| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01884/И |
| Дугаар | 102/ШШ2017/02153 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/02153
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮ гудамж, МТ байранд байрлах, “МТЧ” ХХК /РД:5356601/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүрэг, П.Жасрайн гудамж, Наранбулаг цамхаг, 304 тоотод байрлах “Квом” ХХК /РД:5110637/-д холбогдох, 23,124,062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “МТЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МТЧ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагч “Квом” ХХК-тай 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний 5.2-т худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж, акт үйлдэж, акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлнэ гэж заасан. Манай байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл болох 15,416,041 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй. Манай байгууллага 2016 оны 05 сарын 19-ний өдөр 53-16 тоот албан бичиг болон төлбөр барагдуулах талаар удаа дараа холбогдож мэдэгдсэн боловч төлбөрөө барагдуулахгүй байгаа. Иймд гэрээний 7.2-т зааснаар гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх төлбөрийн алданги 2014 оны 04 сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүртэл нийт 406 хоногоор тооцоход 31,294,632 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 7,708,020 төгрөгөөр тооцож нийт 23,124,162 төгрөгийг “Квом” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Манай тал харицагч талаас тавьсан барилгын материал өгөх саналыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч “Квом” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МТ ДарханХХК-ийн манай байгууллагаас нэхэмжилсэн 23,410,000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд МТ Дархан ХХК-тай зөвшилцөж 17,410,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон. Уг 17,410,000 төгрөгийн үнийн дүнд барилгын материал болох бетон зуурмаг болон хөнгөн блок нийлүүлэхээр санал тавьсан болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МТЧ” ХХК нь хариуцагч “Квом” ХХК-д холбогдуулан 23,124,062 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв. Үүнд:
Нэхэмжлэгч “МТЧ” ХХК нь хариуцагч “Квом” ХХК-тай 2016 оны 01 сарын 01-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулж, худалдагч тал буюу “МТЧ” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн /шатахуун Н-80 П-92, Д түлш/ нийлүүлэх, худалдан авагч буюу “Квом” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулахаар тохирлцсон зэргээс дүгнэвэл талууд гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгчид газрын тосны бүтээгдэхүүний үнэ 15,416,041 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан 2016 оны 03 сарын 31-ний өдөр “МТЧ” ХХК-аас “Квом” ХХК-ийн картаар авсан шатахууны тооцоо, 2016 оны 06 сарын 14-ний өдөр “Квом” ХХК-иас МТ Дархан ХХК-д 17,416,041 төгрөгийг 2016 оны 08 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар гаргасан хүсэлт, 2017 оны оны 06 сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан “...17,410,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон” гэх тайлбар зэргээр нотлогдож байна. Түүнчлэн хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа 15,416,041 төгрөгийн үнэтэй барилгын материал өгөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул хариуцагчаас 15,416,041 төгрөгийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Талуудын байгуулсан гэрээний 7.2-т гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу гэрээний 5.2-т заасан худалдан авсан барааны тооцоог нийлснээс хойш 5 хоногийн дотор барааны төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцсон байх тул 2016 оны 03 сарын 31-ний өдөр тооцоо нийлснээс хойш 2017 оны 05 сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 213.6-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15,416,041 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр 7,708,020 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч тайлбар татгалзлаа нотлох, нотлох баримтаа, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагч “Квом” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүний үнэ 15,416,041 төгрөг, алданги 7,708,020 төгрөг нийт 23,124,062 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МТЧ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч “Квом” ХХК-ийн төлөөлөгч М.Жаргалсайханд шүүх хуралдааны тов мэдэгдэж, тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч “Квом” ХХК-иас 23,124,062 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МТЧ” ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Квом” ХХК-иас 273,570 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МТЧ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР
| ||||
| |