Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
Хэргийн индекс | 185/2022/0115/Э |
Дугаар | 2022/ШЦТ/138 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/138
2022 02 14 2022/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
Улсын яллагч Л.Мажигсүрэн;
Шүүгдэгч Ц.А-;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109017200083 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 8, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ц.А- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2021 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... тоотод иргэн Д.Д-г таксигаар хүргэж үйлчлэхдээ гээгдүүлсэн Самсунг А51 загварын гар утсыг олж, улмаар бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хууль бусаар авч ,завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Д-гийн мэдүүлэг / хх 10-11 /, насанд хүрээгүй гэрч Ц.А-гийн мэдүүлэг / хх 30 /, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 17 /, “Дамно” ХХК-ний СБ2-21-1015 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 38 /, яллагдагч Ц.А-ийн мэдүүлэг / хх 5 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 43 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 47 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн ... тоотод иргэн Д.Д-г таксигаар хүргэж үйлчлэхдээ гээгдүүлсэн Самсунг А51 загварын гар утсыг олж, улмаар бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл эзэмшилд хууль бусаар авч, завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Д-гийн / хх 10-11 / “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шөнийн 01 цаг 30 минутын үед барилгын ажлаасаа буугаад Багшийн дээдийн автобусны буудлаас таксинд суусан. Таксинаас буухдаа арын суудал дээр өөрийн Самсунг А51 загварын гар утсаа мартаж буусан. Гэртээ ороод гар утсаа мартаж бууснаа мэдээд өөрийн 88702245 дугаараас 88858654 дугаараас 4 удаа залгахад дуудаж байсан боловч утсаа авахгүй байсан гэх мэдүүлгээр,
Насанд хүрээгүй гэрч Ц.А-гийн / хх 30 / “...Би сар өдрөө санахгүй байна. Ах өглөө машинаа цэвэрлэнэ гээд гарсан. Орж ирэхдээ “ Машинаа цэвэрлэж байгаад оллоо гээд Самсунг А51 загварын цагаан өнгийн гар утас барьсан ирсэн. Би утасгүй байсан болохоор гуйж байгаад тэр олсон утсыг нь аваад 1 хоног барьсан. Ах надаас эзэн нь олдсон гэнэ гээд буцаагаад авсан гэх мэдүүлгээр,
Хохирогч Д.Д-д Самсунг А51 загварын гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 17 /
“Дамно” ХХК-ний СБ2-21-1015 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг А51 маркийн гар утсыг 717.600 төгрөгөөр” үнэлжээ. / хх 38 /
Яллагдагч Ц.А-ын / хх 5 / “...Тухайн өдөр би таксинд явж байгаад Багшийн дээдээс хүмүүс гар өргөхөөр нь аваад Дарь-Эхэд хүргэж өгсөн. Нөгөөдөр өглөө нь би машинаа цэвэрлэж байгаад жолоочийн эсрэг талын суудлын доод завсраас гар утас олсон. Уг утас унтарсан байсан. Асааж үзэхэд кодтой байсан бөгөөд хэзээ ямар хүн үлдээсэн талаар мэдэхгүй байсан учир өөр дээрээ байлгаж байгаад дүүдээ өгсөн гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-ын үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Ц.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.Д- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 17 / гэсэн тул Ц.А- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Ц.А-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.А- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ