Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00850

 

 

 

 

2017 оны 03 сарын 27 өдөр

  Дугаар 102/ШШ2017/00850

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, 2 дугаар баг, Баянбуурал орон сууц 1-8 тоотод оршин суух, эмэгтэй, Боржгон овогт Дэмбэрэлийн Цэвээндолгор /РД: НБ65052305/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3,282,989 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэвээндолгорын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Цэвээндолгор миний бие зочид буудлын зоогийн газрын удирдлага мэргэжилтэй, улсад 31 жил буюу Улаанбаатар Төмөр замын Баянбуурал амралтын тогооч, ерөнхий тогоочоор 1987 оноос 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 28-нд Улаанбаатар Төмөр замын Дотоод аудит хяналтын албанаас Сарантуяа байцаагчаар ахлуулсан 3 хүн санхүүгийн шалгалтаар ирсэн. Энэ үед би ээлжийн амралттай байсан, дуудагдаж ирж 6, 7, 8 дугаар саруудын ажлаа шалгуулсан. Шалгалтаар ямар нэгэн зөрчилж илрээгүй. Тухайн үед манай нөхөр Нармандах өөрийн ажиллуулдаг зоогийн газартаа тоолууржуулан цахилгаан татсан байдаг бөгөөд цахилгааны төлбөрөө төлөөгүй гээд байснаар нь нэхэмжлэгч намайг байгууллагад хохирол учруулсан гэж үзэж Улаанбаатар Төмөр замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б-II-168 тоот тушаалаар Д.Цэвээндолгорыг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй. Дотоод аудитын шалгалтаар Д.Цэвээндолгорыг байгууллагадаа хохирол учруулсан талаар дүгнэлт гараагүй. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 3,282,989 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.  

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Цэвээндолгорын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй буюу бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Цэвээндолгор нь тус нийгэмлэгийн салбар нэгж болох “Баянбуурал” амралтын ерөнхий тогоочоор ажиллаж байсан бөгөөд нийгэмлэгийн Дотоод аудитын шалгалтаар өөрийн нөхөр болох Ж.Нармандахын хувиараа ажиллуулдаг цайны газарт хулгайгаар цахилгаан өгч түүнийх нь зардлыг “Баянбуурал” амралтын цахилгааны төлбөрт тусгуулж төлүүлж байсан нь илэрч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар халагдсан. Нэхэмжлэгч Д.Цэвээндолгорын ажлын байрны тодорхойлолтод “Зоогийн газрын ариун цэвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх ажлыг удирдан зохион байгуулж ажиллана” гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан буюу гэрээний 2.3-т “Нийгэмлэгийн өмч хөрөнгийг ашиглан шамшигдуулсан” зөрчил гаргасан учир ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цэвээндолгор нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын Баянбуурал амралтын газрын ерөнхий тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3,282,989 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам” нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрхгүй гэж маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Д.Цэвээндолгор нь Орос-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын Баянбуурал амралтын тогооч болон ерөнхий тогчоор 1987 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан боловч ажил олгогчийн санаачилгаар буюу “Улаанбаатар Төмөр зам”-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б-II-168 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал зэргээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.”, 131.1.3-т “ажлаас халах.”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан.” гэжээ.

 

Баянбуурал амралтын дарга Ч.Энхээгийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр баталсан ерөнхий тогоочийн ажлын байрны тодорхойлолтод “Зоогийн газрын ариун цэвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх ажлыг удирдан зохион байгуулж ажиллана.” гэжээ. Баянбуурал амралтын менежер Ч.Нэргүй, ерөнхий тогооч Д.Цэвээндолгор нарын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-т “... нийгэмлэгийн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, ... зэрэг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд урьд нь сахилгын шийтгэл гаргаж байсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Цэвээндолгор нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон давуу байдлаа ашиглаж өөрийн нөхөр Ж.Нармандахын ажиллуулдаг нь “Оч” зоогийн газар, караокед тус амралтын газрын эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан авч хэрэглэх боломжийг олгож, “Оч” зоогийн газар, караоке нь хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 2015, 2016 онуудад төлөөгүй, хэрэглэсэн цахилгааны төлбөр нь Баянбуурал амралтын ажилчдын орон сууц, зоорины задгайгаар тооцогддог цахилгааны төлбөрт хамтдаа тооцогдон төлөгдөж байсан болох нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын Дотоод аудит, хяналтын албаны аудитор Д.Сарантуяа ахлаж, аудитор Ц.Хишигжаргал, Л.Оргил нарын бүрэлдэхүүнтэй тус амралтын газрын санхүүгийн үйл ажиллагааг шалгасан Тайлангийн нэгтгэл, “Оч” зоогийн газрын цахилгаан хангамжид үзлэг хийсэн тухай 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн акт, Баянбуурал амралтын дарга Д.Ганбатын 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 63/92 тоот Тодорхойлолт зэргээр тогтоогдсон.

 

Энэхүү зөрчил нь Д.Цэвээндолгорын хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байна гэж үзэн түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан “Улаанбаатар Төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаагийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б-II-168 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.Цэвээндолгорын “Баянбуурал амралтын ерөнхий тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3,282,989 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Цэвээндолгорын “Баянбуурал амралтын ерөнхий тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3,282,989 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХТӨР