Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

                                   2022/ШЦТ/105

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бы Бд холбогдох 2212000000096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, охины хамт .. аймгийн .. сумын .. багийн .. гэх газарт оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Д овогт Бы Б /РД:../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг З гэх газарт 29-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.13 болон 2.24-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч М.Тнас барж, зорчигч Б.Мын эрүүл мэндэд зүүн зулай ясанд шугаман хугарал гэмтэл бүхий хүнд хохирол, зорчигч М.Агийн эрүүл мэндэд баруун талын 7, 8 дугаар хавирга суганы дунд шугамаар хугарсан, зүүн 6 дугаар хавирга суганы арын шугамаар цуурсан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000096 дугаартай эрүүгийн хэргээс:

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Агийн мэдүүлсэн: ...Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Би дахин дүгнэлт гаргуулахгүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 хуу/

 

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тын мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Ч суманд отор хийж байсан чинь 14 цагийн үед манай дүү Тнад руу утсаар залгаад би одоо сумаас гарч байна, та нөгөө хүнээ аваад Чулуут сумын төвд байж байгаарай гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би 15 цаг өнгөрч байхад гар утас руу нь залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Б.Бын эгч надад утсаар зам тээврийн осолд орж Тын биеийн байдал маш муу байна, хурдан ир гэж хэлсэн. Тэгээд би 19 цаг дөхүүлээд Чулуутын отрын гэрээсээ мотоцикльтой гараад Чулуут суман дээрээс машин ирж аваад Тариат суманд 02 цаг өнгөрч байхад ирсэн чинь Тнас барсан байсан. Манай дүү ТБ.Бтай 2020 оны өвлөөс хойш хамтран амьдарч эхэлсэн. Тариат сумын Хорго багт хонь, үхэр маллаж амьдарч байсан. 2021 онд төрж охинтой болсон. Б.Б нь ааш зангийн хувьд дөлгөөн зантай, юмыг шууд хэлэхгүй, цаагуураа ёжилдог, архи дарс хэрэглэдэг бөгөөд хэрэглэсэн үедээ зан авиргүй. Эхнэр, дагавар 2 хүүхдэдээ халамж сайтай байдаг. Манай дүү архаг хууч өвчин гэхээр зүйлгүй байсан. Эмчилгээ хийлгэж байгаагүй. Эмнэлэгт төрөх гэж л хэвтдэг байсан. Миний дүү Тнь 1988 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн бөгөөд 6 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насаа хөдөө мал маллаж өнгөрөөсөн. Тариат сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд сургуулиас гарч хөдөө маллаж байгаад 2013 онд Гантулга гэх залуутай гэр бүл болж, хүү, охин хоёртой болсон. Гантулга нь 2017 онд замын тээврийн ослын улмаас нас барсан. Миний дүү Тнь зөөлөн сэтгэлтэй их тайван, дөлгөөн хүн байсан. Нутаг усандаа нэр хүнд сайтай, орсон, гарсан хүнд хоол цай сайтай тийм хүн байсан. Хооронд харилцаа сайтай байсан. Амьдралд хэрүүлгүй байна гэж байхгүй. Хааяа хэрүүл хийж байж харагддаг. Архи дарс уулаа гэж хэрүүл хийдэг байсан. Тэрнээс хүүхдүүдээс болж хэрүүл хийдэггүй байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой гээд миний дүү босоод ирэх биш дээ...гэх мэдүүлэг /хх-ийн 153-155 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тын мэдүүлсэн: ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал, хүсэлт байхгүй. Одоо Б.Мт аавынхаа төрсөн эгч Бгийнд байгаа. Угж хоолонд сайн бөгөөд шөнө уйлах нь багассан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 199-200 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд М.Агийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Т суманд байж байгаад хүргэн Бар отрын газарт хүргүүлэхээр 15 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд Гичгэнэ голын гүүр гараад цааш явж байтал замын хотгор хэсэгт машин шидэгдэж замын хажуу руу онхолдсон. Би хэд хөрвөөсөн талаар мэдэхгүй байна. Машинд 2 хүүхэд, 2 том хүн сууж явсан. Би хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болохыг мэдэхгүй байна. Би хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Машиныг манай хүргэн Б жолоодож явсан. Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Би хамгаалах бүс хэрэглэсэн талаар мэдэхгүй. Би хамгаалах бүс зүүгээгүй байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би харин архи уусан байсан. Миний биед гэмтэл учраагүй. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бын мэдүүлсэн: ...Ослын дуудлагыг 17 цаг 05 минутад аваад 17 цаг 25 минутад осол болсон газар очсон. Намайг очиход 2 том хүн, 2 хүүхэд, 1 нас барсан хүн байсан. Нийт 5 хүнтэй явж байсан юм байна лээ. Хамт явж байсан А нь намайг очих үед машин дотор шокийн байдалтай сууж байсан. Машинаас гаргахад явж чадахгүй, эвхэрсэн байдалтай байсан. Амин үзүүлэлт нь тогтвортой бус байсан. Машин жолоодож явсан гэх Б гэх хүн нь шокийн байдалтай, амин үзүүлэлт нь тогтвортой, өөрийн зовууриа тухайн үед хэлж чадахгүй байсан. Хамт явж байсан гэх 5 настай охин шокийн байдалтай, амин үзүүлэлт хэвийн байсан. Мөн 7 сартай охин нь амин үзүүлэлт нь тогтвортой бус, хүчил төрөгчийн хэрэгцээтэй байсан тул тухайн осол болсон газраас 1 том хүн, 2 хүүхдийн хамтаар сумын эрүүл мэндийн төвд зөөвөрлөн авчирсан бөгөөд ирээд эмчилгээ хийж байхад осол болсон газраас жолооч Бын бие муудаад байна гэж дуудлага ирсэн. Очиход Б нь цээжээр өвдөх зовуурь илэрсэн бөгөөд түүнийг зөөвөрлөн сумын эрүүл мэндийн төвд авч ирээд үзэхэд баруун гарын шуу яс нь хавдсан, хөхрөлтэй зовуурьтай, баруун талын цээжээр нь хатгаж өвдөөд байна гээд амин үзүүлэлт нь тогтвортой бус байсан тул эмчилгээнд орсон. 2 хүүхдийг нь хүүхдийн эмчид үзүүлсэн бөгөөд хүүхдийн эмч эмчилгээ хийсэн. Харин 2 том хүнд нь би эмчилгээ хийсэн. Өвчин намдаах, тайвшруулах, үрэвслийн эсрэг, тархины хаван бууруулах, тархины бодисын солилцоо сайжруулах, зүрх, уушги дэмжсэн, цагийн тохиргоотой хүчил төрөгчийн төхөөрөмжөөс хүчилтөрөгч өгсөн. Бусад шинж тэмдгийн эсрэг эмчилгээ тариа болон эмээр эмчилсэн. Намайг очих үед машины гадна талд дээшээ хараад хэвтсэн, амаа хагас ангайсан, амнаас нь цус гарсан, толгойн баруун талаас нь цус гарсан, амин үзүүлэлт хэмжигдээгүй, чагналтаар зүрхний цохилт болон амьсгал зогссон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Эын мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагын дарга утсаар хэлээд би мэдсэн. Зээлийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулж 4.000.000 төгрөгийг 24 сараар 3.3 хувийн хүүтэй авсан байсан. Одоогийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Зээлийн эргэн төлөлтийн дагуу зээлийг хуваарийн дагуу төлж 6 сард бүрэн төлж барагдуулахаар шийдсэн. Мөн манай байгууллагаас зээлийн хүүг зогсоох арга хэмжээ авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Бын мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумаас Чулуут сум руу мал харах хүн авахаар явж байгаад Тариат сумын төвөөс гараад 10 км орчим явж байхад машины дугуй хагарч зам тээврийн осол гарсан. Тухайн үед хадам ах М.А, охин Н.Мөнхтуяа, охин Б.М, амь хохирогч М.Тнарын хамтаар явж байсан. Өөр хүн яваагүй. Би 2 дугаар сард банк бусад 2.000.000 төгрөгийг өгсөн, үлдсэн 2.000.000 төгрөгийг 6 сард өгөхөөр тохиролцсон. Мөн талийгаач эхнэрийн буяны ажилд 3.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж хийсэн. Буяны ажилд цугларсан мөнгийг хадам эгч М.Т авсан. Би жолооны үнэмлэхийг тухайн ослоос хойш хайгаад олохгүй байгаа. Хаягдсан байх гэж бодож байна. Би тухайн үед 80-86 км цагийн хурдтай явсан. Би 7 сартай нялх охинтойгоо, 75 настай даралт харвасан төрсөн ээжтэйгээ амьдарч байна. Тиймээс миний хэргийг хөнгөн шийдэж өгөөч...гэх мэдүүлэг /хх-ийн 186-188 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2. Б.Бын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 44-45 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Амь хохирогч М.Тын цогцост гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, зүүн чамархай яснаас зүүн чулуулаг ясны урд хэсгээр, их бага далавчны ар хэсгээр өнчин тархи, турк эмээлийн урд бүүрэг баруун чулуулаг ясны урд хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугаралтай, дагзны зүүн ар доод хэсгээс суман заадас руу чиглэсэн шугаман хугаралтай, дагзны ёрвонгоос зүүн баруун арын хонхор нугасны том нүх рүү чиглэсэн цөмөрсөн хугарал, хархины хоёр тал бөмбөлөг дух, зулай, дагз хэсгийг хамарсан тархмал цус харвалт, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар хавирга ар талд голын шугамаар шууд бус хугарал, элэгний язрал, нүүр, дух, зүүн шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Амь хохирогч М.Тын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.10, 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Амь хохирогч М.Тнь зам тээврийн осол болсон гэх цаг хугацаанд гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно. 5. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 6. Амь хохирогч М.Тнь нас барах үедээ согтолтгүй байжээ. 7. Амь хохирогч М.Тын цус нь В /III/ бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /хх-ийн 79-83 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Б.Мын биед зүүн зулай ясанд шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 104-105 хуу/ 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. М.Агийн биед баруун талын 7, 8-р хавирга суганы дунд шугамаар хугарсан, зүүн 6-р хавирга суганы арын шугамаар цуурсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Баруун 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн 6-р хавирганы цууралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 132-133 хуу/ 

 

2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Приус-20 маркийн 29-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.Б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт, мөн дүрмийн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим.тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.13-д заасан “«Тэгш биш зам»-зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл, гэмтэл, бартаа, донсолгоотой хэсэгт ойртож байгааг анхааруулна гэсэн тэмдгийн заалт”, 2.24-д заасан “«Хурдны дээд хязгаарлал»-тээврийн хэрэгслийн хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Приус-20 маркийн 29-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.13-д заасан “«Тэгш биш зам»-зорчих хэсгийн гадаргуугийн эвдрэл, гэмтэл, бартаа, донсолгоотой хэсэгт ойртож байгааг анхааруулна гэсэн тэмдгийн заалт, мөн 1 дүгээр хавсралтын 2.24-д заасан “«Хурдны дээд хязгаарлал»- тээврийн хэрэгслийн хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим.тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 3. Тухайн зам тээврийн осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Б.Б /А383021013/ регистрийн дугаараар ТРS программд шүүж үзэхэд В ангиллын 1380906 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич хуулбарыг хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 173-174 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10, 78- хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 11 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12-14 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 73-77 хуу/

Архангай аймаг дахь салбарын Авто тээврийн төвийн авто тээвэр хариуцсан улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 161-164 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 209-210 хуу/

Архангай аймгийн Тариат сумын Эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот албан бичиг /хх-ийн 211 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг З гэх газарт зам тээврийн осол гарч, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан М.Тнас барж, Б.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, М.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Агийн мэдүүлсэн “Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/,

 

 мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тын мэдүүлсэн “Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Ч суманд отор хийж байсан чинь 14 цагийн үед манай дүү Тнад руу утсаар залгаад би одоо сумаас гарч байна, та нөгөө хүнээ аваад Чулуут сумын төвд байж байгаарай гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би 15 цаг өнгөрч байхад гар утас руу нь залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад Б.Бын эгч надад утсаар зам тээврийн осолд орж Тын биеийн байдал маш муу байна, хурдан ир гэж хэлсэн. Тэгээд би 19 цаг дөхүүлээд Чулуутын отрын гэрээсээ мотоцикльтой гараад Чулуут суман дээрээс машин ирж аваад Тариат суманд 02 цаг өнгөрч байхад ирсэн чинь Тнас барсан байсан”, “Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал, хүсэлт байхгүй. Одоо Б.Мт аавынхаа төрсөн эгч Бгийнд байгаа. Угж хоолонд сайн бөгөөд шөнө уйлах нь багассан” гэх мэдүүлэг /хх-ийн 153-155, 199-200/,

 

мөрдөн байцаалтын шатанд М.Агийн гэрчээр мэдүүлсэн “Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Т суманд байж байгаад хүргэн Бар отрын газарт хүргүүлэхээр 15 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд Гичгэнэ голын гүүр гараад цааш явж байтал замын хотгор хэсэгт машин шидэгдэж замын хажуу руу онхолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Бын мэдүүлсэн “Ослын дуудлагыг 17 цаг 05 минутад аваад 17 цаг 25 минутад осол болсон газар очсон. Намайг очиход 2 том хүн, 2 хүүхэд, 1 нас барсан хүн байсан. Нийт 5 хүнтэй явж байсан юм байна лээ. Хамт явж байсан А нь намайг очих үед машин дотор шокийн байдалтай сууж байсан. Машинаас гаргахад явж чадахгүй, эвхэрсэн байдалтай байсан. Амин үзүүлэлт нь тогтвортой бус байсан. Машин жолоодож явсан гэх Б гэх хүн нь шокийн байдалтай, амин үзүүлэлт нь тогтвортой, өөрийн зовууриа тухайн үед хэлж чадахгүй байсан. Хамт явж байсан гэх 5 настай охин шокийн байдалтай, амин үзүүлэлт хэвийн байсан. Мөн 7 сартай охин нь амин үзүүлэлт нь тогтвортой бус, хүчил төрөгчийн хэрэгцээтэй байсан тул тухайн осол болсон газраас 1 том хүн, 2 хүүхдийн хамтаар сумын эрүүл мэндийн төвд зөөвөрлөн авчирсан бөгөөд ирээд эмчилгээ хийж байхад осол болсон газраас жолооч Бын бие муудаад байна гэж дуудлага ирсэн. Намайг очих үед машины гадна талд дээшээ хараад хэвтсэн, амаа хагас ангайсан, амнаас нь цус гарсан, толгойн баруун талаас нь цус гарсан, амин үзүүлэлт хэмжигдээгүй, чагналтаар зүрхний цохилт болон амьсгал зогссон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 186-188/,

 

М.Тын үхлийн шалтгааны тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-83/,   

 

хохирогч Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-105/,   

 

хохирогч М.Агийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132-133/,   

 

зэм тээврийн осол гарсан шалтгаан, нөхцлийг тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 173-174/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-07/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10/,

ослын газрын схем зураг /хх-ийн 11/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 12-14/ зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг З гэх газарт зам тээврийн осол гарч, 29-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч М.Тнас барж, зорчигч Б.Мын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Шүүгдэгч Б.Бын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А аймгийн Т сумын Б багийн нутаг З гэх газарт 29-83 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 1.13 болон 2.24-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч М.Тнас барж, зорчигч Б.Мын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь насыг хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч Б.Бын авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Б.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 44 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Б.Б нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ........эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Бд ял оногдуулахыг тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т, хохирогч М.А нар нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Д овогт Бы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар  зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

             4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Бын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

              6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ