Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00852

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 28 өдөр

 Дугаар 102/ШШ2017/00852

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, 107-116 тоот хаягт оршин суух, Хэрээд овогт Пүрэвдоржийн Содбаяр /РД: УУ89090112/-ын

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 8 дугаар байр, 2 дугаар орц, 84 тоот хаягт оршин суух, Халх овогт Санжаабээрэнгийн Орхонтуул /РД: ЧМ83042361/-д холбогдох,

 

Ажлын хөлс 1,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Содбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Содбаяр миний бие “Соlden stage” сургалтын төвийн захирал Орхонтуултай “Хүмүүн” студийн найруулагч Ш.Равдандоржоор дамжуулан танилцсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр С.Орхонтуулын хамтран уран бүтээл хийх хүсэлтээр “Дийлдэшгүй өшөө авагчид” гэх хүүхдийн киноны зураглаачаар ажилласан. Уг киноны зураглаачаар ажиллах ажлын хөлсийг 2.000.000 төгрөг гэж С.Орхонтуултай тохиролцсон бөгөөд миний бие хүүхдийн киноны ажлыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэн С.Орхонтуулд хүлээлгэж өгсөн. С.Орхонтуул уг хүүхдийн киног хүлээж аваад театр, “IР” тв-гээр гаргаж ашиг орлогоос мөнгийг өгнө гэж хэлсэн боловч шаардуулан нэхүүлж байж уг төлбөрөөс бага багаар цувуулж 650,000 төгрөгийг төлж үлдэх 1,350,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд С.Орхонтуулаас 1,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч С.Орхонтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Содбаярт төлбөрийн үлдэгдэл болох 1,350,000 төгрөгийг төлөх ёстой нь үнэн. Гэхдээ одоогоор бэлэн мөнгөөр өгөх боломжгүй байна. Бидний хийсэн кино энэ 7 хоногт скаймедиа, юнившн Ip тв-гээр гарах болсон тул уг орлогоос орж ирэх мөнгийг П.Содбаярт өгөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Содбаяр нь хариуцагч С.Орхонтуулд холбогдуулан ажлын хөлс 1,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Орхонтуул нь нэхэмжлэлийн шаардлага 1,350,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Содбаярын нэхэмжлэлтэй хариуцагч С.Орхонтуулд холбогдох ажлын хөлс 1,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,350,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,550 төгрөгийн тал хувь болох 18,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18,275 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 18,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.МӨНХТӨР