Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 132

 

О.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 150/2017/00137/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч О.Л-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Н.Т-, Д.Б- нарт холбогдох

          “Үндсэн зээл, хүү 30.664.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Н.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяраас:

Нэхэмжлэгч О.Л-  Б-, Т- нартаа хамт ажилладаг өмгөөлөгч тул өндөр ёс зүйтэй гэж итгэн мөнгө зээлдүүлсэн. 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4.000 .000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр нийтдээ 18.000.000 төгрөгийг хариуцагч Н.Т-, Д.Б- нарт зээлдүүлсэн ба тухай бүрт нь гэрээний хугацааг сунгасан. Гэтэл 2014 оны 01 дүгээр сараас гэрээний үүргээ зөрчиж хүүгээ төлөхгүй байсан тул амлалтын бичиг гаргуулж авсан. Гэсэн ч мөнгөө өгөхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргаж О.Л- нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж шийдвэрлүүлсэн.  

Хариуцагч Д.Б-тай утсаар ярихад “Шим” худалдааны төвд лангуу санал болгосон ч энэхүү лангуу нь “Хаан банк”-ны барьцаанд байдаг тул эзэмшил шилжүүлэх боломжгүй болсон. Эхний 3 гэрээнд заасан мөнгийг Д.Б-гийн 5048066539 гэсэн дансуудад шилжүүлсэн. Иймд 30.664.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-ээс:

2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг авсан. Мөн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4.000 .000 төгрөг шилжүүлэн авсан. 2014 оны 06 дугаар сарын 25-нд бүгдийг нь төлж барагдуулсан. Манай дансанд 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөг орж ирээгүй. Гэрээний хугацаа дууссан хойно бид мөнгө төлж байсан бөгөөд  2012 оны 04 дүгээр сард хийсэн 3.000.000 төгрөгний гэрээнд эхний 03 сар хүү төлөөд гэрээний хугацаа дууссан үндсэн мөнгөө төлж байсан. 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 11.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хийсэн боловч уг мөнгө орж ирээгүй тул амлалтын талаар гэрээ байгуулсан. Хариуцагч бид 5.000.000, 3.000.000, 4.000.000 төгрөгийн төлөлтийг төлж дууссан. Харин 11.000.000 төгрөгийг 34.560.000 төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн. Гэтэл гэрээний хугацаа дуусч хүү, алданги тооцоод 50 хувиас хэтрэхгүй 11.000.000 төгрөг 17.000.000 төгрөгөөр төлөгдөх ёстой байхад бид 34.560.000 төгрөг болгож төлсөн гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх  2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар О.Л-ийн зээл, зээлийн хүү 30.664.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Л-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311.270 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр давж заалдсан гомдолдоо:

         Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолоход 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан бөгөөд үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн буюу анз, алданги гаргуулах хөөн хэлэлцэх хугацаа ч дуусна. Шүүх хэргийн нотлох баримтад авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 оны 05 дугаар сард “гэрээний хэрэгжилт, төлбөрийн талаар” байгуулсан гэрээг авч хэлэлцээгүй байна. Тус гэрээний дагуу төлөгдөөгүй хүүг хувааж төлөхөөр болсон ба хүүгийн үлдэх хэсгийг 2014 оны 07 дугаар сарын 25-нд төлөхөөр бичигдсэн. Нэхэмжлэгч нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нарыг зээлээ буцаан төлөхгүй байгаа талаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хандаж зохигчдоос авсан тайлбарыг хариуцагч нарын хүсэлтээр иргэний хэрэгт нотлох баримт болгон судласан. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О.Л- хариуцагч Д.Б-, Н.Т- нарт холбогдуулж, үндсэн зээл 18.000.000 төгрөг, түүний хүү 12.664.000 төгрөг, нийт 30.664.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагч Д.Б-, Н.Т- нар зээлийн төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх зээлийн гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тооцно гэж зааснаар тоолоход 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байна гэж дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Болсон үйл баримт болон шүүхэд гаргасан талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзвэл хэрэгт зохигчдын хооронд хийгдсэн 2011 оны 06 дугаар 30-ны өдрийн зээлийн гэрээнээс  2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ хүртэл 7 удаагийн зээлийн гэрээ, гэрээний дагуу мөнгө шилжүүлж байсан банкны дипозит дансны хуулгууд, зээлийн төлбөрийг буцаан төлж байсан  баримт, ХААН банкны орлогын мэдүүлгүүд, Шим худалдааны төвийн орлогын ордерууд, бэлэн мөнгө авч байсан бүртгэлийн баримтууд, зээл эргэн төлөлтийн тооцоо, сум дундын прокурорын газраас ирүүлсэн мөрдөн байцаалтын тэмдэглэлүүд зэрэг баримтууд   нотлох баримтаар авагдсан байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал хэрэгт авагдсан гэрээ тус бүрийг тус тусд нь үнэлж дүгнээгүй.

Өөрөөр хэлбэл эхний гэрээгээр хэдэн төгрөг бодитойгоор зээлдүүлснээс хэдэн төгрөгийг төлж, хичнээн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа эсэх, /үндсэн зээлийн төлбөр болон хүүнд хэд хичнээн төгрөг хэзээ төлсөн/ дараагийн гэрээг байгуулахдаа өмнөх гэрээний үлдэгдэл хэдэн төгрөг дээр хэдэн төгрөг нэмж зээлүүлсэн эсэх, энэ нь яг бодитойгоор биелэгдсэн эсэх, хамгийн сүүлд 18.000.000 төгрөг зээлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн, 03 дугаар сарын 26-ны өдрийн, 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрээнүүдийн аль гэрээ нь бодитой хэрэгжсэн эсэх, аль гэрээг нь шүүх дүгнэсэн эсэх, үнэлж дүгнээгүй бол хэрхэн ямар үндэслэлээр дүгнээгүй зэрэг нь тодорхойгүй байх бөгөөд хууль зүйн үүднээс зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд талуудын гаргаж байгаа тайлбар мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай зөрүүтэй байхад түүний зөрүүг арилгаж, салгаж, ойлгомжтой дүгнээгүй байна.

Нэхэмжлэгч О.Л- нэхэмжлэлээр 30.664.000 төгрөг хариуцагчдаас гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхой гаргаж, тайлбарлаж чадаагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзнэ.

Мөн шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохдоо хэргийн 45-50, 61 дүгээр талд авагдсан нотлох баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдлыг анхаараагүй байна гэж үзнэ.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Хэргийг дахин шийдвэрлэхдээ зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, тооцооллыг зөв хийж шийдвэрлэвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

          2.Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59  дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч О.Л-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.270 төгрөгийг Төрийн сангийн данснаас  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХЖАРГАЛ 

                                     ШҮҮГЧИД                                               С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                     Л.АМАРСАНАА