуу айл янзалсан газар руу минь ороод кадастрын зураг хийлгэсэн. Бичиг нь гараагүй байгаа, өгчихсөн гэж ярьж тохиролцоод н.Анхбаярын дүү болох н.Анх-Од гэдэг залуу танил талаа ашиглаж, миний янзалсан газрын талыг нь оруулаад зарсан байгаа юм. Харин миний үнэн зөв байдлыг харгалзан үзэж, энэ айлын бичгийг нь хүчингүй болгож, одоогийн байгаагаар нь кадастрын зураг хийж өгч тусална уу. Намайг энэ газрыг янзалсныг гэрчилж хэлж ярих хүмүүс олон байгаа. Шүүх, Цагдаагийн байгууллага үнэн зөв байдлыг үнэнээр шүүж, миний янзалсан газрын талыг буцааж олгож өгнө үү. Би өөрийн газраа авахын тулд зураг болон өргөдлөө Нийслэлийн газрын албаны даргад аваачиж өгсөн. Надад одоогоор өргөдлийн хариу ирээгүй байна. Газар дээр очиж бодит байдалтай танилцаж, үнэн зөв байдлыг харж үзэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03840 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Бямбаагийн Б.Пийн өмчлөлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 метр квадрат талбай бүхий газрын 1-2 болон 1-6 дугаар цэгүүдийн давхцсан хэсгийн газрыг чөлөөлж өгөхийг Буян-Өлзийн Б.Ат даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Б.Пид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 334 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/03840 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Пийн өмчлөлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 17 дугаар гудамж, 508 тоотод байршилтай, 625 м.кв талбай бүхий газрын Х5311290.104, Ү639972.654, Х5311288.611, Ү639966.776, Х5311294.600, Ү639967.070, Х5311297.018, Ү639970.337 цэгээр хүрээлэгдсэн газрыг Б.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Газрын алба зарим үнэнээр яваа айл өрхийн газрын бичиг баримтыг дараа жилийн төсөвт орсон тэр болтол хүлээж бай гээд байдаг мөртлөө танил талтай хүнд 1 сарын дотор бичиг баримт гаргаж зардаг. Үнэн зөв гэж байдаг бол зөв шийдвэр гаргаж өгч иргэн намайг гомдолгүй болгож өгнө үү. Шүүх яагаад газар зарсан иргэн Анхбаярыг дуудаж өгдөггүй юм бол дуудаж өгвөл хэн энэ газрыг янзалсан хэн ийм их ажил хийснийг ялгаж өгнө. Би янзалсан газартаа жорлонгийн нүх ухуулсан, бас байшингийн хундаам цутгуулсан учир Дээд шүүхэд үнэн зөвийг минь олж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Б.Аын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...хог хаядаг жалгыг өөрийн зардлаар засаж тэгшлэн, хашаагаа барьсан, Анх-Од мэдсээр байж, уг газрын талыг гэрчилгээ авахдаа оруулаад бусдад худалдсан...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх эрх зүйн алдаатай дүгнэлтийг зөвтгөж, шийдвэрт хуулийн өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...хөрш Анхбаяр нь Баянгол дүүргийн 23-р хороо зүүн ард аюушийн 17 дугаар гудамжны 508 тоот газрын бичиг баримт байхгүй зарна гэж байсан... Анхбаяр нь энэ газартаа 6-7 жил болохдоо тэр хогтой жалгыг янзлаагүй...намайг байхгүй хооронд кадастрын зураг хийлгээд 1 сарын дотор газрын бичиг баримт гаргуулсан байсан... үнэн зөв гэж байдаг бол зөв шийдвэр гаргаж өгч иргэн намайг гомдолгүй болгож өгөөч” гэжээ.

Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж хууль ёсны эзэмших эрх үүсэхийг хуульчилсан тул аливаа этгээд энэ журмын дагуу газрыг эзэмших ёстой байна. Б.А нь газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байхдаа уг газар дээр барилгын суурь барьсан нь хууль зөрчсөн байх тул эзэмшил хууль ёсны болж чадахгүй юм. Харин жалгыг шороогоор дүүргэж, засч янзалсан бол зардлаа зохих этгээдээс шаардах эрхтэй байж болох бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй энэ асуудлыг шийдвэрлэхгүй.

Б.П нь маргаж буй Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 17 дугаар гудамжны 508 тоот 625 м.кв газрын өмчлөгч болох нь 000000000 дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн газрын албаны кадастрын зураг, Баянгол дүүргийн газрын албаны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 12/955 тоот албан бичиг зэрэг баримтаар, уг газрын хойд талаас 4.30 метр, урд талаас 6.90 метр талбайг оруулж хариуцагч нь байшингийн суурь цутгасан, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тус тус тогтоогджээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч Б.П нь өмчлөлийн газраа чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй байна. Хариуцагч Б.А нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай зэрэгцээ газрыг авах хүсэлтэй бол зохих байгууллагад хандаж, газар эзэмших эрх авахад энэ шийдвэр саад болохгүй юм.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн тул  магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 334 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА