Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

   2022      02          18                                    2022/ШЦТ/163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч М.Отгонбаатар;

Шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2009022661545 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судлалын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, ... тоотод бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ц.Э- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Э.Э-д Тоёота камри маркийн ... арлын дугаартай тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлж, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан зээл гаргуулж, иргэн Э.Э-д 32.704.100 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Г-гийн хөөрөг зарах гэсэн хүсэл, сонирхлыг далимдуулан хөөргийг чинь зарж өгнө гэж итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 66.740.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хөөргийг шилжүүлэн авсан,

Итали улсаас шүр оруулж ирдэг, маш их ашигтай тул зээл аваад мөнгө гаргаад өгчих юм бол 14 хоногийн дараа зээлийг чинь чөлөөлөөд дээрээс нь 20 хувийг нэмж өгнө хэмээн иргэн Г.Ж-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эзэмшлийн орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “...” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 33.000.000 төгрөгөөр тавиулж, 32.988.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны ... дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан, мөн оны 10 дугаар сард мөн аргаараа иргэн Г.Ж-ы эзэмшлийн 63.031.188 төгрөгийн үнэ бүхий “Ланд круйзер 200” маркийн автомашиныг залилан авч, бусдад нийт 195.463.288 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э- мэдүүлэхдээ: ...Э.Э-ын машиныг барьцаанд тавиулсан нь үнэн. Би Н.Н-аас 50.000.000 төгрөгийн авлагатай байсан учраас би мөнгөө нэхэхэд Н.Н- “ Надад одоогоор мөнгө байхгүй байна. Манай дүүгийн найзын зарах гэж байгаа машиныг нь чамд зуучлаад аваад өгье “ гэж хэлсэн. Тухайн үед тэр машиныг зарна гэж авч байсан болохоор би барьцаанд тавина гэсэн ойлголтгүй байсан. Ингээд Э.Э-ын машиныг Н.Н- авч ирсэн. Тухайн өдрөө ломбарданд 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. М.Б-ын дансаар би 20.000.000 төгрөгийг нь аваад 5.000.000 төгрөгийг нь Э.Э-ын данснаас буюу нийт нийт 25.000.000 төгрөгийг би өөрийн дансаар шилжүүлж авсан. Машиныг ломбарданд тавьснаас хойш би 7.500.000 төгрөгөөр нэг удаа 5.000.000 төгрөгөөр хоёр удаа Н.Н-ад төлөлт хийсэн. Энэнээс хойш 10 орчим хоногийн дараа Ковид-19 цар тахлын халдвараас шалтгаалсан 0 зогсолт болсон. Монголд шүр ирдгээрээ ирсэн. Н.Н-аас авах ёстой авлагаа авсан.

Ж.Г- гэх хүнийг М.Б гэх залуу манай ажил дээр дагуулж ирсэн. 2 ширхэг хөөргийг 20.000.000 төгрөгөөр зармаар байна гэж ярилцаж тохирсон. Миний гар бичвэр байдаг. Ж.Г- 20.000.000 төгрөгөөр хоёр ширхэг хөөргийг зараад өгчихвөл болно гэж тохиролцон гэрээ хийсэн. 20.000.000 төгрөгийн гэрээг 1 сарын хугацаатай хийсэн. Гэрээ хийснээс хойш 1 сар 13 хоногийн дараа 10.000.000 төгрөгийг нь Ж.Г-гийн данс руу хийсэн. Гэрээний хугацааг 13 хоногоор л хэтрүүлсэн. Нэг хөөргийг Д.Ж- М.Б- хоёр хоорондоо наймаа хийж нэгэндээ өгсөн байдаг. Ж.Г-гийн өгсөн өргөдөл болон түүнд хавсаргасан гэрээн дээр үнийн дүнг нэмэгдүүлж 30.000.000 төгрөг болгон бичсэн байсан.

Г.Ж-ыг миний нэгэн бизнесийн хамтрагч Энхболд гэх найз танилцуулсан. Энхболд болон Г.Ж- хоёр адилхан байраа барьцаанд тавьж, хөрөнгө оруулахаар тохиролцоод 2 байрыг тус бүр 35.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байдаг. Г.Ж-ы байр болон машиныг нь би авсан. Тухайн үед баяр наадам гэх олигтой юм болоогүй. Худалдан авах чадамж маш их буурсан байснаас шалтгаалж хэсэг хугацаа алдсан. Саяхан би Г.Ж-д үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгснөөр бид хоёрын тооцоо дууссан. Миний хувьд прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүмүүсийг би залилаагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Э.Э мэдүүлэхдээ: ... 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Н.Н-ыг таньдаг бөгөөд Ц.Э “Итали улсаас шүр оруулж ирж шүрний наймаа хийх гэж байгаа. Мөнгө дутаад байгаа болохоор машиныг чинь худалдаж авъя “ гэж хэлсэн. Тэгээд ах нь цагаан сарын үеэр шүрээ зарж мөнгөтэй болоод 1 сарын дараа мөнгийг нь өгье гэж хэлээд миний машиныг барьцаалан зээлдүүлэх газарт 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Машин гаалийн бичигтэй дугаар аваагүй байсан болохоор нэр шилжүүлж болохгүй тул зээл миний нэр дээр гарсан. Ингээд 20.000.000 төгрөгийг М.Б-ын дансанд хийсэн 5.000.000 төгрөгийг миний Хаан банкны данснаас 2-3 цагийн дараа Ц.Э-ын данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад 2 шүрэн хөөрөг, 2 шүрэн зүүлт бэлэглэснийг би хүмүүст бэлэглэсэн. Буцааж өгөхгүй. Миний машиныг 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан ч алданги, хүүнд олон удаа мөнгө төлж, нийт 32.000.000 төгрөгийг би өөрөө бага багаар төлж, машинаа буцааж авсан.  Ц.Э миний хохирлыг эд материалаар төлж барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Г мэдүүлэхдээ: ... Би гадагшаа явж эмчилгээ хийлгэх гээд зардал, мөнгө хэрэг болсон учраас алт зардаг Нямаа гэх хүн дээр очиж “ Энэ хоёр хөөргийг зарах хэрэгтэй байна” гэхэд М.Б-ыг танилцуулж, улмаар Ц.Э-тай холбогдоход Эрдэм центр дээр хүрээд ир гэсэн. Тэнд очиход дэлгүүр дотроо үнэхээр л гоё юм хийж байсан. “ Үзэсгэлэн гаргаж байгаа. Энэ үзэсгэлэндээ таны юмыг тавьж байгаад зарахаар болбол зөвхөн таны зөвшөөрлөөр зарна “ гэж хэлсэн. Луун хээтэй хөөрөгний доод талд бондгор суурьтай байсан. Таны хөөрөгний хийц, загвар тааруу учраас толгой гаргаад үзэсгэлэнд тавья гэсэн. Тэнд Баярмандах гэх залуу гэрээг бичиж бид гарын үсгээ зурсан. Би нэг хөөргөө гаргаж тавиад нэг хөөргөө цүнхэндээ хийхэд бараг л миний цүнх рүү орох шахаад таны юмыг шилэн хоргонд тавиадхъя гэж гуйж байна шүү дээ гэж гуйсаар байгаад авсан. Намайг гэрээнд юм нэмж бичсэн гэж хэлж байгааг би ойлгохгүй байна. Тэр хүний гарын үсгийг шинжлүүлж болно. Хөөргөө өгснөөс хойш би энэ хүнтэй уулзалдаагүй. “Жапан Таун”-ы байран дээр нь олон удаа очсон. Надад 10.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Үлдэх 20.000.000 төгрөгөө авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ж мэдүүлэхдээ: ... Анх 2019 оны хавар нутгийн ах Энхболдоор дамжуулан Ц.Э-тай танилцсан. Тухайн үед Ц.Э өөрийгөө “Итали улс руу явж шүрний бизнес хийдэг” гэж ярьж байсан. Ц.Э- надад “ Мөнгөний хэрэг байна. Байраа тавьчих. 14 хоногийн дараа байрыг чинь чөлөөлж өгнө” гэж хэлэхээр нь байраа барьцаанд тавьж зээл аваад би Ц.Э-ад 32.988.000 төгрөгийг шилжүүлж байсан. Ц.Э- банкны зээлийн хүүнд 2 удаа төлөлт хийсэн. Тэрнээс хойш хүүг төлөхгүй явсаар байгаад одоо төлөх ёстой төлбөр нь 60.000.000 төгрөг болсон. 2 сарын дараа Ц.Э-тай уулзахад “ Шүрний бизнес жаахан тааруухан байна. Уг нь шүр ирсэн. Ирсэн шүрээ бүтээл болгоод зарна гэж ярьж байсан. Ц.Э- нийтдээ  2.500.000 төгрөгийн зээлийн хүүг төлсөн. Тэрнээс хойш дахиж хүүг төлөхгүй явсаар хүү нь нэмэгдсээр одоо төлөх ёстой төлбөр нь 64.800.000 төгрөг болсон. Дараа нь Цагаан сарын үеэр шүрний наймаа сайн байдаг учраас дахиад Итали явах хэрэгтэй байна. Машинаа зараад мөнгө өгчих “ гэхээр нь итгээд би машинаа зараад 45.000.000 төгрөгийг Ц.Э-ад өгсөн. Нийт 130.000.000 төгрөгний хохирол надад учирсан бөгөөд Ц.Э- надад нэг үл хөдлөх хөрөнгө өгснөөр миний хохирол барагдсан гэж үзэж байгаа. Би түүнд зөрүүд нь газраа өгөхөөр тохирсон. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Н- мэдүүлэхдээ: ... Э.Э- нь миний төрсөн дүүгийн багын найз байгаа юм. Би Ц.Э-тай адилхан бизнес хийдэг бөгөөд түүний хөөргийг зарж өгч байсан. Бидний хооронд ямар нэг өр авлага байхгүй. Э.Э- машин зарах гэж байгааг Ц.Э- мэддэг байсан бөгөөд “ Мөнгө хэрэгтэй байна. Зээлээр өгөх болов уу “ гэхээр нь би түүнийг Э.Э-тай уулзуулж өгсөн. Тэр 2 тохиролцоод машиныг нь ломбарданд тавиулж, 25.000.000 төгрөгийг Ц.Э- авсан. Э.Э-ын мөнгийг удаачихлаа гээд шүрэн зүүлт, бага гарын хөөрөг өгснийг би Э.Э-д дамжуулж өгсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Б- мэдүүлэхдээ:  2019 оны 10 сард миний таньдаг Урт цагаанд ажилладаг хүн залгаад “ 2 хөөрөг гарах гэсэн “ юм гэхээр нь явуулчих гэхэд Ж.Г- гэж эмэгтэй ирсэн. Түүний 2 ширхэг шүрэн хөөргийг гэрээ хийгээд Ц.Э- авсан. 2 толгойтой шүрэн хөөргийг нь би зах дээр ажилладаг Д.Ж-д 7 сая төгрөгөөр Ц.Э-ын зөвшөөрснөөр зараад мөнгийг Ц.Э-ын дансанд хийсэн. Би Ц.Э-ад машин тэргээ өгчихсөн учир мөнгөө авах санаатай шүрнээс нь заралцаж байсан. Би “...” ломбарданд таньдаг хүнтэй учир Э.Э-ын машиныг ломбарданд тавихад нь Ц.Э-ад тусласан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Ж- мэдүүлэхдээ: Би зах дээр хөөрөгний наймаа эрхэлдэг бөгөөд Ц.Э-аас зарим нэг зүйл худалдаж авч байснаас өөр харилцаа байхгүй. 2019 оны 11 сарын 09-нд М.Б- зах дээр ирээд “ Салаа шүрэн хөөрөг зарна “ гээд үзүүлсэн. Би хөөргийг үзэхэд доогуураа жаахан цуурсан, ойролцоогоор 100 гр хүрэх үү, үгүй юу жижиг хөөрөг байсан. М.Б, Ц.Э-тай миний хажууд утсаар яриад би 7 саяар аваад жаахан засаж янзлаад 8.500.000 төгрөгөөр зарсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Э-ын мэдүүлэг / 1хх 20, 21, 40-41 /, “ ...” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар / 1хх 13-16 /, “ ... “ ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг / 1хх 18 /, гэрч Н.Н-ын мэдүүлэг / 1хх 44-45, 2хх 199-200 /, Ц.Э-ын эзэмшлийн ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 61, 2хх 82 /, хохирогч Ж.Г-гийн мэдүүлэг / 1хх 131-132, 2хх 197 /, гэрч М.Б-ын мэдүүлэг / 1хх 133  /, гэрч Д.Ж-ын мэдүүлэг / 2хх 206 /, “Дамно” ХХК-ний СБ1-21-407 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 2 хх 222-223 /, хохирогч Г.Ж-ы мэдүүлэг / 2хх 20-21, 2хх 203 /, гэрч П.Ч-ийн мэдүүлэг / 2хх 139 /, П.Ч-ийн эзэмшлийн ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 2хх 140 /, Ланд крузер 200 маркийн ... улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа / 2хх 141 /, “Дамно” ХХК-ний БЗДЗ-21-86 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 2хх 145-148 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / 1хх 157 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / 1хх 184 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх 190 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ж.Г-гийн хөөрөг зарах гэсэн хүсэл, сонирхлыг далимдуулан хөөргийг чинь зарж өгнө гэж итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 66.740.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хөөргийг шилжүүлэн авсан,

Итали улсаас шүр оруулж ирдэг, маш их ашигтай тул зээл аваад мөнгө гаргаад өгчих юм бол 14 хоногийн дараа зээлийг чинь чөлөөлөөд дээрээс нь 20 хувийг нэмж өгнө хэмээн хохирогч Г.Ж-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний эзэмшлийн орон сууцыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “...” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд 33.000.000 төгрөгөөр тавиулж, 32.988.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5007762433 дугаартай өөрийн дансаар шилжүүлэн авсан, мөн оны 10 дугаар сард дээрх аргаар хохирогч Г.Ж-ы эзэмшлийн 63.031.188 төгрөгийн үнэ бүхий “Ландкруйзер 200” маркийн автомашиныг залилан авсан,

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Э.Э-ын Тоёота камри маркийн ... арлын дугаартай тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж хуурч, түүнд итгүүлж, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн Тоёота камри маркийн авто машиныг “...” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиулан зээл гаргуулж, хохирогч Э.Э-д 32.704.100 төгрөгний хохирол учруулсан, бусдад нийт 195.463.288 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Э.Э-ын / 1хх 20, 21, 40-41 / “...Ц.Э- нь өөрийгөө ширэн эдлэлийн наймаа хийдэг гэж танилцуулсан. 2020 оны 01 дүгээр сарын сүүлчээр “ Чиний машиныг зээлээр худалдаж авъя. Мөнгийг нь 2020 оны 02 дугаар сарыг дуусгаад цагаан сарын дараа өгье “ гэхээр нь би Ц.Э-ад итгээд машинаа 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өгсөн. Ц.Э- надад “ Ахдаа машинаа барьцаанд тавиад өгчих. Гаалийн бичигтэй учраас чиний нэр дээр л барьцаанд тавих боломжтой гэж байна “ гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 17 дугаар сургуулийн буудлын эсрэг талд байрлах Сайн авто ломбарданд очсон. Тэнд би өөрийн эзэмшлийн 2018 онд үйлдвэрлэгдсэн, дугаар огт аваагүй, цагаан өнгийн Тоёота Камри маркийн автомашиныг 25.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Ингээд Ц.Э-ад 20.000.000 төгрөгийг зээл гардаг өдөр бэлнээр авч М.Б- гэж хүний данс руу хийсэн. Дараа нь 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаасаа Ц.Э-ын өөрийнх нь данс руу шилжүүлсэн гэх мэдүүлгээр,

 

“...“ ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар / 1хх 13-16 /

 

“...“ ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг / 1хх 18 /

 

Ж.Г, Ц.Э- нарын хооронд байгуулсан “ Иргэд хоорондын гэрээ “ гэх бичиг / 1хх 124 /

 

Гэрч Н.Н-ын / 1хх 44-45, 2хх 199-200 / “... Би М.Б-, Ц.Э- нартай 2 жилийн өмнө наймаа хийж байгаад танилцсан найз нөхдийн холбоотой. Тухайн үед М.Б-, Ц.Э- нар нь хөөрөг болон шүр зардаг байсан. Би бас энэ чиглэлийн бизнес эрхэлдэг тул тэр хүмүүстэй харьцаж найзлах болсон. Э.Э- нь миний төрсөн дүү Наранзаяагийн багын найз юм. ... 2020 он гараад Э.Э- надад “ Миний машиныг сонирхоод авах хүн байгаа болов уу. Тийм хүн олдвол зараад өгөхийг бодоорой “ гэж хэлэхээр нь зах зээлийн үнэ ханшийг үнэгүй.мн-с үзэхэд 60.000.000 төгрөг орчим төгрөг болсон. Тэр үед Баярмандах гэх залуу Итали улсад оччихсон байсан бөгөөд тэндээс авах шүрээ бэлдсэн байна. Мөнгө хэрэгтэй байна гэж Ц.Э- руу ярьсан. Тэгээд тэр “ 3 кг шүр авах гээд байна. Дээрээс нь 2-3 кг бөмбөлгөн шүр авахад бэлэн байгаа. Ойролцоогоор 300.000.000 орчим сая төгрөг болж байна “ гэж хэлэхээр нь бид тал талаас мөнгө асуусан. Тэр үед Ц.Э- надаас “ Дүү Э.Э-ын чинь Тоёота Камри машин байгаа юу “ гэж асуухаар нь байгаа гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Э- “ Машиныг нь авъя. Хэдээр өгөх бол. Зээлээр өгөх болов уу “ гэхээр нь өөртэй нь уулзаад үз гэж хэлсэн.  Ингээд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ц.Э- нь өөрөө Э.Э-д тайлбарлаж хэлээд тухайн өдрөө Э.Э-ын машиныг 17 дугаар сургуулийн Сайн ломбарданд барьцаанд тавьсан. Тэгээд тэр мөнгийг авч, машин барьцаалдаг өдөр М.Б-, Ц.Э-, Э.Э- бид 4 явж байсан бөгөөд мөнгө авалцах асуудлын талаар бүгд мэдэж байгаа. Бэлнээр 20.000.000 төгрөгийг Э.Э- ломбарднаас аваад Ц.Э-ад өгөөд үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өөрийн данснаас Ц.Э-ын данс руу шилжүүлсэн.

... М.Б-ын 3 ширхэг шүрэн толгойтой халтар манан хөөргийг плитаны наймаанд оролцуулаад плита зарагдахаар мөнгийг нь гаргаж өгнө гэж хэлээд Ц.Э- авсан. Тэрнээс хойш плита авах гэж байгаа Энх-Амгалан гэж дүүд би өөрөө 3 ширхэг хөөргийг нь хүргэж өгсөн. Тэгээд Ц.Э, Энх-Амгалантай наймаа хийж мөнгийг нь өөрөө авчихаад М.Б-ын мөнгийг өгөлгүй өдий хүртэл явж байгаа гэх мэдүүлгээр,

 

Ц.Э-ын эзэмшлийн ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 61, 2хх 82 /

 

Хохирогч Ж.Г-гийн / 1хх 131-132, 2хх 197 / “...Мөнгөний хэрэгцээ гарахаар нь гэртээ байсан 2 ширхэг хөөргөө зарах санаатай байхад зүс таньдаг хүн надад олон жил хөөрөгний наймаа хийсэн хүн байна гэж хэлсний дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффист очиж Ц.Э- гэх хүнтэй уулзаж ярилцаад өөрийн 114 гр 1 ширхэг 2 толгойтой хөөрөг, 214 гр жинтэй луун хээтэй хөөрөг, нийт 2 ширхэг шүрэн хөөргийг нийлээд 30.000.000 төгрөгөөр заруулахаар тохиролцож, иргэд хоорондын гэрээгээр хөөрөгнүүд авсан 1 сарын хугацаанд зарж өгнө эсвэл 1 сарын хугацаа өнгөрсний дараа зарагдахгүй бол буцааж өгнө гэж надад хэлээд бичиж өгсөн. Ц.Э-ад 2 ширхэг хөөргөө үлдээсэн. Үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрөхөд Ц.Э-ын ... дугаарын утас руу олон дахин залгасан боловч утсаа авахгүй, анх уулзаж байсан ажлын байранд нь очиход огт байхгүй байна. ... Ц.Э-ын утаснаас дансаа гэсэн мэссэж ирэхээр нь явуултал тэр дор нь 10.000.000 төгрөг орж ирсэн.

... Би хөөргөө үлдээхдээ “Иргэд хоорондын гэрээ гэсэн бичигтэй гар бичмэл хийгээд үнэ болон хугацаагаар тохироод доод талд нь гарын үсгээ зурсан гэх мэдүүлгээр,

 

Гэрч М.Б-ын / 1хх 133  / “...Би 2016 оноос хойш шүрэн эдлэл худалдан авч зарах ажил хувиараа хийж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүрэн хөөрөг зарах гэж байгаа гэх Ж.Г- гэдэг эмэгтэйтэй анх танилцаж уулзсан. Бусдаар бол танихгүй. Ж.Г-гийн зарах гэж байсан 2 ширхэг хөөргийг Ц.Э- зарж өгнө гээд нэг хугацаатай гэрээ хийж авсан. Түүнээс би Ж.Г- гэх хүнээс аваагүй. Тухайн үед би хажууд нь байсан нь үнэн. Ц.Э тэр хөөрөгний нэгийг нь зараад хагас мөнгийг нь авсан гэж утсаар ярьсан. ... Ж.Г-, Ц.Э- хоёр салаа толгойтой шүрэн хөөргийг нь 10.000.000 төгрөгөөр, луун хэлбэртэй хөөргийг 20.000.000 төгрөгөөр, нийт 30.000.000 төгрөгөөр 2 хөөргийг нийлүүлээд зарж өгнө гэж хэлж байсан гэх мэдүүлгээр,

 

Гэрч Д.Ж-ын / 2хх 206 / “... М.Б-ын дансаар мөнгийг өгсөн болохоор дансаар нь харагдах байх. М.Б тухайн үед надад орж ирээд зарах гэж байхдаа Ц.Э руу яриад хэдэн төгрөгөөр өгөх юм гээд ярьсан. Тэгээд тэр хоёр хоорондоо утсаар ярьж байгаад М.Б эхлээд 8.000.000-9.000.000 төгрөгөөр өгнө гэж байсан. Хөөрөг  нь доогуураа жаахан хагаралтай байхаар нь үнийг нь буулгаж 7.000.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо тухайн хөөрөг надад байхгүй. Явуулын хүнд 8.000.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний СБ1-21-407 дугаартай тайланд “...114 гр-тай 2 толгойтой шүрэн хөөрөг, 214 гр жинтэй луун хээтэй шүрэн хөөргийг нийт 66.740.000 төгрөгөөр” үнэлжээ. / 2 хх 222-223 /

 

Хохирогч Г.Ж-ы / 2хх 20-21, 2хх 203 / “...2019 оны 05 дугаар сард Ц.Э-, Б.Мандах нартай танилцсан. 2019 оны 06 дугаар сарын эхээр “ Италиас шүр авчирна. Мөнгөний хэрэг байна “ гэж хэлээд намайг байраа барьцаанд тавьчих, үндсэн мөнгөн дээр чинь 20 хувийн ашиг өгнө гэж хэлээд гуйгаад байхаар нь би “...” ББСБ-д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн амьдарч байгаа байраа 33.000.000 төгрөгөөр сарын 4.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай барьцаалж мөнгөө Ц.Э-ын Хаан банкны ... дугаарын данс руу 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 32.988.000 төгрөгийг шилжүүлсэн. ... Ц.Э- нь надад 2019 оны 10 дугаар сарын орчимд надад 800.000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс өөр мөнгө өгсөн асуудал байхгүй гэх мэдүүлгээр,

 

Гэрч П.Ч-ийн / 2хх 139 / “...Ц.Э-, Баярмандах, Г.Ж-, М.Б- бид нар Ланд крузер 200 маркийн автомашинаа худалдахаар Да хүрээ зах руу явж машины ченжид 45.000.000 төгрөгөөр худалдаж би өөрийн Хаан банкны ... дугаарын дансанд шилжүүлэн авсан. Тухайн өдрөө уг мөнгийг Ц.Э-ын өртэй байсан гэх Хангайбазар гэх хүний Хаан банкны ... дугаарын дансанд 17.316.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Ц.Э-, Энхтайван гэх хүнд өртэй байсан гээд ... дугаарын дансанд 27.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг Ц.Э-ын ... дугаарын дансанд шилжүүлсэн. Г.Ж-ы Ланд 200 машин нь орон нутгийн дугаартай байсан тул Улаанбаатар хотод зарах боломжгүй байсан. Ингээд Ц.Э-, Г.Ж- нар намайг чи өөрийнхөө нэр дээр шилжүүлчих гэсэн тул би өөрийн нэр дээр шилжүүлээд тухайн өдрөө зарсан гэх мэдүүлгээр,

 

П.Ч-ийн эзэмшлийн ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 2хх 140 /

 

Ланд крузер 200 маркийн 01-96 УНТ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа / 2хх 141 /

 

“Дамно” ХХК-ний БЗДЗ-21-86 дугаартай тайланд “...Toyota Land Cruiser 200 автомашиныг 63.623.637 төгрөгөөр” үнэлсэн үнэлгээ / 2хх 145-148 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Э-ад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирогч Ж.Г-гийн мөрдөн шалгалтын явцад гаргаж өгсөн Иргэд хоорондын гэрээгээр / 1хх 124 / хөөргийг 20.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр тохиролцсон бөгөөд уг гэрээ засвартай байна. Манай үйлчлүүлэгчид энэ гэрээний нэг хувь байсныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгье. Дээрх засвартай гэрээг шинжээч томилж, шалгуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

Шүүхийн шатанд өмгөөлөгч Л.Батжаргалаас гаргаж өгсөн “Иргэд хоорондын гэрээнд “ ...214 гр жинтэй Луун сийлбэртэй шүрэн хөөргийг нэг сарын хугацаанд худалдан борлуулуулах зорилгоор харилцан тохиролцож үлдээв. ... Харилцан тохиролцсон үнэ болох 20.000.000 төгрөгийг зарагдаагүй бол тухайн хөөргийг эргүүлэн өгөхөөр гэрээ байгуулав ” гэжээ.

Гэтэл шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Э- нь хохирогч Ж.Г-гаас 2 ширхэг буюу Луун сийлбэртэй шүрэн хөөрөг, 2 салаа шүрэн хөөргийг тус тус хүлээн авсан ба дээрх гэрээг Ц.Э-тай хамт ажиллаж байсан ажилтан нь бичсэн гэж мэдүүлсэн, гэрч М.Б- мөрдөн шалгалтын явцад  “...Ж.Г-гийн зарах гэж байсан 2 ширхэг хөөргийг Ц.Э- зарж өгнө гээд нэг хугацаатай гэрээ хийж авсан” / 1хх 133 / гэж, гэрч Д.Ж- мөрдөн шалгалтын явцад “...Ц.Э- руу М.Б- яриад  2 салаа шүрэн хөөрөг нь доогуураа жоохон хагаралтай байсан тул үнийг нь буулгаад би 7.000.000 төгрөгөөр худалдан авсан” гэж, хохирогч Ж.Г- мөрдөн шалгалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Ц.Э- луун хээтэй шүрэн хөөргийг 20.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр аваад 2 салаа хөөргийг өгчих гээд 10.000.000 төгрөгөөр зарахаар авсан. Бичгийг тэдний ажилтан залуу бичиж надад өгсөн гэж тус тус мэдүүлсэн болно.

Эдгээрээс дүгнэхэд өмгөөлөгчийн гаргаж өгсөн “...214 гр жинтэй Луун сийлбэртэй шүрэн хөөргийг нэг сарын хугацаанд худалдан борлуулуулах зорилгоор харилцан тохиролцож үлдээв. ...Харилцан тохиролцсон үнэ болох 20.000.000 төгрөгийг зарагдаагүй бол тухайн хөөргийг эргүүлэн өгөхөөр гэрээ байгуулав ” гэсэн нь гэрээ байгуулсны дараа хохирогчийн 2 толгойтой мөчир хэлбэрийн шүрэн хөөргийг зарахаар нэмж аваад дээрх гэрээнд “... 114 гр хоёр толгойтой мөчир хэлбэрийн хөөрөг 10.000.000, нийт 30.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 хөөрөг хүлээлгэн өгөв” гэж нэмж бичсэн нь хохирогчийн мэдүүлэг үндэслэлтэйг нотолж байх тул шинжээч томилох шаардлагагүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “...Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э-ад ял шийтгэл оногдуулахдаа хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Э- нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрийгөө гадаадаас шүр оруулж ирж зардаг, их хэмжээний ашигтай ажилладаг, хөрөнгө мөнгөтэй хүн гэсэн  ойлголтыг бусдад төрүүлснээр хохирогч нар өөрсдийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн, шунахай зорилгоор амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч нарын хэрэгцээг ашиглан тэдгээрийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Ц.Э- нь хохирогч Э.Э-, Г.Ж- нарын хохирлыг эд зүйл өгч барагдуулсан, хохирогч Ж.Г-д 10.000.000 төгрөгийг дансаар төлсөн ба шүүгдэгчээс хохирогч Ж.Г-д 20.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3,5-д зааснаар 5 хоногийн завсарлага авч, дээрх хугацаанд хохирогч Ж.Г-д 20.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч Ц.Э- нь хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлснийг тэмдэглэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Э- нь бусдад төлөх төлбөргүй, түүний цагдан хоригдсон 92 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 1.380.000 төгрөгийг хасаж тооцов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Ц.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э- нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Э-ын цагдан хоригдсон 92 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 1.380.000 төгрөгийг хасаж тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Э- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Э- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Ц.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Э-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ