Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

     2022     02          08                                       2022/ШЦТ/108

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч: Н.Булганчимэг;

Шүүгдэгч: Г.Т-;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109018030043 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, эксковаторын опетатор мэргэжилтэй, “...” ХХК-нд түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эхнэр, дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 12 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Г.Т- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн орчим 15 настай У.Т-гийн нүүрэн тус газарт өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч У.Т-гийн мэдүүлэг / хх 14 /, насанд хүрээгүй гэрч С.Т-ын мэдүүлэг / хх 27-28 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11899 дугаартай дүгнэлт / хх 18-19 /, хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 25 /, яллагдагч Г.Т-ын мэдүүлэг / хх 58 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 69 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх 93 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т- нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны эцсийн орчим 15 настай У.Т-гийн нүүрэн тус газарт өшиглөж, түүний биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч У.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн эцсийн буудал дээр Н.Т-, Н.А- нар руу нэг эмэгтэй орилоод дайраад байхаар нь би юу болсон талаар асуусан. Тэгэхэд тухайн эмэгтэй миний үснээс зулгаагаад 2-3 удаа өшиглөсөн. Миний чихэвч унасан байхаар нь чихэвчээ хайгаад байж байтал нөгөө машинаас нэг эрэгтэй хүн гарч ирээд миний нүүр рүү гараараа цохьсон гэжээ. / хавтаст хэргийн 14 дэх тал /

 

Насанд хүрээгүй гэрч С.Н.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би найз У.Т-гийн гэрт төрсөн өдөр тэмдэглэхээр очсон. Орой 23 цагийн үед би гэр рүүгээ явахад У.Т-, Н.А- хоёр намайг дөхүүлж өгөхөөр хамт явсан. У.Т- дэлгүүр рүү орж сүү авахаар орсон. Н.А- бид хоёрыг түрүүлээд явж байхад замын эсрэг талд нэг үл таних ах, эгч хоёр элдэв янзаар дуудаад байхаар нь бид хоёр тоохгүй өнгөрч байсан. ... Гэтэл У.Т- чихэвчээ хайж байхад нөгөө согтуу ах ирээд түүний нүүр рүү өшиглөсөн бөгөөд үүнээс болж хамрын яс нь хугарч, нүдний доод талын яс нь цуурсан гэжээ. / хх 27-28 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11899 дугаартай дүгнэлтэд:

1. У.Т-гийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хавтаст хэргийн 18-19 дэх тал /

 

Хохирол хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 25 дахь тал /

 

Яллагдагч Г.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай эхнэрийг ёс бусаар хэлсэн байхаар нь би маргалдаад нэгийг нь зүүн гараараа цохьсон гэжээ. / хавтаст хэргийн 58 дахь тал /

 

Шүүгдэгч Г.Т-аас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 58 дахь тал / 

 

Шүүгдэгч Г.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Прокуророос шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Т-д ял шийтгэл оногдуулахад учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Г.Т- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалд 250.000 төгрөг нөхөн төлж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Г.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Т- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ