Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/02058

 

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/02058

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, “Монголцзентай” ХХК-ийн байр, 19 тоотод байрлах, “Гоулд вингс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,           

Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 5-8 тоотод байрлах, “Хадан-Ус” ХХК-д холбогдох,

35,316,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Гоулд вингс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч “Гоулд вингс” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хадан-Ус” ХХК-ийн төлөөлөгч Guo hu bao /Гуо ху бао/ 2013 оны 06 сарын 28-ны өдөр “Гоулд вингс” ХХК-ийн арматурын талбайд ирж тус компаний захирал Юу Шиан Дун, А.Ганбат нартай уулзан аман хэлэлцээрээр 1 тонн арматур төмрийг 1,110,000 төгрөгөөр тооцож нийт 31.817 тонн арматур төмөр буюу 35,316,870 төгрөгийн барилгын арматур төмрийг 2013 оны 06 сарын 29-нд зээлээр татан авалт хийхээр тохирсон ба төлбөрийг бараа татан авсан өдрөөс 3 хоногийн дотор төлнө хэмээн тохиролцсон. Бид тохирсон ёсоор зарлагын баримтаар бараагаа хүлээлгэн өгсөн боловч “Хадан-Ус” ХХК үүргээ биелүүлэлгүй, удахгүй төлнө гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хүлээлгэж хохироосоор байна. 2013 оны 09 сарын 05-ны өдөр мөнгөө нэхэмжлэн “Хадан-Ус” ХХК-ийн барьж байсан СХД-ийн 3 хороо. 1 хорооллын Драгон төвийн хойно байрлалтай 16 давхар орон сууцны барилга дээр очиход захирал Ц.Эрдэнэ нь “мөнгийг чинь удахгүй төлнө, НӨАТ-ын баримтаа бичиж өг” гэсэн шаардсаны дагуу бид тухайн өдрөө НӨАТ-ын баримтыг бичиж өгсөн. Гэвч мөнгөө өгөлгүй биднийг хууран мэхэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд “Хадан-Ус” ХХК-иас арматур төмрийн үнэ болох 35,316,870 төгрөгийг тэмдэгтийн хураамж болох 334,540 төгрөгийн хамт гаргуулан, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хадан-Ус” ХХК-ийн төлөөлөгч Ц.Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ компанитай холбоотой асуудал “Хадан-Ус” ХХК-д нэг ч байхгүй. Учир нь нэхэмжилсэн 35,726,870 төгрөгийн асуудлыг “Бээжин либияа констракшн” ХХК-ийн захирал Fan lan jun, Гуо Хубо нар бүрэн хариуцах учиртай тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Манай компанид хаягласан нэхэмжлэх нь хүлээн авч зөвшөөрсөн албан тушаалтны гарын үсэг байхгүй учраас албан ёсны баримт гэж үзэх боломжгүй. 2. “Хадан-Ус” ХХ, “Бээжин либияа констракшн” /Гуо Хубо/ нар манай компанитай гүйцэтгэлийн мөнгөний тооцоог бүрэн хийхдээ дээрх “Гоулд вингс” ХХК-ийн арматурын үнийг бүрэн тооцож авсан баримт болон гэрч байх тул манай “Хадан-Ус” ХХК хариуцахгүй болохыг мэдэгдэж байна. Мөн “Бээжин либияа констракшн” ХХК-ийн захирал Fan lan jun 2014 оны 09 сарын 25-ны өдрийн дугаар 15 баримтаар 2 дахь барилгын суурийн ажил гүйцэтгэгчээр 80,000,000 төгрөг аваад алга болсон учраас  Fan lan jun манай “Хадан-Ус” ХХК-д 80,000,000 төгрөгийн өглөгтэй тооцоо гарч байгаа болно. Иймд шүүхийн өмнө манай компани буруугүй, мөн төлбөрийг бүрэн хариуцахгүй. “Гоулд вингс” ХХК Fan lan jun-тай тооцоо хийх нь хуулийн дагуу ажил болох нь дамжиггүй. Шүүх манай тайлбар баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж тайлбар гаргав гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Гоулд вингс” ХХК нь хариуцагч “Хадан-Ус” ХХК-д холбогдуулан 2013 оны 06 сарын 29-ний өдөр худалдсан арматур төмрийн үнэ 35,316,870 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...Манай компанид хаягласан нэхэмжлэх нь хүлээн авч зөвшөөрсөн албан тушаалтны гарын үсэг байхгүй. ...“Гоулд вингс” ХХК нь Fan lan jun-тай тооцоо хийх нь хуулийн дагуу ажил болох нь дамжиггүй” гэж тайлбарлан маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч “Гоулд вингс” ХХК нь хариуцагч “Хадан-Ус” ХХК-тай худалдах худалдан авах хэлцэл хийж, итгэлцлийн үндсэн дээр баримт үйлдэлгүйгээр 35,316,870 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг хариуцагч “Хадан-Ус” ХХК-д хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар нэхэмжлэгч “Гоулд вингс” ХХК нь хариуцагч “Хадан-Ус” ХХК-тай худалдах худалдан авах хэлцэл хийсэн, "Хадан-Ус" ХХК нь 35,316,870 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан болох нотлогдохгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 06 сарын 29-ний өдрийн Зарлагын баримт /хх-ийн 10 дугаар тал/-д хариуцагч “Хадан-Ус” ХХК-ийн тамга, тэмдэг, эрх бүхий этгээдийн гарын үсэг байхгүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй байна.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч 2013 оны 06 сарын 29-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шаардлагыг хариуцагчид гаргаж байсан гэх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй болно.

 

            Иймд “Хадан-Ус” ХХК-иас 35,316,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Гоулд вингс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч “Хадан-Ус” ХХК-ийн төлөөлөгч Ц.Эрдэнэд шүүх хуралдааны тов мэдэгдэж, тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Хадан-Ус” ХХК-иас 35,316,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Гоулд вингс” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Гоулд вингс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР