Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2182

 

Р.Өны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 101/ШШ2017/02458 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Ө хариуцагч С.С холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 975 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн С.Сгын хүсэлтийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 16- ны өдөр 2 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буцаан авахаар "Зээлийн гэрээ" гэрээ байгуулан тус зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 167 хоногийн алданги, үндсэн зээлийн үлдэгдэл 1 950 000 төгрөг, түүний алданги болох 975 000 төгрөг, нийт 2 925 000 төгрөгийг хариуцагч С.Сгоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Снь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Ө эгчээс 2 сарын хугацаатай 2 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр н.Т эгчээр зуучлуулан авсан. Уг гэрээг хийсэн өдөр мөнгө нь бэлэн байгаагүй тул 2 өдрийн дараа буюу 9 дүгээр сарын 18-ны өдөр мөнгө шилжүүлчихлээ гэж н.Т эгч утсаар яриад миний дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Би н.Тэгчийг гэрээний дагуу зээлээ өгсөн гэж ойлгож байгаа. Зээлсэн мөнгөө Р.Ө эгчийн данс уруу хийдэг байсан, зээлийн нийт 3 000 000 төгрөг төлөх ёстойгоос 1 300 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр болох 1 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Зээл авах үед н.Х эгч цуг зээл авсан, нэг хүний мөнгө өглөө, маргааш чиний мөнгийг өгнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч С.С холбогдох зээлийн гэрээний үүрэгт иийт 2 925 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Өны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Р.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулагдсан өдөр 2 500 000 төгрөгийг бэлнээр олгосон гэж тайлбарласан боловч нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Мөн зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар батлуулсан бөгөөд Сгын гарын үсэг зурагдсан, хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тул надад бусад нотлох баримтаар нотлох шаардлага байгаагүй. Би мөнгөө бэлнээр аваад нотариат дээр гэрээ байгуулан ажлаас дуудсан учраас С зээлдүүлсэн 2 500 000 төгрөг болон гэрээг Нотариатчаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр н.Т, н.Х, нарт "мөнгийг өгч, гэрээнд гарын үсэг зуруулаад надад өгөөрэй" гээд орхиод явсан. С.С, н.Х нар нь зээл авснаасаа хойш буюу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр "2016 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр 5 000 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг н.Т өөрийнх хүсэлтийн дагуу 250 000, 2 500 000 төгрөгийг өгсөн нь үнэн, үлдэгдэл төлбөрөө төлөх болно" гэж тооцоо нийлээд үлдэгдэл төлбөрөө төлөх баталгаа бичиж өгч байсан учраас С мөн 2 500 000 төгрөгийг авсан гэдгээ нотолдог.

 Гэтэл бодит байдалд хариуцагчид зээл олгосон гэж үзэх боломжгүй байна гэжээ. Энэхүү дүгнэлт нь харин ч бодит амьдралаас хэтэрхий зөрүүтэй дүгнэлт хийж, С надаас мөнгө аваагүй байтлаа яагаад надад мөнгө төлөөд байгаа, мөн өөрөө би авсан мөнгөө буцааж төлсөн, үлдэгдэл мөнгийг төлнө гэж өөрийнхөө эсрэг тайлбарлаад байгаад дүгнэлт хийгээгүй. С надад 1 050 000 төгрөг өгсөн болон сүүлд тооцоо нийлээд бичиж өгсөн "Баталгаа гаргах нь" гэх баримтыг хэрхэн шүүх үнэлж байгааг шийдвэртээ тусгаагүй. Нэхэмжлэл гаргаагүй, мөнгө шилжүүлснээс өөр ямар ч сураггүй н.Ж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж мөнгөө нэх гээд миний нэхэмжпэлийг шийдвэрлэсэн шийдвэрт зааж байгаа нь утгагүй бөгөөд энэ үндэслэлээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Хариуцагч ч 2 500 000 төгрөг авсан үүнээс 2 000 000 төгрөгийг дансаар авсан, 250 000 төгрөгийг н.Т түүний хэлсний дагуу өгсөн, 250 000 төгрөгийг н.Тлын данснаас Р.Өны данс руу шилжүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд баталгаанд энэ талаар бичигдсэн байдаг. Гэтэл шүүх 500 000 төгрөгтэй холбоотой асуудлыг огт шийдвэрлээгүй орхигдуулсан. Ийнхүү үндэслэлгүйгээр миний нэхэмжлэлийн шаардлага 2 925 000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

             Нэхэмжлэгч Р.Ө нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2 925 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 1 700 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч зээлээр авсан мөнгийг буцаан төлсөн гэж маргажээ. /хх.31/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Р.Өнь гэрчээр Б.Х, Р.Т нарыг асуулгах хүсэлт /хх.1/ гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах үүрэгтэй. Гэтэл шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10102 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжид эрх, үүрэг тайлбарлаж танилцуулахыг шүүгчийн туслах Т.Адаалгасан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж ойлгоно.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т  шүүгчийн туслах нь “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” чиг үүрэгтэй байхаар заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө биечлэн хэрэгжүүлэхэд хамаарахгүй болно. Шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэж үл болно.

 

Талууд өөрсдөө бие даан баримтаа гаргаж, чөлөөтэй мэтгэлцэх зарчмаар явагдах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг шүүхийн зүгээс тайлбарлан өгөх нь эрхээ хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл болно. Шүүхийн зүгээс гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,   168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/02458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Ө давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ                                   Т.ТУЯА

 

                                                                                        Д.ЦОГТСАЙХАН   

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ