Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

    2022      01          05                                        2022/ШЦТ/53

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,                                    

улсын яллагч Д.Даваадорж,  

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Б.Б-од холбогдох эрүүгийн 2109000001641 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1024 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан / хх 60 / бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Б.Б- нь:

 

- 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ... Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны орчимд иргэн Б.О-ийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч,  1.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 2 дахь тал /

 

Хохирогч Б.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цаг 27 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар байрнаас 2 найзтайгаа гараад сургуулийн Т байр руу алхаад явж байхдаа халааснаасаа Айфоне 11 про макс загварын гар утсаа хулгайд алдсан. Уг утсыг манай ээж 2021 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөгөөр авч өгсөн. Одоо 2.000.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. / хавтаст хэргийн 09 дэх тал /

 

Б.Б-оос Айфоне 11 про макс загварын гар утсыг хураан авч, хохирогч Б.Од хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-17 дахь тал /

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр “...Айфоне 11 про макс утсыг 1.975.000 төгрөгөөр” үнэлсэн тайлан / хавтаст хэргийн 20-21 дэх тал /

 

Яллагдагч Б.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хөгжим бүжгийн автобусны буудлын зүүн талд явж байхад хажууд явж байсан эмэгтэйн халааснаас гар утас нь унах гэж байхад нь би авсан гэжээ. / хавтаст хэргийн 51 дэх тал /

 

Шүүгдэгч Б.Б-оос 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 50-51 дэх тал /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хавтаст хэргийн 24 дэх тал / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ харих гээд автобусны буудлын тэнд зогсож байсан. Тэгэхэд нэг эмэгтэйн халааснаас гар утас нь бараг унах гэж байхад нь аваад гэр рүүгээ явсан. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хичээлийн 2 дугаар байрны орчимд хохирогч Б.О-ийн эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 1.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:    ... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 2 дахь тал /,     ...  Хоёр найзын хамт сургуулийн Т байр руу алхаад явж байхад халааснаасаа Айфоне 11 про макс загварын гар утсаа хулгайд алдсан. Уг утсыг манай ээж 2021 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөгөөр авч өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.О-ийн мэдүүлэг / хавтаст хэргийн 09 дэх тал /,     ... Б.Б-оос Айфоне 11 про макс загварын гар утсыг хураан авч, хохирогч Б.О-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 16-17 дахь тал /,     ... “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр “...Айфоне 11 про макс утсыг 1.975.000 төгрөгөөр” үнэлсэн тайлан / хавтаст хэргийн 20-21 дэх тал /,    ...  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хөгжим бүжгийн автобусны буудлын зүүн талд явж байхад хажууд явж байсан эмэгтэйн халааснаас гар утас нь унах гэж байхад нь би авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Б-ын мэдүүлэг / хавтаст хэргийн 51 дэх тал / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-од ял шийтгэл оногдуулахад хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Б.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн гар утсыг буцаан өгч хохиролгүй болгосон, урьд энэ төрлийн гэмт үйлдэж, шүүхээс түүнийг тэнсэж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан / хх 60 / боловч дахин гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 1.975.000 төгрөгний хохирол учирсан, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 500 / таван зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.О гар утсаа буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 16-17 / гэх тул шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ