Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/101

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: Б.А, Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадуу овогт Бы А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт Эын М нарт холбогдох 2212000000079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, аав, ээж ах, эгчийн хамт .. аймгийн .. сумын .. багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бы А /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт .. аймгийн .. сумын .. багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Совогт Эын М /РД:../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А, Э.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутаг Мухар гэх газарт оршин суух Б.Мыг бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000079 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 20 цаг 03 минутын үед намайг гэртээ галаа түлээд сууж байхад гаднаас Б.А, Э,М, Б.Б нар гэрт орж ирснээ Б.А миний дээлийн захан дээрээс барьж аваад татаад намайг гэрээс гар гээд аваад гарснаа гадаа намайг заамдаж аваад намайг цохиж, хоёр удаа өвдөглөхөөр нь та намайг яаж байгаа юм гэсэн чинь чи яасан том болсон гөлөг бэ гээд байсан. Гэтэл хажуу талаас Э.М одоо би наадахыг чинь ална гээд намайг цохиж аваад өшиглөөд, зодсон. Энэ үед Б.Б гэрээс гарч ирээд салгаад гэрт ороод байж байсан чинь Э.М над руу дайраад намайг гараараа 2-3 удаа цохиод авсан. Би зөрүүлээд цохисон. Миний хойноос Б.А барьж аваад намайг татаж газарт унагаагаад миний хамар руу өшиглөсөн бөгөөд намайг цусаа гоожуулаад хамраа бариад доошоо хараад хэвтэж байхад Э.М миний нуруу руу 2-3 удаа өшиглөж гартаа барьж байсан алхаараа миний баруун шанаад нэг удаа цохисон. Тэгээд Э.М, Б.А нар гэрээс гараад явсан. Би Б.А, Э.М нарыг сайн танина. Б.Атай худ ургийн харьцаатай. Э.М манай дээд ангид сурдаг байсан. Өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Миний хувьд Б.А, Э.М нартай урьдын өс хонзонгийн асуудал байхгүй гэж боддог. М намайг 10 жилийн сургуульд сурч байхад дээрэлхэж, зоддог, миний доод уруулыг сэт өшиглөж байсан. Одоо миний хоёр хамрын нүх битүүрсэн, хамар мурийж хугарсан, зүүн шанаад 2 оёдол тавиулсан байна. Би хамраа хугалуулсандаа гомдолтой байна. Би 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн орой морь хазаарлаж байх үед тэр морь хошуугаараа миний хамар руу цохиод жаахан хавдсан байсан. Хоёр хоноод хавдар нь хариад зүгээр болсон. Тэр үед хамар битүүрч өвдөж байгаагүй. Сая болсон зодооны үед миний хамар хугарсан байна. Миний хамар руу Б.А өшиглөж гэмтэл учруулсан гэж бодож байна. Энэ богино турбан дээр хөндлөн гагнаж тогтоосон төмрийг манайх алхны оронд алх болгож хэрэглэдэг юм. Э.М энэ төмөр алхаар миний зүүн шанаанд цохиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мын дахин мэдүүлсэн: ...Одоо миний бие бэртэл, гэмтэл байхгүй, өвдөж байгаа зүйл байхгүй байна. Би Шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Оын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Санал, хүсэл байхгүй. Надад Б.А, Э.М нар харилцан тохиролцож эмчилгээний зардал, ирэх, буцах зардал гэж 900.000 төгрөг өгснийг бэлнээр авсан. Надад одоо гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би гэр дотор Э.Мыг хөөж явахдаа гартаа цагаан тарианы шил барьсан. Өөр ямар нэгэн зүйлийн юм бариагүй байсан. Би Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахуулж байгааг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 20:00 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад Б.Мынд очиж тэжээлийнх нь адуунд өвсийг нь тавьж өгдөг юм билүү гэж бодоод алхаж явсан чинь Б.А найз Э.Мын хамт ирээд би хүргээд өгье гэхээр нь машинд нь сууж Мынд очсон чинь Б.М зуухныхаа хажууд галаа түлээд сууж байсан. Б.А Мыг бүснээс нь чирээд аваад гарахаар нь үеийн хүүхдүүд тоглож байгаа юм байлгүй гэж бодоод сууж байсан чинь гадаа зодолдоод байх шиг болохоор нь гэрээс гарсан чинь Б.М, Э.М, Б.А нар зодолдож байсан. Тэгээд би загнаж салгаад гэрт оруулсан. Б.М өөрөө уурлаж Э.М, Б.А нартай барилцаж, зодолдож намайг очиж салгаж байхад Э.М газарт байсан алхыг аваад алхны турбан ишээр Б.Мыг зүүн шанаанд нь цохисон. Тэгээд гэрээс гараад явцгаасан. Б.Мын хамар руу хэн өшиглөснийг мэдэхгүй, анзаарч хараагүй. Б.А, Э.М нар нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би Э.Мын гартаа барьж байсан алхыг танина. Турбанд хөндлөн цул төмөр гагнаж тогтоосон алх Б.Мын гэрт зуухных нь хажууд байсан алх мөн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Оын мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлтээр иргэн Б.Мын хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, духны зүүн дээд хэсэгт үүссэн шарх, баруун гарын бугуйнд жижиг цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Иргэн Б.Мын хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн дээд хэсэгт үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Иргэн Б.Мын духны зүүн дээд хэсэгт үүссэн шарханд оёдол тавьсан байсан болохоор шархны гүнийг хэмжих боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Ан мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Мын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Мын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, духны зүүн дээд хэсэгт шарх, баруун гарын бугуйнд жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, духны зүүн дээд хэсэгт шарх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын бугуйнд цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73, 77 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-70 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутаг Мухар гэх газарт Б.М нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Б.Мын мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 20 цаг 03 минутын үед намайг гэртээ галаа түлээд сууж байхад гаднаас Б.А, Э,М, Б.Б нар гэрт орж ирснээ Б.А миний дээлийн захан дээрээс барьж аваад татаад намайг гэрээс гар гээд аваад гарснаа гадаа намайг заамдаж аваад намайг цохиж, хоёр удаа өвдөглөхөөр нь та намайг яаж байгаа юм гэсэн чинь чи яасан том болсон гөлөг бэ гээд байсан. Гэтэл хажуу талаас Э.М одоо би наадахыг чинь ална гээд намайг цохиж аваад өшиглөөд, зодсон. Энэ үед Б.Б гэрээс гарч ирээд салгаад гэрт ороод байж байсан чинь Э.М над руу дайраад намайг гараараа 2-3 удаа цохиод авсан. Би зөрүүлээд цохисон. Миний хойноос Б.А барьж аваад намайг татаж газарт унагаагаад миний хамар руу өшиглөсөн бөгөөд намайг цусаа гоожуулаад хамраа бариад доошоо хараад хэвтэж байхад Э.М миний нуруу руу 2-3 удаа өшиглөж гартаа барьж байсан алхаараа миний баруун шанаад нэг удаа цохисон. Миний хамар руу Б.А өшиглөж гэмтэл учруулсан гэж бодож байна. Э.М төмөр алхаар миний зүүн шанаанд цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07, 44-45/,

 

гэрч Б.Бын мэдүүлсэн “Б.А Мыг бүснээс нь чирээд аваад гарахаар нь үеийн хүүхдүүд тоглож байгаа юм байлгүй гэж бодоод сууж байсан чинь гадаа зодолдоод байх шиг болохоор нь гэрээс гарсан чинь Б.М, Э.М, Б.А нар зодолдож байсан. Тэгээд би загнаж салгаад гэрт оруулсан. Б.М өөрөө уурлаж Э.М, Б.А нартай барилцаж зодолдож намайг очиж салгаж байхад Э.М газарт байсан алхыг аваад алхны турбан ишээр Б.Мыг зүүн шанаанд нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,  

 

шинжээч Б.Оын мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлтээр иргэн Б.Мын хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, духны зүүн дээд хэсэгт үүссэн шарх, баруун гарын бугуйнд жижиг цус хуралт гэмтэл тогтоогдсон байна. Иргэн Б.Мын хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, духны зүүн дээд хэсэгт үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,  

 

өөрсдийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.А, Э.М нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 55-56, 65-66/,

 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 102 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутаг Мухар гэх газарт Б.М нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.А, Э.М нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Б.А, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.А, Э.М нар нь бүлэглэж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутаг Мухар гэх газарт Б.Мыг зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгч Б.А, Э.М  нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаа явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Б.А, Э.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.

 

          Шүүгдэгч Б.А, Э.М нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч Б.А, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 39 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор тэдгээрт оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Б.А, Э.М нар нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг тус тус оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт тус тус төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч Б.А, Э.М нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.А, Э.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 см урттай төмөр алх 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Бы А, Совогт Эын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тус тус тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Э.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 см урттай төмөр алх 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            6. Шүүгдэгч Б.А, Э.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А, Э.М нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.А, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ