| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0042/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/109 |
| Огноо | 2022-02-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/109
2022 02 08 2022/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр;
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;
Шүүх: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч С.Оюунчимэг, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Азжаргал;
Улсын яллагч: Г.Цогтмагнай;
Иргэдийн төлөөлөгч: У.Үүрийнцолмон;
Шүүгдэгч: Н.Д;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Баасанжав;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа;
Хэргийн дугаар: 2109000001535;
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ... тоотод түр оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 606 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, 2 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 159 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Н.Д нь;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгс шийдэл нэртэй тавилгын үйлдвэрийн ойролцоо гэртээ харихаар явж байсан хохирогч Э.П-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авахаар араас нь дэгээдэн унагааж, улмаар толгойн тус газар нь 5 удаа хөлөөрөө дэвсэн ухаан алдуулж, түүний Киа 5 загварын авто машины түлхүүр, Пейлдер загварын авто машины түлхүүр, бүргэд хаалганы түлхүүр, орцны хаалганы чип / тус бүр 1 ширхэг / зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч, 256.000 төгрөгний хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр хохирогчоос гал асуухад намайг зайл гэж хэлээд цааш гудмаар явсан. Тэгэхээр нь уур хүрээд араас нь очоод цохьсон. Хохирогчийн эмчилгээний зардлыг ажил хийж нөхөн төлнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.П мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цаг 30 минутын үед эхнэрийнхээ найз эмэгтэйг таксинд суулгаж өгөөд буцаад гэр рүүгээ явж байх замдаа орцны үүдэнд гэнэт миний толгойн дагз хэсэг рүү цохиж, ухаан алдуулсан бөгөөд юугаар цохьсон болохыг мэдээгүй. Хэсэг хугацаанд ухаангүй байж байгаад гэртээ орсон. Тэгээд хэд хоногийн дараа Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж хагалгаанд орсон. Хагалгааны зардал болон бусад зардалд нийт 1.824.345 төгрөгийг нэхэмжилж байна. Бусад эм тарианы баримтаа өнөөдрийн шүүх хуралдаанд авч ирээгүй байгаа. Би маш их гомдолтой байна. Одоогоор миний биеийн байдал хэвийн бус, ядрангуй байгаа. Шүүгдэгч надаас гал асуусан үйл явдал огт болоогүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.П-ын мэдүүлэг / хх 18-19 /, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 55, 60-61 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11450 дугаартай дүгнэлт / хх 37-38 /, “Дамно” ХХК-ний СБ2-21-991 дугаартай тайланд / хх 40-41 /, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 79-80 /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 93 /, яллагдагч Н.Д-ын мэдүүлэг / хх 6-7 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 67 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс шийдэл” нэртэй тавилгын үйлдвэрийн ойролцоо гэртээ харихаар явж байсан хохирогч Э.П-ын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авахаар араас нь дэгээдэн унагааж, улмаар толгойн тус газар нь 5 удаа хөлөөрөө дэвсэн ухаан алдуулж, түүний халааснаас Киа 5 загварын авто машины түлхүүр, Пейлдер загварын авто машины түлхүүр, бүргэд хаалганы түлхүүр, орцны хаалганы чип / тус бүр 1 ширхэг / зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч, 256.000 төгрөгний хохирол учруулсан,
Дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн толгойн тус газар 5 удаа дэвсэж, Э.П-ын биед дагз ясны хугарал, дагз, бага тархины хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал бүхий амь насанд аюултай гэмтэл, баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.П-ын / хх 18-19 / ”... Зөгийний үүр дэлгүүрийн баруун талын гудмаар алхаж байхад араас үл таних хүн ирээд юу ч ярихгүй намайг унагаад толгой руу цохьсон. Тэгээд би ухаан алдсан. Миний халаасанд байсан гэрийн түлхүүр, орцны чип, байрны хашааны чип, машины түлхүүр, найз Оюундарийн чиптэй машины түлхүүрийг тэр хүн аваад явсан байсан” гэх мэдүүлгээр,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 55, 60-61 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11450 дугаартай дүгнэлтэд:
1. Э.П-ын биед дагз ясны хугарал, дагз, бага тархины хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дагз ясны хугарал, дагз, бага тархины хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, баруун зулайн хуйханд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх 37-38 /
“Дамно” ХХК-ний СБ2-21-991 дугаартай тайланд “...Бүргэд хаалганы түлхүүр, К5 маркын автомашины смарт түлхүүр, орцны хаалганы чип, Fielder маркийн автомашины түлхүүр зэргийг 256.000 төгрөгөөр” үнэлэв. / хх 40-41 /
Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хохирогчийн ард талаас цэнхэр өнгийн цагаан үстэй, захтай жинсэн яак, доогуураа биеийн тамирын хар өнгийн өмд, хар өнгийн пүүз, юүдэнтэй хар өнгийн малгайтай цамц өмссөн 20-25 орчим насны эрэгтэй хүн дагаж гарч ирэх бөгөөд хохирогчийг арагш нь хөлөөрөө дэгээдэж унагаад зүүн талын хөлөөрөө 5-6 удаа хохирогчийн толгой руу өшиглөж, түүний дараа өмд болон куртикны халаасыг ухаж, эд зүйл авч байгаа нь тус хяналтын камерын бичлэгт бичигдэн үлдсэн байв” гэжээ. / хх 79-80 /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Э.П-д цэнхэр өнгийн түлхүүр, цэнхэр өнгийн чип, хар өнгийн 4 товчтой чип, Киа бичигтэй машины түлхүүр зэргийг хүлээлгэн өгөв” гэжээ. / хх 93 /
Яллагдагч Н.Д-ын / хх 6-7 / “...Манай гэр офицеруудын тойргийн тэнд байдаг. Тэгээд би 100 айлын тэнд ганцаараа алхаж явж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн такси барих гээд зогсож байхаар нь би эрэгтэй хүнээс нь гал асуухад байхгүй гэхээр нь би цаашаа алхаад явсан. Тэгтэл нөгөө ах эмэгтэйгээ таксинд суулгачихаад зам гараад гудамж руу орсон бөгөөд би хойноос нь очоод тэвэрч авч дэгээдэж унагаад толгойн дээрээс нь 4-5 удаа дэвссэн. Гэтэл халааснаас нь 2 машины түлхүүр унаад газарт байхаар нь машины түлхүүрийг аваад машиныг хайж явсан боловч олдохгүй байхаар нь гэр рүүгээ явсан. Харих замдаа жуковын тэнд машины түлхүүрүүдийг модны ёроол руу шидчихсэн” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: ... Шүүгдэгч Н.Д нь бусдын эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулсан, эд хөрөнгийг дээрэмдсэн тул гэм буруутай гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.
Шүүгдэгч Н.Д-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Харин шүүгдэгч Н.Д-ыг прокуророос дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийн толгойн тус газар 5 удаа дэвсэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгий аргаар үйлдсэн” гэдэгт хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахын өмнө болон учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж үйлдсэн нөхцөл байдлыг ойлгохоор хуульчилжээ. Шүүгдэгч Н.Д-ын хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор хохирогчид халдаж, түүнийг унагаан толгой руу нь 5 удаа дэвсэж байгаа нь түүний харгис хэрцгийг илтгэж байгаа боловч түүний дээрх үйлдэл нь хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж, хүнд гэмтэл учруулах зорилго бүхий хүсэл зоригийг агуулаагүй, өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баасанжавын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Н.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх санал гаргасныг шүүх хүлээн авах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Д-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг 3 удаа үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчийн эд зүйлийг авахын тулд хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийн эрүүл мэнд бүрэн сайжраагүй, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан, эмчилгээ болон бусад зардалд 1.710.345 төгрөгийн хохирол нэхэмжилснийг нөхөн төлөөгүй, урьд 2 удаа ял шийтгүүлсэн боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв. Хохирогч Э.П-ын нэхэмжилсэн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд / хх 85 / эмчилгээний зардал 1.560.345 төгрөг, Fielder маркийн автомашины түлхүүрийн үнэ 150.000 төгрөг / хх 40-41 /, нийт 1.710.345 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Э.П-д олгож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Дын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-г журамлан шүүгдэгч ... овогт Н.Д-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ... овогт Н.Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Нямсүрэнгийн Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 / дөрөв / жилийн хугацаагаар хорих,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 / гурав / жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 7 / долоо / жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Дын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Дын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-аас 1.710.345 төгрөгийг гаргуулан хохирогч Э.П-д олгож, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
9. Н.Д-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Д.АЗЖАРГАЛ