Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01526

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01526

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23Б дугаар байр, 78 тоотод оршин суух, Элжэгэн овогт Маамуугийн Цэрэнбатын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 60 дугаар байр, 26 тоотод оршин суух, Сартуул овогт Чойжилжавын Цэрэнлхамд холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 21.020.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч Ч.Цэрэнлхам, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, гэрч Б.Болорцэцэг, нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Цэрэнбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжидийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Цэрэнбат, хариуцагч Ч.Цэрэнлхам нар нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ЭТӨЧ 67 дугаар байрны 1 давхарт байрлах 124 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн хугацаатай, 1 сарын 2,232,000 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь тухайн обьектод Дариа нэртэй гоо сайхан, галбиржуулах тураах төвийг нээж ажиллуулсан. Хариуцагчийн 2013 онд М.Цэрэнбатын охин Ц.Буянзаяад урьдчилгаанд өгсөн гэх 5,400,000 төгрөг нь 2013 оны 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцогдсон, мөн тухайн оны үлдэгдэл төлбөрийг цувуулж өгч дуусгасан буюу 2013 онд 9,280,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн. 2014 оны 1 дүгээр сарын 25-нд 1,000,000 төгрөг, н.Заяагийн 600,000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2,200,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 600,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,100,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5 сарын түрээс гэж 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн ба нийт үлдэгдэл 2,600,000 төгрөг болсон байсан. 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 740,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 320,000 төгрөгийг хамт ажилладаг н.Номингоор дамжуулж тус тус өгч төлүүлсэн. Түрээслэгч Ч.Цэрэнлхам 2014 онд түрээсийн төлбөрт нийт 10,560,000 төгрөг төлсөн ба 2014 оны үлдэх төлбөр нь нийт 16,536,000 төгрөг болсон. 2015 оны 1, 2 саруудын түрээсийн 4,464,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ч. Цэрэнлхамаас 2014 оны түрээсийн төлбрийн үлдэгдэл 16,536,000 төгрөг, 2015 оны түрээсийн төлбөрт 4,464,000 төгрөг, нийт 21,020,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангийн 10,000,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 21,020,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ч.Цэрэнлхамын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 6 дугаар сарын эхээр Цэрэнбатын охин Буянзаяа ирж уулзан ... манай аав надад үйлчилгээний зориулалттай болгож засаж янзалсан байр бэлэглэсэн, чи нэг сарын 1,800,000 төгрөгөөр түрээслэхгүй юм уу... гэж хэлсний дагуу өөр ажил хийх гэж байснаа болиод байрыг нь түрээслэхээр болж уг байранд өөрийн хөрөнгөөр нийт 25,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Ингээд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ хийх болоход тухайн түрээсийн байр нь найзын маань аав болох Цэрэнбатын нэр дээр байсан тул арга буюу Цэрэнбаттай нь гэрээ хийж нэг сарын 2,230,000 төгрөгөөр уг байрыг 5 жилийн хугацаатай түрээсэлсэн. Түрээсийн гэрээ байгуулахаас өмнө охин Буянзаяад нь аавынх нь өмч гэдгийг мэдээгүй байхдаа түрээсийн урьдчилгаа 5,400,000 төгрөг өгсөн байсан. Буянзаяа ...аавд битгий хэл би нөхөөд өгнө гэж гуйсных нь дагуу хэлэхгүй явсаар арга буюу аавд нь мэдэгдэж, өгсөн мөнгөө суутгуулсан. Миний бие 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүүхдээ дутуу төрүүлсэн. Биеийн эрүүл мэндийн байдлаас болж цаашид ажиллах боломжгүй болсон тул найз Бүянзаяад ажиллүулах боломжгүй болсон тухайгаа хэлэхэд ...би түлхүүрийг нь авчихъя гээд манай нөхрөөс тлхүүрийг авч хулээн авсан. Дотор тохижилтыг бүгдийг нь хүлээлгэж өгсөн. Буянзаяа надаас байраа хүлээн авсаныхаа дараа уг салоныг ажиллуулж, мөн бусдад түрээсэлж, өөрөө дотор нь амьдарч байсан. 25,000,000 төгрөгийн тохижилтоо хүртэл найз юм чинь аваад яах вэ гээд уг түрээсийн байранд нь үлдээсэн. Энэ хугацаанд Цэрэнбат нь нэг ч удаа надаас түрээсийн төлбөр нэхэж огт ярьж байгаагүй. Гэтэл 2 жилийн дараа гэнэт шүүхдэж байгаа ойлгохгүй байна. Энэ 2 жилийн хугацаанд бусдад түрээслэн өөрсдөө амьдарч байсан учраас миний бие гэрээг цуцлагдсан гэж үзэж байна. Хэрэв түрээсийн гэрээ цуцлагдаагүй гэж байсан бол тухай бүр түрээсээ нэхэн ярих байсан. Иймээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Цэрэнлхам нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 67 дугаар байр, 1 дүгээр давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 124 м.кв талбайг гоо сайхны салон ажиллуулах зорилгоор түрээсэлсэн. Талууд 5 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ нь хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгэгдээгүй учраас хуульд заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ юм. Уг гэрээний дагуу 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сар хүртэл түрээсэлсэн. Л.Цэрэнлхам нь гоо сайхны салон ажиллуулах зорилгоор тухайн түрээсийн байранд 25,000,000 төгрөгийн засвар хийсэн. Тэгээд Ч.Цэрэнлхам нь төрөх болсон учраас уг түрээсийн байрны түлхүүрийг 2014 оны 5 дугаар сард Цэрэнбатын охин Ц.Буянзаяад хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш Ч.Цэрэнлхам тухайн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй. Түрээсийн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Б.Болорцэцэг /Номин/ гэдэг хүн Ч.Цэрэнлхамын ажилтнаар ажиллаж байсан. Тэгээд Ц.Буянзаяад байрны түлхүүрийг хүлээлгэж өгөхөд Ц.Буянзаяа нь Б.Болорцэцэгтэй ярилцаад тухайн гоо сайхны салоны үйл ажиллагааг үргэлжлүүлсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч М.Цэрэнбат өөрөө мэдэж байсан. Тухайн байрыг Ч.Цэрэнлхам хүлээлгэж өгөхдөө төлбөр тооцоогүй байсан. Тиймээс үлдэгдэл төлбөрийн асуудал Ц.Буянзаяатай холбоотой болохоос биш Ч.Цэрэнлхамтай холбоогүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Цэрэнбат нь хариуцагч Ч.Цэрэнлхамд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 21,020,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... орон сууцыг 2014 оны 5 дугаар сараас хойш түрээслээгүй, ...түрээслэх хугацааны төлбөрийг бүрэн төлсөн, ...түлхүүрийг буцаан өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэн маргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөрт 21,020,000 төгрөг, алдангид 10,000,000 төгрөг, нийт 31,020,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид нь алдангийн 10,000,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 21,020,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасантай харшлахгүй. Нэхэмжлэгч М.Цэрэнбат нь итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжидэд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхийг олгосон нь хэрэгт авагдсан Итгэмжлэл-ээр тогтоогдож байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан ажлын байр түрээслэх гэрээ-ээр түрээслэгч Ч.Цэрэнлхам нь түрээслүүлэгч М.Цэрэнбатын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204051110 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 67 дугаар байр, 2 тоотын 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг галбиржуулан тураах төв-ийн зориулалтаар, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, 1 м.кв-ыг 18,000 төгрөгөөр буюу нэг сарын 2,232,000 төгрөг, жилийн 26,784,000 төгрөгөөр түрээслэх, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар харилцан тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000255444 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ хэрэгжсэн, гэрээний дагуу тодорхой хугацааны дагуу төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Гэвч 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлээс үзвэл нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө бүхэлд нь түрээслүүлээгүй байна. Учир нь нэг сарын түрээсийн нийт төлбөр нь 2,232,000 төгрөг, 1 м.кв-ын төлбөр нь 18,000 төгрөг гэж талууд гэрээгээр тохиролцсоноос дүгнэвэл /2,232,000:18,000=124/ нэхэмжлэгч нь 144 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнийхөө 124 м.кв талбайг хариуцагчид түрээслүүлсэн буюу өөрөө хэлбэл хэсэгчлэн түрээслүүлжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн бусдад түрээслүүлэхэд мөн зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэх хуулийн шаардлага хамаарахгүй, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны талаар маргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч 2015 оны 3 дугаар сар хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан гэж, хариуцагч нь ...2014 оны 5 дугаар сар хүртэл ашигласан гэж тус тус маргажээ.

 

Гэрч Ц.Буянзаяагийн Цэрэнлхам салоноо 2013 оны 8 дугаар сараас 2015 оны 2 дугаар сар хүртэл ажиллуулсан, гэрч Ц.Нурмаагийн ... би 2014 оны 11 дүгээр сард ажилд ороод 2015 оны цагаан сарын өмнө ажлаасаа гарсан, Номин нь Цэрэнлхамын удирдлаганд ажилладаг байсан гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан Дариа 2013 он гэх эхлэлтэй мөнгө хүлээлцсэн тухай баримтад ... 2015 оны 1 дүгээр сарын 25-нд өмнөх оны 5 сарын /11,160,000/ төг бүрэн өгнө Номин гэж тэмдэглэгдсэн болон гарын үсэг зурагдсанаас үзэхэд хариуцагч нь 2015 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд М.Цэрэнбатын үл хөдлөх эд хөрөнгийг хэсэгчлэн түрээсэлж байсан нь нотлогдож байна. Хариуцагч Ч.Цэрэнлхам нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл түрээсэлсэн тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх ёстойгоос 2013 оны төлбөрийг бүрэн төлсөн, 2014 онд нийт 26,784,000 төгрөг төлөх ёстойгоос 10,228,000 төгрөгийг төлсөн нь дээрх мөнгө хүлээлцсэн тухай баримтаар тогтоогдож байна .

 

Иймд хариуцагч Ч.Цэрэнлхамаас 2014 оны үлдэгдэл төлбөр 16,556,000 төгрөг, 2015 оны 1, 2 дугаар сарын төлбөр 4,464,000 төгрөг, нийт 21,020,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэрэнлхамаас 21,020,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэрэнбатад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР