Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

 2022         02           15                                      2022/ШЦТ/149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Э.Билгүүн;

Шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Д.Цолмон;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109016890047 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер мэргэжилтэй, “...” ХХК-д аж ахуйч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ц.М- нь;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны урд талын зам дээр иргэн С.Х-ы ... улсын дугаартай Тоёота Ранкс маркийн Юү Би Каб / UB cab / таксинд гээгдүүлсэн үүргэвчтэй Делл загварын нөүтбүүкийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М- мэдүүлэхдээ:  ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Таксины жолоочийн эсрэг талын суудалд суухад үүргэвчтэй нөүтбүүк байхаар нь хүн орхиж гэдгийг мэдээд аваад буусан. Нөүтбүүкийг форматласан нь миний буруу. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Х- мэдүүлэхдээ: ... 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим би ажлаасаа гараад такси дуудаж суухдаа өөрийн нөүтбүүк болон цүнхтэй суусан. Хагас сайнд ажлаа хийх гэхэд алга байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Миний нөүтбүүкт баримт мэдээлэл, гадаад улсын файл байсан учир компьютерын хардыг 450.000 төгрөгөөр солиулсан. Мөн файл уншуулахад 300.000 төгрөг, нийт 750.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд уг хохирлоо авсан тул гомдол саналгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Х-ы мэдүүлэг / хх 19 /, гэрч А.Б-гийн мэдүүлэг / хх 24 /, гэрч П.Х-ын мэдүүлэг / хх 31 /, хохирогч эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 13-14 /, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 38 /, Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 50/12894 дугаартай албан бичиг / хх 45 /, яллагдагчийн мэдүүлэг / хх 6 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх 56 /, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт / хх 59 /, “...” ХХК-ний тодорхойлолт, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 63 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны урд талын зам дээр ... улсын дугаартай Тоёота Ранкс маркийн Юү Би Каб / UB cab / таксинд гээгдүүлсэн хохирогч С.Х-ы үүргэвчтэй Делл загварын нөүтбүүкийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 1.590.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч С.Х-ы / хх 19 / “...Тухайн өдөр би оффисоос Юу Би Каб такси дуудлагаас такси дуудаад 20 цаг 50 минутын орчимд ажлаасаа гараад тухайн таксинд суугаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны урд байх автомашины зам дагуу зогсоод буусан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ ажлаа хийх гээд нөүтбүүкээ хайхад байхгүй байсан. Тэгээд тухайн таксины жолоочийн дугаар руу залгаж асуухад “ Чамайг буулгачихаад би ариутгасан. Би ариутгал хийхдээ суудлаасаа иргэд рүү хараад ариутгагч шүршдэг. Тийм эд зүйл байгаагүй гэсэн. ...Би гээсэн эд зүйлээ бүрэн хүлээн авсан. Миний нөүтбүүкт манай ажлын файл мэдээлэл, программууд байдаг байсан боловч форматласан байсан. Иймд сэргээлгэхтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ“ гэх мэдүүлгээр,

 

Гэрч А.Б-ийн / хх 24 / “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Ранкс маркийн автомашинаар таксинд явж байгаад Юу Би Каб такси үйлчилгээнд бүртгэлтэй болохоор надад Очир хаус гэсэн дуудлага ирэхээр нь очсон. Тэндээс нэг нүдний шилтэй эмэгтэй аваад Хангай хотхонд хүргэж өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа залгаад  “ Эгчээ би 4 дэх өдөр таны таксигаар хүргүүлсэн хүн байна. Би нөүтбүүк дээрээ юм хийх гэсэн байдаггүй. Таны машинд үлдээсэн байна уу” гэхэд нь би “Мэдэхгүй. Эгч нь хараагүй. Чамайг буулгаад арын суудлаа хараад ариутгахад байгаагүй” гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс “Та авсан” гэхээр нь би “Хүн гүтгэх хуультай шүү “ гэсэн. Одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна гэх мэдүүлгээр,

 

Гэрч П.Х-ын / хх 31 / “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орой 21 цаг 45 минутын үед Төв номын сангийн автобусны буудал дээр зогсоод такси барихаар зам дээр гар өргөхөд саарал өнгийн автомашин зогссон. Тэгэхэд нэг эрэгтэй хүн зөрж буугаад таксины мөнгө авчирна гээд явсан. Би тэр таксинд суугаад автобусны буудлаас хөдлөөд скайтал руу эргэж зогсоод таксины мөнгө өгөх хүнийг хүлээгээд 2-3 минут болсон. Тэр эрэгтэй ирээд таксины жолоочид бэлэн мөнгө өгөөд хойд хаалга онгойлгоод хар өнгийн үүргэвчийг аваад явсан гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...i7 Делл маркийн компьютерыг 1.590.000 төгрөгөөр” үнэлжээ. / хх 38 /

 

Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 50/12894 дугаартай албан бичиг / хх 45 /

 

Яллагдагч Ц.М-аас “Делл загварын 1 ширхэг нөүтбүүк, үүргэвч 1 ширхэг, ягаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1, компьютерын хулгана, чихэвч 1 ширхэг зэрэг эд зүйлийг авч, хохирогч С.Х-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 13-14 /

 

Яллагдагч Ц.М-ы / хх 6 / “...Тухайн үед таксинд суухад миний сууж байсан арын суудал дээр өмнөх хүн нь орхисон бололтой гэмээр цүнхтэй нөүтбүүк байхаар нь би дараагийн хүн авчихаж магадгүй бас жолоочид нь өгөхөөр жолооч аваад үрэгдүүлчих байх гэж бодоод би жолоочид болон миний дараа суусан эмэгтэйд хэлэлгүйгээр тухайн цүнхтэй нөүтбүүкийг эзнийг нь олж өгье гээд аваад буусан. Гэртээ очоод нөүтбүүкийг нээхэд хүний мэдээлэл байхгүй байсан тул эзнийг нь олж чадаагүй гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.М-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.М-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.М-д ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч С.Х-д учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Х-д эд зүйлийг хүлээлгэн өгсөн бөгөөд шүүх хуралдаанд С.Х-аас компьютерын хард солиулах, файл сэргээлгэхтэй холбоотой 750.000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүх хуралдаанд төлж барагдуулсан тул шүүгдэгч Ц.М- нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.М- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Ц.М-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Ц.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.М- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ