Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02145

 
 
Хэвлэх
 

perdenetsetseg Normal perdenetsetseg 1 0 2017-08-04T13:32:00Z 2017-08-04T13:32:00Z 1 1527 8704 72 20 10211 15.00 false false false false MN X-NONE X-NONE

 

 

 

 

 

 

 

 

 

   2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02145

               Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Г.Ариунаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 9 дүгээр байр, 29 тоотод оршин суух, Урианхай ургийн овогтой Готовын Мягмар /РД:ДИ64071000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг /РД:9089632/-т холбогдох,

 

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 5,994,459 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мягмар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагч 77 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхзаяа, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Г.Мягмар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгт 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 20 цагийн үед ажил дээрээ “Хүчит чулуу” гэх байгууллагын сантехникийн ажил хийх гэж хураасан байсан хулдаасанд бүдэрч унан бэртэж 2016 оны 09 сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн осол тогтоолгосон. Ингээд 10 сарын 01-нээс хойш үйлдвэрлэлийн осол тогтоолгож түүнээс хойш ажиллаагүй. 2016 оны 10 сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад 2017 оны 04 сарын 04-ний өдөр Хөдөлмөр хамгааллын магадлалын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаныг тогтоолгосон. Иймд хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 5,944,459 төгрөгийг Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрлийг зааж өгсөн бөгөөд 128.1.4-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл нь шүүхийн харьяаллын маргаан байна гэж заасан байна. Мөн 129-д тус маргааныг шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа байгаа бөгөөд 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Г.Мягмар багш нь 2016 оны 09 сарын 01-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж 09 сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн ослын акт үйлдэгдсэн байгаа. Энэ актаа Г.Мягмар багш тухайн үедээ хүлээж аваад нийгмийн даатгалын сангаас өөрийн эрхийг зөрчигдсөнийг мэдсэн учраас холбогдох тэтгэмжээ авсан. Иймд энэ хүн 09 сард үйлдвэрлэлийн осолд орсон акт гарсан буюу өөрийн эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсэн учраас боловч хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тус цэцэрлэг нь 50 гаруй ажилтны орон тоотой бөгөөд улсын төсвөөс төсөв батлагдаж ирдэг бөгөөд ажилчдын цалингийн хэмжээгээр төсөв батлагдаж ирдэг болохоос өөр илүү мөнгө, төгрөг батлагдаж ирдэггүй. Үйлдвэрийн ослын тэтгэмж өгөх боломжгүй гэдгийг цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хэлсэн. Мөн Г.Мягмар багшийг өвчтэй байх үед нь харж хандалгүй хөсөр хаяж, ямар нэгэн байдлаар хохироосон зүйл огт байхгүй. 2016 оны 09 сар, 2017 оны 04 сард цалин өгсөн. 2016 оны 09 сард цэцэрлэг ажиллаагүй. Гэхдээ энэ хүн өвчтэй байгаа учир цалинг нь олгоё гэж өгсөн. Мөн 2017 оны 04 сард цалин өгсөн. Иймд 7 сарын цалин нэхэж байгаа нь үндэслэлгүй. 7 сарын цалингаас 2 сарын цалинг урьдчилаад авсан байгаа учраас нэхэмжлэгчийг маргах зүйлгүй гэж үзэж байна. Оноос өмнөх баримтуудаа байгууллагууд нягтлаад архивт шилжүүлдэг учраас 09 сард өгсөн цалингийн баримтыг авчирч өгч чадсангүй. Гэхдээ Г.Мягмар багшийг цалин авсан гэдгээ хүлээн зөвшөөрөх байх гэж үзээд нотлох шаардлагагүй гэж үзлээ. Байгууллагын ажилчид нийлж мөнгө өгсөн. “Хүчит чулуу” ХХК мөнгө өгсөн. Энэ хүнийг өвчтэй байх хугацаанд нь бид хаяагүй. Цэцэрлэгийн төсөв мөнгөний хүрэлцээ байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Үйлдвэрлэлийн осол гэдэг нь тухайн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад нөлөөллийн хүчин зүйлийн улмаас осолд орсон тохиолдолд үйлдвэрлэлийн осол гэж үздэг. Гэтэл Г.Мягмар багш нь зүгээр үүдээр гарч яваад бүдэрч унасан. Байсан газар нь ажлын газар байсан учраас байгууллага буруутай болж харагдаж байгаа болохоос энэ хүнийг ажил үүргээ гүйцэтгэх байхад нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болоод ч юм уу энэ хүний эрхийг хохироосон зүйл байгууллагад байхгүй байгааг шүүх харгалзан үзэхийг хүсч байна. 7 сарын цалин гэж 5,944,459 төгрөг нэхдэг. Мөн хөдөлмөрийн гэрээн дээрээс тухайн хүний цалинг харахаар 608,000 төгрөг байдаг. 608,000 төгрөгийг 7 сараар бодоод үзэхэд 4,256,000 төгрөг байдаг. Гэтэл 5,944,459 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Мягмар нь хариуцагч Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгт холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны нөхөн төлбөрт 5,994,459 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Мягмар нь 2016 оны 09 сарын 01-ний өдрийн 20 цагийн үед ажлын байран дээрээ буюу Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгт барилгын засварын ажил хийж байсан “Хүчит чулуу” ХХК-ийн хураасан хулдаасанд тээглэн унаснаас түүний зүүн гар хугарч, нүүр, цээж баруун хөлдөө гэмтэл авсан байна.

 

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 09 сарын 23-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон байх ба хариуцагч нь дээрх актад маргаагүй байна. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын  2017 оны 04 сарын 04-ний өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 6 сараар тогтоосон байна. /хх-ийн 6, 7 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа...31-50 хувь алдсан ажилтанд 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг  ба түүнээс дээш удаа олгоно” гэж заажээ.

 

Хариуцагч байгууллага нь “...Г.Мягмарт 2016 оны 09, 2017 оны 04 сарын нийт 2 сарын цалин олгосон..., хамтын гэрээний дагуу болон хамт олноос мөнгө өгсөн, нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан боловч 2 сарын цалинг үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж гэж олгосон болохыг баримтаар нотлоогүй байна. Мөн хамтын гэрээ, хамт олноос өгсөн мөнгөн тусламж, нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрт тооцохгүй.

 

Нэхэмжлэгчийн үйлдвэрлэлийн ослын улсаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс  2017 оны 04 сарын 04-ний өдөр тогтоосон тул хөөн хэлэлцэх хугацаа энэ өдрөөс тоолох ба нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 7 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин 5,994,459 төгрөг нэхэмжилсэн боловч талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин 608,000 төгрөг байхаар тохиролцсон байна. Хэдийгээр нэхэмжлэгч Г.Мягмарын Нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 01 сараас 2016 оны 12 сард түүний авсан цалингийн бичилт хийгдсэн байх боловч уг баримтаар цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллыг нотолсон бодит хэмжээ гэж үзэх боломжгүй, нөгөө талаар нэхэмжлэгч нэмэгдэл цалин, урамшууллын талаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.   

 

Иймд нэхэмжлэгчийн үндсэн цалин 608,000 төгрөг болох нь баримтаар нотлогдсон тул 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 4,256,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,738,459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 83,046 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгээс 4,256,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мягмарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,738,459 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Мягмар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 83,046 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Г.АРИУНАА

 

                                                                        Ч.МӨНХЦЭЦЭГ