| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0097/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/111 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/111
2022/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгч: Э.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Эы Мэд холбогдох 2212000000092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр С аймгийн С суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт .. хотын .. дүүргийн .. хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Д аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Н овогт Эы М /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “Лаяк” авто угаалгын газарт угаалгахаар өгсөн иргэн М.Эгийн эзэмшлийн 58-19 УНЗ улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, бусдын эд хөрөнгийг буюу тухайн автомашины эд ангийг гэмтээсний улмаас хохирогч М.Эгийн эд хөрөнгөнд 5.015.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000092 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эгийн мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орой 17 цагийн үед А аймгийн Э сумын .. дугаар багт байх “Лаяк” авто угаалгын газарт машинаа угаалгахаар ирсэн юм. Намайг ирэхэд 3 машин угаалганд орох гээд үүдэн дээр нь оочирлоод зогсчихсон байсан. Би хүлээж байгаад 18 цагийн үед машинаа угаалгасан. Би өөрөө харж зогсож байгаад машинаа угаалгачихаад дулаан газар машинаа хонуулахаар болоод угаалгын газарт байрлуулж тавьчихаад 20 цагийн үед машин угаасан залууд түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 09 цагийн үед машинаа авах гээд иртэл миний машиныг эвдчихсэн байсан. Намайг ирэхэд угаалгын газарт ямар ч хүн байхгүй, хүн орж гардаг жижиг хаалга нь онгорхой байсан. Би машинаа харчихаад буцаад угаалгын газраас гарах гээд явж байхад угаалгын газрыг ажиллуулдаг гэх хүн урдаас орж ирсэн. Тэгээд би тэр хүнд миний машиныг эвдчихсэн байна, энэ чинь юу болж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б нь хариуцлагаа хүлээнэ, хохирол барагдуулж өгнөө л гэж хэлсэн. Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орой өөрөө байж байгаад машинаа угаалгаж дуусгачихаад дулаан гражид хонуулаад өглөө эрт авахаар болоод бүх тооцоогоо хийгээд миний машиныг угаасан залууд машинаа бүрэн бүтэн хүлээлгэн өгөөд түлхүүрээ үлдээгээд явсан. Би машинаа угаалгын газрын зүүн урд буланд нь байрлуулсан. Миний машин 2007 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, “Субару Форестор” 512 загварын автомашин байгаа юм. Миний машинд ямар ч эвдрэл гэмтэл, сэв байгаагүй. Би машинаа Улаанбаатар хотоос 2021 оны 12 дугаар сард худалдан авсан. Миний харснаар жолооч талын хойд дугуй хагарсан, урд рулын аппарат, явах эд анги гэмтсэн, зүүн хойд хаалга цөмөрч зурагдсан, багажны хаалга гажсан, зүүн хойд талын багажийн шил хагарсан байсан. “Лаяк” угаалгын газрыг ажиллуулдаг Б гэдэг хүн угаалгын газарт угаагч хийдэг М гэдэг залуу унаж яваад эвдсэн байна гэж хэлсэн. Тэгээд тэр М гэдэг хүнээс өөрийнхөө утсанд ирсэн мессежийг уншуулахад “ха ха төлчөөрэй ха ха” гэж бичсэн байсан. Угаасаа гадна хаяг дээрээ угаалгын газар, дулаан граж гээд биччихсэн байсан юм. Би өмнө нь “Лаяк” угаалгын газарт машинаа тавьж байгаагүй. Намайг машинаа угаалгаж байхад ирчихээд буцаад гараад явсан. Намайг машинаа тавьчихаад явсны дараа буцаж ирсэн гэж надад өнөөдөр ярьж байна лээ. Миний машиныг хар саарал өнгийн мөрөвчтэй гялгар цувны матөриалтай, ажлын хувцастай 165-170 см орчим өндөртэй, бордуу царайтай, 20 орчим насны залуу угаасан. Би тэр залууд машиныхаа түлхүүрийг үлдээгээд явсан. Би гомдолтой байна. Өөрийн машинаа маш яаралтай бүрэн бүтэн болгуулж, хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Эгийн дахин мэдүүлсэн: ...Би өөрийн автомашинаа засварлуулж авсан болохоор надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 148 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.Дын мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өглөө хөдөө явчихаад орой 20 цагийн үед аймагт ирээд Угаалгын газар дээрээ ирсэн. Намайг ирэхэд угаалгын газарт цагаан өнгийн “Форестор” маркийн автомашин орчихсон М угааж байсан. Би угаалгын газраар дөнгөж орчихоод буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ байж байхад М ах залгаад “ах нь маргааш өглөө Улаанбаатар хот руу явлаа, чи ирж уулзах юм уу, яах юм” гэсэн. Би тэр үед завгүй байна гээд утсаа салгасан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад манайд байдаг хамаатны охин Бтэй хамт угаалгын газар дээр ирсэн. Бид хоёрыг ирэхэд М ах ганцаараа 2 литртэй том пиво уугаад сууж байсан. Орой угаалгаж байсан цагаан өнгийн “Форестор” маркийн автомашин угаалгын газарт байж байсан. М ах өнөө шөнө унтахгүй сууж байгаад маргааш өглөө 08 цагийн автобусаар Улаанбаатар явна, та 2 ханьтай жаахан сууж байгаад явчихаач гэсэн. Тэгээд М ах, Б, бид 3 хамт хөзөр тоглож байгаад би унтаад өгсөн. М ах Бийн утсаар фейсбүүк үзэж байсан. Намайг унтаж байтал Б сэрээгээд явъя гэсэн. Тэр үед цаг 05 болж байсан. М ах бид хоёрыг угаалгын газраас гаргаж өгчихөөд буцаад орсон. Б бид хоёрыг угаалгын газраас гарахад цагаан өнгийн “Форестор” маркийн машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан газартаа байж байсан. Бид хоёрыг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Бид 2 шууд гэр рүүгээ хариад унтаж байтал 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад угаалгын газар түрээсэлдэг Б ахын эхнэр Б эгч залгаад “хувцсаа өмсөөд байж бай, би чамайг очиж авлаа” гэсэн. Тэгээд угаалгын газарт ирсэн чинь цагаан өнгийн “Форестор” маркийн машины урд гупер хагарсан, урд элгэвч нь хугараад доош унжсан, баруун хойд талын дугуй хагарсан, зүүн хойд хаалга зурагдсан, багажны цонхны шил хагарсан, арын багажны хойд хаалганы бариул хоногноосоо мултарч гарсан байдалтай байсан. М ах Б ахын утас руу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 08 цаг 13 минутад “ха ха төлчөөрэй ха ха” гэсэн мессеж явуулчихсан байсан. Угаалгын газарт бид гурваас өөр хүн байгаагүй. М бид хоёрыг ирэхэд 2 литртэй пиво ууж байсан. Б бид хоёрт аягалаад өгөхөөр нь амсаад өгсөн. Дараа нь дахиад 2 литртэй пиво задалсан. Тэрнээсээ мөн бид хоёрт аягалж өгөхөөр нь уугаагүй. Сүүлийн задалсан пиво нь дууссан эсэхийг нь мэдэхгүй байна. Би унтаад өгсөн. М ах өглөө бид хоёрыг угаалгын газраас гаргаж өгөхдөө нэг их согтуу биш, гайгүй л байх шиг байсан. Бид хоёрыг шөнө угаалгын газарт ирэхэд “Форестор” машин ямар нэгэн гэмтэлгүй, зүгээр байсан. Үүрээр 05 цагийн үед харих гээд явахад ч эвдрэлгүй зогсож байсан газраа байж байсан. М нь цагаан сарын өмнөхөн ирээд ажиллаж байгаа болохоор сайн мэдэхгүй. Уг нь их гайгүй хүн юм шиг санагдсан. М өөрийгөө Сэлэнгэ аймагт төрж өссөн, Архангайн хүн биш гэж байсан. Угаалгын газар дээр найзууд нь гээд 3 банди ирж байсан. Одоо хаана, хэнтэйгээ амьдардаг болохыг нь мэдэхгүй байна. Би тэр хүүхдүүдийг танихгүй. Тэр машины түлхүүр Мэд байсан. Ер нь машинаа угаалгаж байгаа хүн түлхүүрээ үлдээчихдэг юм. Манайх угаалгын газартаа машин тавьж хонуулдаг юм. Өчигдөр ганцхан тэр цагаан “Форестор” л хоносон байсан. Яг баримталдаг журам гэж байхгүй байх гэж бодож байна. Яг тогтсон ажилтан гэж байхгүй. Би өнгөрсөн зунаас хойш ирэн, очин ажиллаж байгаа. Угаалгын газрын түрээсэлдэг Б ах өөрөө бас угаадаг. Цагаан сараас хойш би очиж машин угаагаагүй. Угаагч машин угаасан хөлснийхөө 40 хувийг авдаг юм. Тэр 2 хоорондоо энгийн л харилцаатай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бын мэдүүлсэн: ...Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээ байгуулаад одоог хүртэл ажиллаж байна. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орой 21 цагийн үед угаалгын газар дээрээ ирж Мтэй тооцоо хийсэн. Тэгсэн чинь угаалгын газарт цагаан өнгийн “Форестор” маркийн автомашин тавьсан байсан ба уг машиныг хонох гэж байгаа гэж байсан. М маргааш Улаанбаатар хот руу буцах гэж байгаа гээд байхаар нь 2 литртэй пиво аваад би тэр пивоноос нь ёс болгож амсаад өгсөн. М надтай хамт манай гэр рүү очиж гэрт тавьсан байсан эд зүйлээ аваад гарсан юм. Би Мийг гэрээс гарснаас хойш ажил дээрээ очсон уу гээд залгаад асуусан чинь ирчихсэн байсан, мөн Д гээд манайд хааяа ирж ажилладаг хүүхэд хамт байсан. Тэгсэн чинь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 08 цаг 13 минутад миний 95823898 дугаарын утас руу Мийн 99402261 дугаараас “ха ха төлчөөрэй ха ха” гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд би ажил дээрээ 08 цаг 50 минутын үед ирэхэд “Форестер”-ын жолооч угаалгын газар дээр ирчихсэн байсан. Угаалгын газарт байсан “Форестер” маркийн автомашины баруун хойд дугуй хагарсан, зүүн хойд талын жижиг шил хагарсан, зүүн хойд талын хаалга хонхойж гэмтсэн, зүүн урд талын дугуй далийсан, урд гупер нь хагарсан байдалтай байсан. Би тэгээд Мийн утас руу залгасан боловч холбогдохгүй байсан. М гэх залуу нь өмнө нь 2021 оны 03 дугаар сараас 07 дугаар сарыг хүртэл манай угаалгын газарт угаагчаар ажиллаж байгаад Улаанбаатар хот руу яваад өгсөн юм. Би 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр М рүү залгаад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд надад өдрийн 50.000 төгрөг өгөөд бусад орлогоо аваад ажиллаад өгөөч гэсэн санал тавьсан юм. М 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хариуцан ажиллахаар болоод ирсэн. Тэгээд цагаан сар болтол надаас цалинжиж ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өдрийн 50.000 төгрөгөө надад өгөөд ажиллаж эхэлсэн юм. Намайг орой тооцоо хийх гээд ирэхэд тэр машин ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй байсан. Уг угаалгын газрын эзэн нь Ш.Нгэж хүн байдаг юм. Тусгай зөвшөөрөл нь Ш.Нд байгаа байх. Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд түрээсийн гэрээ байгуулаад ажиллуулж байгаа юм. Надад түрээсийн гэрээ байна. Дотоод журам байхгүй. Анх угаалгын газарт ажиллахаар ирэхэд нь угаалгын газрын техникийг ажиллуулах зааварчилгааг амаар өгчихдөг юм. Би Мтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоод ажиллуулсан юм. Угаалгын газрын эд анги, үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн заавар байгаа. Манай угаалгын газар угаалгаас гадна хоногийн 5000 төгрөгөөр хонуулдаг юм. Тэр машины жолооч машинаа орой угаалгасан учраас хөлдчихнө гээд машинаа хонуулсан гэсэн. Э.М нь олон найз нөхөдтэй, найзархаг зантай хүн байгаа юм. Би түр хугацаагаар авч ажиллуулж байсан. Улаанбаатар хотод 7 буудалд байдаг, ээж нь хороололд дэлгүүрт ажилладаг гэж ярьж байсан. Хэн, хэнтэйгээ амьдардаг гэдгийг нь тодорхой сайн мэдэхгүй байна. Аймагт найз нөхөд нь гээд залуучууд байдаг. Хамаатан садан байхгүй байх гэж бодож байна. Өнгөрсөн жил ажиллаж байхдаа Цогт-Уулд нэг найзындаа байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Би Ц.Б гэдэг ахыг мэднэ. Манай үеэл дүү угаалгын газарт нь ажиллаж байсан юм. Бусад 2 хүнийг нь танихгүй. 2022 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг болох гэж байхад гэрээс гараад явж байсан чинь манай үеэл Дын утас руу байн, байн залгаад байсан юм. Тэгсэн чинь Д угаалгын газар руу очоод ирье, хүн дуудаад байна гэсэн. Тэгээд хамт угаалгын газарт очиход залуухан эрэгтэй хүн ганцаараа том савтай пиво уугаад дунд нь оруулчихсан сууж байсан. Манай дүү Д тэр залууг М гээд дуудаад байсан бөгөөд нэрийг нь М гэдэг юм билээ. Тэр залуу бид хоёрт пиво аягалж өгөөд уу гээд шахаад байхаар нь бид 2 уудаггүй гээд амсчихаад өгсөн. Тэр залуу би маргааш өглөө автобусаар Улаанбаатар хот руу явна, унтахгүй байж байгаад явчихъя, та 2 түр хань болж байж байгаад явчихаач гээд байсан. Тэгээд бид 3 хөзөр тоглож нилээн байж байгаад харих уу гэсэн чинь тэр залуу утсаа өгч байгаач, утсаар чинь фейсбүүк рүүгээ ороодохъё гээд нилээн удаан фейс орж суусан. Тэр хооронд нь манай дүү Д унтаад өгсөн юм. Би нилээн сууж байгаад явъя гээд дүүгээ сэрээсэн. Бид хоёрыг явахад тэр залуу угаалгын газраас гаргаж өгсөн. Тэгээд бид 2 хариад унтсан. Бид хоёрыг орой ирэхэд хонуулж байгаа гээд ганцхан цагаан өнгийн машин байсан. Тэр машин эвдэрсэн, гэмтсэн зүйл харагдаагүй. Д бид 2 тэр машин руу ерөөсөө ойртоогүй. Бид хоёрыг ирэхэд талд нь хүртэл уучихсан байсан пивоо ганцаараа уусан. Дахиад нэг том пиво гаргаж ирээд уугаад байсан. Гэхдээ нэг их согтоогүй, гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч Ц.Бын мэдүүлсэн: ...Манайд яг тогтсон ажилтан байхгүй. Цагийн ажилтнууд авч ажиллуулдаг. Би мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй. Би ямар стандарт мөрдөгдөж байгаа талаар сайн ойлголтгүй байна. Би энэ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Ш.Нгэх хүнтэй 2 жилийн гэрээ байгуулаад ажиллуулж эхэлсэн. Би Э.Мийг түр хугацаагаар авч ажиллуулсан болохоор гэрээ байгуулаагүй. Манайд харуул хамгаалалт байхгүй. Угаалгын газарт машин байгаа тохиолдолд би өөрөө хонодог. Машин байхгүй үед нь цоожилж явчихаад шөнө нь ирж галладаг юм. 2022 оны 02 дугаар сарын 06-ны шөнө Э.М хариуцан хонож байсан. Өмнөх өдөр нь надад Б.М явна гэдгээ хэлж байсан. Би мэдэж байсан. Б.Мийг угаалгын газрын хажууд байдаг Ш.Нгийн гэрт үлдээгээрэй гэж хэлсэн боловч хүний машин эвдчихээд онгорхой орхиод явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Нгийн мэдүүлсэн: ...Миний эзэмшилд “Лаяк” авто угаалгын газар байдаг. 2018 онд анх ашиглалтад оруулаад эхний нэг жил өөрөө ажиллуулж байгаад түүнээс хойш түрээсэлж эхэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд гэрээ байгуулж түрээслүүлсэн. Ц.Б хариуцан ажиллуулж байгаа юм. Манай гэр угаалгын газрынхаа хажууд байдаг. Би угаалгын газар руугаа орж тэр хүний машиныг харсан. Ц.Б надад угаалгын газарт ажиллаж байсан хүүхэд авч гараад эвдсэн гэж байсан. Тэр хүүхэд нь ч байсан. “Лаяк” угаалгын газар нь авто угаалгын газраар үйлчилгээ эрхлэх эрхтэй юм. Манайх авто тээврийн газарт материалаа 2022 оны 02 дугаар сарын эхээр өгсөн. Авто тээврийн үндэсний төв рүү материал нь явж хурал хийгээд сунгагдаг. Би сургалтад хамрагдсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Сургалтад хамрагдсан байхыг шаарддаг юм. Анх Мэргэжил сургалтын төвд 10 хоногийн сургалт явагддаг байсан юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд коронагоос шалтгаалаад тасарчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 79-81 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Мийн мэдүүлсэн: ...Би тогтоолыг уншиж олголоо. Санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09, 36-37 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 38-39 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн АА-22-07 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-60 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 110 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 109-110 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 108 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар “Лаяк” авто угаалгын газарт угаалгахаар өгсөн иргэн М.Эгийн эзэмшлийн 58-19 УНЗ улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, улмаар тухай автомашины эд ангийг гэмтээсний улмаас хохирогч М.Эгийн эд хөрөнгөнд 5.015.800 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч М.Эгийн мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орой 17 цагийн үед А аймгийн Э сумын .. дугаар багт байх “Лаяк” авто угаалгын газарт машинаа угаалгахаар ирсэн юм. Намайг ирэхэд 3 машин угаалганд орох гээд үүдэн дээр нь оочирлоод зогсчихсон байсан. Би хүлээж байгаад 18 цагийн үед машинаа угаалгасан. Би өөрөө харж зогсож байгаад машинаа угаалгачихаад дулаан газар машинаа хонуулахаар болоод угаалгын газарт байрлуулж тавьчихаад 20 цагийн үед машин угаасан залууд түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед машинаа авах гээд иртэл миний машиныг эвдчихсэн байсан. Намайг ирэхэд угаалгын газарт ямар ч хүн байхгүй, хүн орж гардаг жижиг хаалга нь онгорхой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07, 148/,
насанд хүрээгүй гэрч Г.Дын мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өглөө хөдөө явчихаад орой 20 цагийн үед аймагт ирээд Угаалгын газар дээрээ ирсэн. Намайг ирэхэд угаалгын газарт цагаан өнгийн “Форестор” маркийн автомашин орчихсон М угааж байсан. Би угаалгын газраар дөнгөж орчихоод буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад манайд байдаг хамаатны охин Бтэй хамт угаалгын газар дээр ирсэн. Бид хоёрыг ирэхэд М ах ганцаараа 2 литртэй том пиво уугаад сууж байсан. Орой угаалгаж байсан цагаан өнгийн “Форестор” маркийн автомашин угаалгын газарт байж байсан. Бид хоёрыг угаалгын газраас гарахад цагаан өнгийн “Форестор” маркийн машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан газартаа байж байсан. Бид хоёрыг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Бид 2 шууд гэр рүүгээ хариад унтаж байтал 2022 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад угаалгын газар түрээсэлдэг Б ахын эхнэр Б эгч залгаад “хувцсаа өмсөөд байж бай, би чамайг очиж авлаа” гэсэн. Тэгээд угаалгын газарт ирсэн чинь цагаан өнгийн “Форестор” маркийн машины урд гупер хагарсан, урд элгэвч нь хугараад доош унжсан, баруун хойд талын дугуй хагарсан, зүүн хойд хаалга зурагдсан, багажны цонхны шил хагарсан, арын багажны хойд хаалганы бариул хоногноосоо мултарч гарсан байдалтай байсан. М ах Б ахын утас руу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 13 минутад “ха ха төлчөөрэй ха ха” гэсэн мессеж явуулчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,
гэрч Ц.Бын мэдүүлсэн “2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орой 21 цагийн үед угаалгын газар дээрээ ирж Мтэй тооцоо хийсэн. Тэгсэн чинь угаалгын газарт цагаан өнгийн “Форестор” маркийн автомашин тавьсан байсан ба уг машиныг хонох гэж байгаа гэж байсан. М маргааш Улаанбаатар хот руу буцах гэж байгаа гээд байхаар нь 2 литртэй пиво аваад би тэр пивоноос нь ёс болгож амсаад өгсөн. Тэгсэн чинь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 08 цаг 13 минутад миний 95823898 дугаарын утас руу Мийн 99402261 дугаараас “ха ха төлчөөрэй ха ха” гэсэн мессеж ирсэн байсан. Тэгээд би ажил дээрээ 08 цаг 50 минутын үед ирэхэд “Форестер”-ын жолооч угаалгын газар дээр ирчихсэн байсан. Угаалгын газарт байсан “Форестер” маркийн автомашины баруун хойд дугуй хагарсан, зүүн хойд талын жижиг шил хагарсан, зүүн хойд талын хаалга хонхойж гэмтсэн, зүүн урд талын дугуй далийсан, урд гупер нь хагарсан байдалтай байсан. Би тэгээд Мийн утас руу залгасан боловч холбогдохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
гэрч Б.Бийн мэдүүлсэн “Хамт угаалгын газарт очиход залуухан эрэгтэй хүн ганцаараа том савтай пиво уугаад дунд нь оруулчихсан сууж байсан. Манай дүү Д тэр залууг М гээд дуудаад байсан бөгөөд нэрийг нь М гэдэг юм билээ. Тэр залуу бид хоёрт пиво аягалж өгөөд, уу гээд шахаад байхаар нь бид 2 уудаггүй гээд амсчихаад өгсөн. Тэр залуу би маргааш өглөө автобусаар Улаанбаатар хот руу явна, унтахгүй байж байгаад явчихъя, та 2 түр хань болж байж байгаад явчихаач гээд байсан. Тэгээд бид 3 хөзөр тоглож нилээн байж байгаад харих уу гэсэн чинь тэр залуу утсаа өгч байгаач утсаар чинь фейсбүүк рүүгээ ороодохъё гээд нилээн удаан фейс орж суусан. Тэр хооронд нь манай дүү Д унтаад өгсөн юм. Би нилээн сууж байгаад явъя гээд дүүгээ сэрээсэн. Бид хоёрыг явахад тэр залуу угаалгын газраас гаргаж өгсөн. Тэгээд бид 2 хариад унтсан. Бид хоёрыг орой ирэхэд хонуулж байгаа гээд ганцхан цагаан өнгийн машин байсан. Тэр машин эвдэрсэн, гэмтсэн зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
гэрч Ш.Нгийн мэдүүлсэн “Би угаалгын газар руугаа орж тэр хүний машиныг харсан. Ц.Б надад угаалгын газарт ажиллаж байсан хүүхэд авч гараад эвдсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Э.Мийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 104-105/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09, 36-37/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 38-39/,
“Дамно” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн АА-22-07 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-60/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М нь “Лаяк” авто угаалгын газарт угаалгахаар өгсөн иргэн М.Эгийн эзэмшлийн 58-19 УНЗ улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, улмаар тухайн автомашины эд ангийг гэмтээсний улмаас хохирогч М.Эгийн эд хөрөнгөнд 5.015.800 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.М нь гэм буруутай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.М нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан болон бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Э.М нь “Лаяк” авто угаалгын газарт угаалгахаар өгсөн иргэн М.Эгийн эзэмшлийн 58-19 УНЗ улсын дугаартай “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, эд ангийг нь устгаж, гэмтээсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг тус тус бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Мэд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Мэд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 51 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Э.М нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Эы Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь 7 /долоо/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 7 /долоо/ сарын хугацаагаар хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ