| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00605/И |
| Дугаар | 102/ШШ2017/00843 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/00843
| 2017 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/00843 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орцны 0 тоотод оршин байх, “Дулаанхаан-50” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 25 тоотод оршин суух, Дууч овогт Хэнмэдэхийн Амраа /РД: НЮ64040191/ -т холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 326,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөхишиг, хариуцагч Х.Амраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөхишигийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус 50 дугаар байрны 25 тоотын оршин суугч Х.Амраа нь 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бөгөөд түүний төлбөл зохих үндсэн төлбөр нь 235,040 төгрөг, алданги 91,123 төгрөг, нийт 326,163 төгрөг болно. Уг суугчийн сарын төлбөр нь 18,080 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, сангийн засвар хийх хуримтлалгүй болгож, хөрөнгийн хомсдолд оруулж байна. Иймд хариуцагч Х.Амраагаас 326,163 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Амраагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “Дулаанхаан-50” СӨХ нь ажлаа бүрэн сайн хийж чаддаггүй. Маш их хэл амтай, их хэмжээний мөнгө идэж уусан баримт нь ил болсон. Эрх хэмжээнийхээ хүрээнд хорооноос СӨХ-ны хурлыг товлоход зарлалыг авч хаяад өөрсдийн байрладаг жижиг өрөөнд 216 айлын хурлыг зохион байгуулж тэр нь сүүлдээ зодоон цохионоор өндөрлөдөг. Манайх ам бүл-2, би хөдөө ажилладаг байхад 8 ам бүлтэй айлын адил цахилгаан шатны мөнгийг төлж байх жишээтэй. Манайх хөрш дундын хаалгатай бөгөөд тэр хэсгийн шалыг огт угаадаггүй, өөрөө хэлбэл ямар нэг үйлчилгээ авдагггүй. СӨХ-ны санхүүгийн үйл ажиллагааг ил тод болгож, идэж уусан тохиолдолд гүйцэтгэх захирал нь хариуцлага хүлээх ёстой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Х.Амраад холбогдуулан 2016 оны 1 дүгээр сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэл буюу сар бүрийн СӨХ-ны төлбөр 18,080 төгрөг, нийт 13 сарын төлбөр 235,040 төгрөг, алданги 91,123 төгрөг, нийт 326,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ “... СӨХ нь гишүүдийнхээ хурлыг хийдэггүй, санхүүгийн тайлангаа тавьдаггүй, цэвэрлэгээ үйлчилгээ муу, гүйцэтгэх захирал нь холбооны мөнгийг завшиж үрэгдүүлдэг тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэл хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байрны 25 тоотын оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Х.Амраа мөн эсэх, тухайн орон сууц нь “Дулаанхаан-50” СӨХ-д харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хариуцагч Х.Амраа нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрт нийт 326,163 төгрөгийг төлөөгүй нь Төрийн банкны нэхэмжлэх болон хариуцагчийн “... СӨХ нь гишүүдийнхээ хурлыг хийдэггүй, санхүүгийн тайлангаа тавьдаггүй, цэвэрлэгээ үйлчилгээ муутай, үндэслэлгүйгээр их мөнгө нэхэмжилдэг, гүйцэтгэх захирал нь холбооны мөнгийг завшиж үрэгдүүлдэг тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй” гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой, шаардлага хангахгүй байгаа нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна үйл ажиллагаа нь доголдолтой байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд хариуцагч Х.Амраагаас 326,163 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дулаанхаан-50” СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Амраагаас 326,163 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дулаанхаан-50” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 10,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,435 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР