Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125 

 

 

 

 

 

 

 

  2022        02         11                                   2022/ШЦТ/125       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Г.Баярмаа;

Шүүгдэгч А.Ц-, түүний өмгөөлөгч Б.Булгантамир;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000690165 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт А.Ц- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MPM” товерын гадна автомашинаас буухдаа гээгдүүлсэн иргэн Л.С-ийн А.Ц-гийн эзэмшлийн Айфоне-12 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.950.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.С-ийн мэдүүлэг / хх 10 /, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 19 /, “Дамно” ХХК-ний СБ1-21-1633 дугаартай тайлан / хх 14 /, хохирол төлсөн баримт / хх 25 /, яллагдагч А.Ц-гийн мэдүүлэг / хх 31-32 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 35 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Ц- нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MPM” товерын гадна автомашинаас буухдаа гээгдүүлсэн иргэн Л.С-ийн эзэмшлийн Айфоне-12 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.950.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч Л.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 09 минутын орчимд MPM товерын гадна машинтай ирж зогсоод машины арын хаалгаар бууж дотогш ороод гар утсаа гаргах гэтэл байхгүй байсан. Би машинаасаа буухдаа унагаачиж гэж бодоод буцаж гараад машины ойр орчим үзэхэд байгаагүй ба залгахад дуудаж байсан. Камерын бичлэг шүүж үзэхэд гар утсаа унагаасан байсан бөгөөд намайг буусны дараа улбар шар өнгийн хүрэмтэй, ягаан өнгийн цамцтай, юүдэн малгай өмссөн эмэгтэй хүн зүүн талаасаа ирээд машины хажуугаар гарахдаа унасан утсыг аваад урагш явж байсан гэжээ. / хавтаст хэргийн 10 дахь тал /

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 19 дэх тал /

 

“Дамно” ХХК-ний СБ1-21-1633 дугаартай тайланд “...Iphone 12 маркийн утсыг 1.950.000 төгрөгөөр” үнэлжээ. / хавтаст хэргийн 14 дэх тал /

 

Яллагдагч А.Ц-гоос хохирлын 1.950.000 төгрөгийг хохирогч Л.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 25 дахь тал /

 

Яллагдагч А.Ц- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Би MPM товерт байрлах Хаан банкны руу явж байгаад 13 цагийн орчимд газраас ногоон өнгийн Айфоне 12 маркийн гар утас олсон. Тэгээд надад мөнгөний хэрэг болсон тул фэйсбүүкт зар тавиад 580.000 төгрөгөөр зарсан гэжээ. / хавтаст хэргийн 31-32 дахь тал /

 

Шүүгдэгч А.Ц-гоос 2022 оны 01 дүгээр сарын 25-ны яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 31-32 дахь тал / 

 

Шүүгдэгч А.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ц-гийн үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Прокуророос шүүгдэгч А.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч А.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Л.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 40 / гэсэн тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ц-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт А.Ц-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, А.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Ц- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. А.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  А.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ