Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

  Нарийн бичгийн дарга С.Уянга,

        Улсын яллагч М.Берикбол,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

        Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2238000000076 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Цээнт” гэх газрын ойгоос 2021 оны 11 дүгээр сард 3 ширхэг босоо модыг огтолж, 4.86 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 69-77 ТӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Түнэл сумаас Мөрөн суманд тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Цээнт” гэх газрын ойгоос 2021 оны 11 дүгээр сард 3 ширхэг босоо модыг огтолж, 4.86 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 69-77 ТӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Түнэл сумаас Мөрөн суманд тээвэрлэж экологи эдийн засагт 2,458,899 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000076 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Цээнт” гэх газар луу түлээний мод хийхээр өөрийнхөө портер маркийн 6977 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Модонд очоод 3 ширхэг босоо хуурай мод цахилгаан хөрөөгөөр огтолж унагаагаад 150 орчмын урттай тайрч машиндаа ачсан. Тэгээд тэр модоо Түнэл сумын төв “Дэнж” гэх газарт амьдардаг дүү Отгонпүрэвийн хашаанд модоо буулгачихсан байсан юм. Тэр модоо түлээгүй байж байгаад суманд гоожин бичихгүй байхаар нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр модоо ачаад аймгийн төв рүү худалдахаар орж ирсэн. Орж ирээд эгч Ренчинхандын гэрт хоноод маргааш нь машинаа асааж гараад явж байхад 10 дугаар хороо хөх толгой гэх нэртэй газрын гудамжинд машины түлш дуусаад зогссон. Түлшиндээ явчхаад ирэхэд машины хажууд цагдаа ирчихсэн зогсож байсан. Цагдаа надтай уулзаад модны бичиг баримт байна уу гэж асуухаар нь байхгүй л гэж хэлсэн. Тэгээд л шууд модтой машиныг журмын хашаа руу ачдаг машинаар ачиж авч явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хх-ийн 4-6-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-8-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 10-12-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 13-16-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...****************нь 2021 онд мод бэлтгэх эрхийн бичиг надаас бол аваагүй. ...Манай суманд ганцхан 3 дугаар мужтай газар байдаг. Энэ нь Зуны гол гэх нэртэй газрыг хэлдэг...Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг сумын орлогын дансанд тушаалгаж өгнө үү... ” гэх мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөх толгойн” хоёр гудамжны гол хэсэгт түлээний мод ачсан портер маркийн 6977 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад ****************нь модны бичиг баримт, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод тээвэрлэж явсан. Уг модыг хаанаас тээвэрлэснийг асуухад Түнэл сумаас тээвэрлэн авчирсан гэж хэлсэн. Яагаад модны бичиг баримтаа аваагүйг асуухад дугарахгүй байж байснаа гоожин аваагүй л гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),

   Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...69-77 ТӨА улсын дугаартай машиныг Лхамсүрэнд 3,500,000 төгрөгөөр худалдсан...Лхамсүрэн ах цагаан сарын үеэр уулзахад бичиг баримтгүй мод Түнэл сумаас Мөрөн сум руу тээвэрлэж  яваад цагдаад баригдсан гэж ярьж байсан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),

Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженер Н.Даваадалайгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай:

“...иргэн ****************модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4.86 м3 түлээний хуурай шинэс мод байв.

2. ****************бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Түнэл сумын Цээнт гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 115-р хэсэглэлд хамаарах ба хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.

3. Түнэл сумын Цээнт гэх газар нь тусгай хамгаалалтад орохгүй.

4. ****************мод бэлтгэн тээвэрлэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээгүй тул хэмжилт хийж экологи эдийн засгийн үнэлгээ тооцов. Бүх төрлийн хуурай мод 168655, итгэлцүүр 1, модны хэмжээ 4.86 м3, Экологи эдийн засгийн үнэлгээ 819,663.3 төгрөг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт “...иргэн зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглоно/-ыг, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн байна.

5. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлал тооцсон” гэх дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас),

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэчимэгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 819,663.3 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлэхэд 2,458,899 төгрөг  гэх дүгнэлт (хх-ийн 39-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн №10011015 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 43-44-р хуудас),

Ашид Билгүүний ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ- 622/2894 дугаартай “...2022 оны 2 сарын байдлаар 4.86 м3 хуурай түлээний мод 214, 000 төгрөг болохыг тодорхойлов” гэх хөрөнгө үнэлгээний тайлан, (хх-ийн 50-52-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-622/3092 дугаартай цахилгаан хөрөө үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 57-59-р хуудас),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн үнэмлэхийн хуулбар (хх-ийн 75, 77-79-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000076 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль

ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

       Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

        Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Цээнт” гэх газрын ойгоос 2021 оны 11 дүгээр сард 3 ширхэг босоо модыг огтолж, 4.86 м3 модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, 69-77 ТӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Түнэл сумаас Мөрөн суманд тээвэрлэж экологи эдийн засагт 2,458,899 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хх-ийн 4-6-р хуудас),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-8-р хуудас),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 10-12-р хуудас),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 13-16-р хуудас),

 

Иргэний нэхэмжлэгч ****************(хх-ийн 20-р хуудас), гэрч ****************(хх-ийн 24-р хуудас), гэрч ****************(хх-ийн 26-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн инженер Н.Даваадалайгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас),

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Эрдэнэчимэгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 39-р хуудас),

 Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн №10011015 дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 43-44-р хуудас),

Ашид Билгүүний ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ- 622/2894 дугаартай “...2022 оны 2 сарын байдлаар 4.86 м3 хуурай түлээний мод 214,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх хөрөнгө үнэлгээний тайлан, (хх-ийн 50-52-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-622/3092 дугаартай цахилгаан хөрөө үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 57-59-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

    Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 819,663 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2,458,899 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 2,458,899 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч ****************нь урьд 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 75-р хуудас)-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч ****************эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000076 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Портер маркийн 69-77 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн ****************өмчлөлд байх тул тээврийн хэрэгслийн үнэлгээ 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн хохирол 2,458,899 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод оруулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг “Хүдрэнт шүтээн” ХХК-ний хашаанд битүүмжлэгдсэн 4.86 м.куб шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ****************2,458,899 (хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга найман зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн  2238000000076 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Портер маркийн 69-77 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн хохирол 2,458,899 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод оруулах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг “Хүдрэнт шүтээн” ХХК-ний хашаанд битүүмжлэгдсэн 4.86 м.куб шинэс модыг  хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Эрүүгийн  2238000000076 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ****************нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР