Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

2022          02         09                                    2022/ШЦТ/112

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Ц.Буянхишиг;

Шүүгдэгч М.А-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 1909046231569 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан / хх 104 /, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт М.А- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Н.О-ын гэрт нэвтрэн орж, түүний эзэмшлийн тэмээний ноосон бүс 120 ширхэг, том хүний хантааз 80 ширхэг, хүүхдийн хантааз 20 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар  авч, 3.040.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А- мэдүүлэхдээ:  ...Хохирогчид учруулсан 3.000.000 төгрөгийг ах, эгч маань нөхөн төлсөн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.О-ын мэдүүлэг / хх 60 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 32 /, гэрч Л.Ч-ын мэдүүлэг / хх 64 /, “Дамно” ХХК-ний СБ2-20-295 дугаартай тайлан / хх 82-83 /, эд зүйл хураан авсан тэмдэглэл / хх 42 /, Л.Ч-д 22.5000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 134 /, яллагдагч М.А-ийн мэдүүлэг / хх 6-7 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 99 /, оршин суух газрын тодорхойлолт / хх 103 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 104 / хохирогч Н.О-ын гомдол саналгүй гэх хүсэлт / хх 63 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.А- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Н.О-ын гэрт нэвтрэн орж, түүний эзэмшлийн тэмээний ноосон бүс 120 ширхэг, том хүний хантааз 80 ширхэг, хүүхдийн хантааз 20 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 3.040.000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 32 /,

 

Хохирогч Н.О-ын / хх 60 / “...Би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орой 18 цагийн үед төрсөн эцэг Нямын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаад хашаанд түр байрлах монгол гэртээ очсон. Тэгэхэд үүдний амбаар, гэрийн хаалганы цоож эвдэрсэн, амбаарны хаалганы гадна талд улаан өнгийн тоосго байсан. Гэртээ ороход гэрийн эд зүйл эмх цэгцгүй болсон байсан. Гэрийн баруун урд байрлах хувцасны шүүгээнд Туяагаас зээлээр авсан байсан тэмээний ноосон бүс 120 ширхэг, том хүний хантааз 80 ширхэг, хүүхдийн хантааз 20 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Мөрдөгч Эрдэнэбатын хамт камер шүүхэд М.А- байсан. Цэнхэр өнгийн цүнх үүрсэн байдалтай явж байсан. ... М.А- хохирлоос 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна гэх мэдүүлгээр,

 

Гэрч Л.Ч-ын / хх 64 / “...Манай лангуун дээр худалдаалагдаж байгаа ноосон хантааз, бүслүүрийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутын орчим үл таних 2 залуу “Эгчээ. Энэ ноосон хантааз, ноосон бүслүүрийг архины мөнгөөр авчихаач” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүмүүсээс 7 ширхэг хантааз, 8 ширхэг бүслүүр зэргийг тус бүрийг 2500 төгрөгөөр нийтдээ 22.500 төгрөгөөр авсан. Би тухайн хүмүүсээс ямар учраас ийм юм зарж байгааг лавлахад “Шартаж үхэх гээд архи авч уух гээд дээрх эд зүйлийг зарж байна гэж хэлсэн гэх мэдүүлгээр, 

 

“Дамно” ХХК-ний СБ2-20-295 дугаартай тайланд / хх 82-83 / “...Хулгайд алдагдсан эд зүйлийг 3.040.000 төгрөгөөр” үнэлжээ.

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд / хх 42 / “...Алдагдсан эд зүйлийг худалдан авсан гэх  гэрч Л.Ч-аас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгөв “ гэх,

 

Л.Ч-д 22.500 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 134 /,

 

Яллагдагч М.А-ийн / хх 6-7 / “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дамбын эцэс дээр 16 цагийн орчим хоёр хүнтэй архи уучихаад Лхамаа буюу хохирогчийн гэрт очиход хүнгүй цоожтой байхаар нь хаалганы цоожийг нь эвдээд тэмээний ноосон цамц, бүс зэрэг эд зүйлийг аваад гарсан. Тэгээд далан дагаж яваад долоон буудлын эцэс дээр авсан юм аа зарсан. Замаараа Б-тэй таарахад тэрээр юу үүрсэн явж байгаа юм гэхэд би “ Цамц зарах гэж байгаа юм” гэж хэлээд бид хоёр хамт зараад мөнгөөр нь архи авч уусан “ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.А-ид холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.А-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “ Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар ял шийтгэнэ “ заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч М.А-ид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.А-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.О-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.  

Мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэсгүүдэд байхгүй, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байх тул түүнд өршөөл үзүүлэх нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч М.А-ийн хувьд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж бусдад төлөх төлбөргүй, байнга оршин суух хаягтай зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн  ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч М.А-ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Харин шүүгдэгч М.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулав.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.А- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт М.А-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ид оногдуулсан 2 / хоёр / жилийн хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.А- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдсугай.

            7. М.А-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.А-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ