Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

 

 

 

 

 

 

    2022       01          05                                   2022/ШЦТ/52

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                    

улсын яллагч М.Отгонбаатар,  

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 2109000001614 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, авга эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн ... тоотод түр оршин суух, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Б- нь:

 

- 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны урд талд байрлах Лоф писиний газраас иргэн Ш.Б-ын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.138.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 5 дахь тал /

Хохирогч Ш.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС-ын 2 дугаар байрны урд талд байдаг Лоф писинд ганцаараа 18 цагийн үед орж тоглоод өөрийн нөүтбүүк болон хичээлийн цүнх куртикээ сандал дээрээ өлгөсөн байсан. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод 5 минут болоод гарч ирэхэд сандлын ард байсан нөүтбүүктэй хичээлийн цүнх алга болсон. Писиний хүнд хэлээд хяналтын камер шүүхэд цэнхэр малгайтай цамцтай, хар куртиктэй, хар савхин цүнхтэй 20 орчим насны 172 орчим өндөртэй үл таних залуу цүнхийг хулгайлж байгаа харагдаж байсан гэжээ. / хавтаст хэргийн 25-26 дахь тал /

 

Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Теди төвийн 3-26 дугаартай лангуу дээр сууж байхад үл таних 25 орчим насны намхандуу залуу ирээд “Агаа нөүтбүүк сайжруулах гэсэн юм. Зараад мөнгө нэмээд сайн нөүтбүүк авах гэж байгаа” гэхээр нь доошоо буугаад иргэний үнэмлэхийн лавлагаа аваад ир гээд явуулсан. Тэгээд нөүтбүүкийг нь үзэхэд 5 сипүтэй, 6-р үеийн, хард нь 500 гб багтаамжтай баттериа муу, хэвийн ажиллагаатай Делл загварын хар өнгийн нөүтбүүк байсан. Ингээд 700.000 төгрөгөөр авч, дансаар шилжүүлнэ гэхэд данс байхгүй гэхээр нь заавал дансаар шилжүүлнэ гэхэд Ариунболд гэх данс өгөхөөр нь би 690.000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. / хавтаст хэргийн 36-37 дахь тал /

 

Б.Б-гаас HP5VSF2 дугаартай Делл загварын хар өнгийн нөүтбүүк, бор өнгийн цүнх, цэнэглэгч, гар утасны цэнэглэгч, аяга, хичээлийн хэрэгслүүдийг хураан авч, хохирогч Ш.Б-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 11-12 дахь тал /

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-17 дахь тал /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан эд зүйлсийг 1.138.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / хавтаст хэргийн 19-20 дахь тал /

 

Яллагдагч Б.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС-ийн 2 дугаар байрны урд байрлах писинд үйлчлүүлж байсан хүнийг ариун цэврийн өрөө орсон хойгуур нь Делл загварын нөүтбүүкийг хулгайлан авч, Теди төвийн лангуун дээр ажиллаж байсан хүнд 690.000 төгрөгөөр зарсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэжээ. / хавтаст хэргийн 55 дахь тал /

 

Шүүгдэгч Б.Б-гаас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 50-51 дэх тал /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хавтаст хэргийн 45 дахь тал / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр писи тоглоомын газарт тоглож байтал хажууд сууж байсан хүн цүнхээ орхиод ариун цэврийн өрөө орсон. Тэгэхээр нь би цүнхтэй нөүтбүүкийг нь аваад Теди төвд очиж 690.000 төгрөгөөр зарсан. Хохирогчид эд зүйлийг буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгчид 690.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол Улсын Их Сургуулийн 2 дугаар байрны урд талд байрлах “Лоф” нэртэй писи тоглоомын газарт үйлчлүүлж байсан хохирогч Ш.Б-ын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.138.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 5 дахь тал /,   ... Ариун цэврийн өрөө ороод 5 минут болоод гарч ирэхэд сандлын ард байсан нөүтбүүктэй хичээлийн цүнх алга болсон. Писиний хүнд хэлээд хяналтын камер шүүхэд цэнхэр малгайтай цамцтай, хар куртиктэй, хар савхин цүнхтэй 20 орчим насны 172 орчим өндөртэй үл таних залуу цүнхийг хулгайлж байгаа харагдаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ш.Б-ын мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26 дахь тал /,        ...  Теди төвийн 3-26 дугаартай лангуу дээр сууж байхад үл таних 25 орчим насны намхандуу залуу ирээд 5 сипүтэй, 6-р үеийн, хард нь 500 гб багтаамжтай баттериа муу, хэвийн ажиллагаатай Делл загварын хар өнгийн нөүтбүүк зарна гэхээр нь 690.000 төгрөгөөр авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Г.М-ын мэдүүлэг / хавтаст хэргийн 36-37 дахь тал /,       ... Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 11-12 дахь тал /,        ... Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-17 дахь тал /,        ... “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 19-20 дахь тал /,       ...  МУИС-ийн 2 дугаар байрны урд байрлах писинд үйлчлүүлж байсан хүнийг ариун цэврийн өрөө орсон хойгуур нь Делл загварын нөүтбүүкийг хулгайлан авч, Теди төвд 690.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Б-гийн мэдүүлэг / хавтаст хэргийн 55 дахь тал / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахад хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Б.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид эд зүйлсийг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгчид 690.000 төгрөгний хохирол төлж барагдуулсан, урьд шунахайн зорилгоор санаатай бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч өөртөө дүгнэлт хийлгүй дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 500 / таван зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Ш.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 61 /, иргэний нэхэмжлэгч Г.М-т 690.000 төгрөгний хохирол төлж барагдуулсан тул шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ