Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

 

 

 

 

                    2022/ШЦТ/104

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

           Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Бямбаахүү, Д.Насанжаргал

            Шүүгдэгч: О.Б, Т.Х, М.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аовогт Оын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Мгийн Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Тын Х нарт холбогдох 2212000000059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .. аймгийн .. сумын .. багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Аовогт Оын Б /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х сумын А багийн Б гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Тын Х /РД:../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х сумын А багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Мгийн Г /РД:../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Х сумын А багийн Б гэх газраас 116 ширхэг З.9м3 шоо метр шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 1.440.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000059 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Өын мэдүүлсэн: ...О.Б, Т.Х, М.Г нарыг эрхийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн. Би модны экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Өын дахин мэдүүлсэн: ...Би модны экологи эдийн засгийн үнэлгээтэй танилцсан. 1.440.800 төгрөгийн хохирол учирсан байна. Би модны экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 1.440.800 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 144 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төвд байхад Архангай аймгийн Хангай сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Б.Мнь тус сумын Ар баясгалан багийн Урд эхийн Шар чирэнгэт гэх газар гурван хүн мод бэлтгэж байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад О.Б, М.Г, О.Х нар мод унагаад бэлтгэж байхаар нь зөвшөөрлийг нь шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан учраас Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мийн мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад тус сумын Ар баясгалан багийн Бөөрүүтийн эхийн Шар чирэнгэт гэх газар гурван хүн мод бэлтгэж байна гэхээр нь Байгаль орчны улсын байцаагч Б.Бын хамт очиж шалгахад О.Б, М.Г, О.Х нар нь ямар нэгэн зөвшөөрөлгүй хууль бусаар шинэс мод бэлтгэж байсан. Тэд нар тээвэрлээгүй. Б, Г, Х нар нь бэлтгэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Гийн мэдүүлсэн: ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бид гурав хохирлын мөнгөө төлж барагдуулах болно. Цагаан сарын үеэр түлэх түлээгүй болсон тул Б, Х, бид гурав ярьж байгаад галын түлээний мод бэлтгэхээр болсон юм. Б бид хоёр хөрөө барьж мод унагаасан, харин Х цагаалж бөөгнүүлсэн юм. Б, Х, бид гурав үхрээ бэлчээрт нь тууж гаргахдаа мод бэлдсэн. Тухайн газар манайхаас ойрхон болохоор явган явсан юм. Бид гурав босоо мод унагааж дуусаад цагаалаад бөөгнүүлж байхад сумын Байгаль хамгаалагч Б, сумын хэв журмын цагдаа Мхоёр сумын Засаг даргын тамгын газрын машинтай ирээд мод бэлтгэх эрхийн бичиг асуусан. Бид гурав эрхийн бичиг аваагүй болохоор үнэнээ хэлсэн юм. Бид гурав нийт 50 ширхэг босоо мод унагаасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Хын мэдүүлсэн: ...Миний үйлдэл тохирч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. М.Г, О.Б нартай 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн Бөөрүүтийн эхийн Шар гэх газраас мод бэлтгэсэн. Тухайн үед мод бэлтгэхэд М.Г, О.Б нар намайг тус сумын Ар баясгалан багийн Бөөрүүт гэх газарт байдаг гэрт байхад хамт яваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрөөд хамт явсан. Мод бэлтгэх газраа очоод М.Г, О.Б нар мод унагасан, харин унагасан модыг нь би цагаалсан. Мод бэлтгээд байж байхад сумын ойн хамгаалагч, цагдаа нар ирсэн юм. Ер нь бол ийм л зүйл болсон. Би мод бэлтгэх эрхийн бичгийн талаар асуусан бөгөөд намайг асуухад Б, Г нар аваагүй байгаа гэж хэлсэн. Би тэгж хэлээгүй, намайг хамт яваад өгөөч гэж гуйхаар нь хамт явсан. Би тэд нараас яагаад мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй талаар асуугаагүй. Босоо, нарийн 50 ширхэг мод унагаасан. Ямар төрлийн мод унаагасан талаар мэдэхгүй байна. Бор, цагаан өнгийн 2 ширхэг модны цахилгаан хөрөө ашигласан. Өөр ямар нэгэн багаж зэвсэг ашиглаагүй. Мөн тээврийн хэрэгсэл ашигласан зүйл байхгүй. Б, Г, бид гурвын гэрээс тухайн мод бэлтгэсэн газар 3 километр зайтай болохоор бид гурав явган алхаад очсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 137-139 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Бын мэдүүлсэн: ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бид гурав хохирлын мөнгөө төлж барагдуулах болно. Г, Х, бид гурав ярьж байгаад галын түлээний мод бэлтгэхээр болсон юм. Б, Г, бид хоёр хөрөө барьж мод унагаасан, харин Х цагаалж бөөгнүүлсэн юм. Г, Х, бид гурав үхрээ бэлчээрт нь тууж гаргахдаа мод бэлдсэн. Тухайн газар манайхаас ойрхон 2-3 км зайтай болохоор явган явсан юм. Бид гурав босоо мод унагааж дуусаад цагаалаад модоо бөөгнүүлж байхад сумын сумын хэв журмын цагдаа Мэ, байгаль хамгаалагч Б хоёр сумын Засаг даргын тамгын газрын машинтай ирээд мод бэлтгэх эрхийн бичиг шалгасан. Бид гурав эрхийн бичиг аваагүй болохоор үнэнээ хэлсэн юм. Бид гурав нийт 50 ширхэг босоо мод унагааж, дундуур нь хуваагаад, нийт 116 ширхэг болгож бэлдсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 26-36 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-25 хуу/

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-58 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22-02 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-71 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84, 85, 87хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92-94 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95-97 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 99 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 102-103 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Х сумын А багийн Б гэх газраас 116 ширхэг З.9м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 1.440.800 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нар нь бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Х сумын А багийн Б гэх газраас 116 ширхэг З.9м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 1.440.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

иргэний нэхэмжлэгч Д.Өын “О.Б, Т.Х, М.Г нарыг эрхийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэж Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн”, “1.440.800 төгрөгийн хохирол учирсан байна. Би модны экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан 1.440.800 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82, 144/,

 

гэрч Б.Бын “2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн төвд байхад А аймгийн Х сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Б.Мнь тус сумын Ар баясгалан багийн Урд эхийн Шар чирэнгэт гэх газар гурван хүн мод бэлтгэж байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад О.Б, М.Г, О.Х нар мод унагаад бэлтгэж байхаар нь зөвшөөрлийг нь шалгахад ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгч шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,

 

гэрч Б.Мийн “2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Х сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад тус сумын Ар баясгалан багийн Бөөрүүтийн эхийн Шар чирэнгэт гэх газар гурван хүн мод бэлтгэж байна гэхээр нь Байгаль орчны улсын байцаагч Б.Бын хамт очиж шалгахад О.Б, М.Г, О.Х нар нь ямар нэгэн зөвшөөрөлгүй хууль бусаар шинэс мод бэлтгэж байсан. Б, Г, Х нар нь бэлтгэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

 

өөрсдийн гэм бурууг хүлээж М.Г, Т.Х, О.Б нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 112-113, 137-139, 26-36/,

 

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-25/,

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-58/,

“Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22-02 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нар нь гэм буруутай байна.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Х сумын А багийн Б гэх газраас 116 ширхэг З.9м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байх ба шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байна.  

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч О.Б, М.Г, Т.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирол хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.440.800 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.440.800*3=4.322.400 /дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгч М.Гаас 1.440.800 төгрөг, шүүгдэгч  Т.Хаас 1.440.800 төгрөг, шүүгдэгч О.Баас 1.440.800 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 702.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3.9 м3 шоо метр 116 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод оруулж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Гийн эзэмшлийн 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, шүүгдэгч О.Бын эзэмшлийн 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч М.Гаас зөрүү 1.384.8000 төгрөг, шүүгдэгч О.Баас зөрүү 1.384.800 төгрөг, шүүгдэгч Т.Хаас 1.440.8000 төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар тогтоов.

            Шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Г, Т.Х, О.Б нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нарт ял оногдуулахыг тэнссэн тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Аовогт Оын Б, Х овогт Мгийн Г, Бовогт Тын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, шүүгдэгч Т.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, М.Г, Т.Х нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

             4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч О.Б, М.Г, Т.Х нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 1.440.800 төгрөг, шүүгдэгч  Т.Хаас 1.440.800 төгрөг, шүүгдэгч О.Баас 1.440.800 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 702.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3.9 м3 шоо метр 116 ширхэг шинэс төрлийн модыг хураан улсын орлогод оруулж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Гийн эзэмшлийн 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, шүүгдэгч О.Бын эзэмшлийн 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, шүүгдэгч М.Гаас зөрүү 1.384.800 төгрөг, шүүгдэгч О.Баас зөрүү 1.384.800 төгрөг, шүүгдэгч Т.Хаас 1.440.800 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар тогтоосугай.

             7. Шүүгдэгч  О.Б, М.Г, Т.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Б, М.Г, Т.Х нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Б, М.Г, Т.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ