Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

   2022       02           21                                  2022/ШЦТ/175

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

Улсын яллагч Г.Түвшинбаяр;

Шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109000001593 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй, “...” ХХК-д агрономич ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Э.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хутгаар түүний зүүн мөрөнд 2 см, толгойн дух хэсэгт 2.7 см шарх, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б- мэдүүлэхдээ: ... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.М- хүүхдүүдээ авна гэсэн боловч “7 цагт ирж чадахаа болилоо. 9 гээд очино” гэж хэлсэн. Тэгээд би гал тогоонд юм угааж байтал гэнэт хүүхдүүд уйлалдаад хамтран амьдрагч Ю.М-гийн ээж нь орж ирээд хамаг юм хагалаад манай эхнэрийг зодсон. Гэтэл удалгүй Г.М- хаалга нүдээд гаднаас орж ирэх гэтэл Ю.М- оруулаагүй. Би төмс арилгаж байсан хутгаа аваад Г.М-ыг хатгасан. Тухайн үед хүүхдүүд уйлаад бөөн маргаан болсон учир болсон асуудлыг сайн санахгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.М- мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүүхдүүдээ авахаар очсон. Хуучин эхнэр Ю.М-гийн ээжид гэрийг зааж өгөөд хамт очсон. Гэтэл хүүхэд над руу утсаар  яриад “ Эмээ ээжийг зодоод байна “ гэсэн. Би хаалгыг тогштол эхнэр оруулахгүй байсан. Гэтэл араас нь Э.Б- хутгатай ирэхээр нь би зугтаасан. Миний араас хөөж мөр рүү хутгалаад эргээд хартал дух руу хутгалаад “Чи цагдаа руугаа яв “ гэж хэлсэн. Би эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг авсан. Тухайн үед би гэрээтэй ажил хийж байсан боловч гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт өгсөн. Иймд надад 52.500.000 төгрөгийн хохирол учирсан тул Э.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 5-6 /, хохирогч Г.М-ын мэдүүлэг / хх 11 /, гэрч Ю.М-гийн мэдүүлэг / хх 43-44 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 47-48 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 867 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.Б-ын мэдүүлэг / хх 55-56 /, хохирогч Г.М-аас гаргаж өгсөн хохирлын баримтууд / хх 80-85 /, хохирол төлсөн баримт / хх 87 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 66 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх 71 /, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хх 72 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 73 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Зөгийн үүр 47 дугаар байранд Г.М-ыг гэр зааж өгч, хэрүүл маргаан үүсгүүллээ гэсэн шалтгаанаар түүнийг хутгалж, мөр өргөгч шөрмөс атгаал ясны толгойд бэхлэгдэх түвшинд хэсэгчилсэн урагдал, мөрний урд хэсгийн булчин, 2 толгойт булчингийн урагдал, булчингийн шөрмөсний хүүдий болон мөрний үенд шингэн хуралт, хаван нэвчдэс бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 5-6 /

 

Хохирогч Г.М-ын / хх 11 / “...Би 2018 оны 01 дүгээр сард Солонгос улсын иргэн Ю.М-тай албан ёсоор гэр бүл болж 2020 оны 12 дугаар сараас түүнээс салж тусдаа амьдрах болсон. Гэхдээ шүүхээр гэр бүл цуцлалтын асуудлаа шийдвэрлүүлээгүй. Бид хоёр дундаасаа 6, 10 насны хоёр хүүхэдтэй бөгөөд ээж дээрээ байдаг. Тухайн өдөр Зөгийн үүр байрны гадна хоёр хүүхдээ амралтын өдөр тааруулж авахаар ирсэн. Тэгээд 21 цаг 10 минутын үед манай хүү Ирмүүн над руу өөрийнхөө утсаар залгаад “ Ааваа намайг орж ирж аваач “ гэж хэлэхээр нь би 8 давхарт гараад гэрийн хаалгыг тогшиход Ю.М- гарч ирээд “ Чамайг хүүхдүүдтэй уулзуулахгүй “ гээд уурласан. Цаанаас нь Э.Б- гээд залуу чамайг ална гээд ирснээ буцаад цаашаа гүйсэн. Тэгээд Э.Б- цагаан алаг иштэй хутга барьж авч гарч ирээд чамайг ална гээд намайг 8 давхарт хөөгөөд лифтний харалдаа ирээд миний зүүн мөрний дээд хэсэгт хатгасан. Дараа нь миний толгойны зүүн дээд хэсэгт хатгаад хутгаа халаасандаа хийсэн. ... Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Уул баян, Асгат сумдад шатахуун түгээх станц барих 210.000.000 төгрөгний төсөвт өртөгтэй 2 шатахуун  түгээх станцыг 2021 оны 08 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хийж гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэж өгөх байсан боловч Э.Б-д хутгалуулж гэмтэл авсны улмаас дээрх ажил зогссон тул гэрээний үлдэгдэл 52.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлгээр,

 

Гэрч Ю.М-гийн / хх 43-44 / “...Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын үед миний төрсөн эх Ким Сү Жин манай гэрт ирээд надтай хэрүүл маргаан хийж намайг зодож цохьсон. Тэр үеэр миний хуучин нөхөр Г.М- хаалга тогшихоор нь онгойлгоход Г.М- манай гэрт орж ирэх гэсэн. Би Г.М-ыг оруулахгүй гээд хаалганы дотор талаас түлхсэн. Тэр үед Э.Б- хаалга хаах гээд араас ирэхэд Г.М- Э.Б-ыг цохих гээд гараа явуулсан. Тэгээд тэр хоёр муудалцаад үүдэнд зодолдоод байх шиг байсан. Би яг хэнийгээ яаж цохиж зодсоныг мэдэхгүй. Нэг харахад Г.М-ын духнаас цус гарч байсан гэх мэдүүлгээр,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд / хх 47-48 / “...хохирогч Г.М лифтний зүүн талаас зугтаасан байдалтай гүйж бичлэгний баруун тал руу явах ба араас нь яллагдагч Э.Б баруун гартаа хутга барьсан байдалтай түүний араас хөөж ирэх ба Э.Б-ын гараа далайж байгаа нь харагдах боловч үйл явдал камерын гадна болсон тул харагдахгүй байна. Бичлэгний 21:04:52 цагт хохирогч Г.М- хяналтын камерт орж ирэхэд түүний духны баруун дээд хэсэг, хувцасны энгэр хэсэг цус болсон байдалтай маргалдаж байгаад лифтэнд суув гэжээ.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 867 дугаартай дүгнэлтэд:

1. Г.М-ын биед Мөнгөнгүүр эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зүүн мөрний үеийн CPT шинжилгээгээр мөр өргөгч шөрмөс атгаал ясны толгойд бэхлэгдэх түвшинд хэсэгчилсэн урагдал, мөрний урд хэсгийн булчин, 2 толгойт булчингийн урагдал, булчингийн шөрмөсний хүүдий болон мөрний үенд шингэн хуралт, хаван нэвчдэс бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл,т эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Г.М-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна гэжээ. / хх 25-26 /

 

Яллагдагч Э.Б-ын / хх 55-56 / “...2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын үед Ю.М-гийн өмнөх нөхөр Г.М-, Ю.М-гийн ээж хоёр дараалж манайд ирсэн. Г.М-ыг хаалга онгойлгож орж ирээд намайг цохих гэж оролдохоор нь би гал тогооны өрөөнд хэрэглэж байсан цагаан өнгийн иштэй хутга бариад Г.М-ын дух, мөр хэсэгт нь хатгасан. Би тухайн үед Г.М-ыг айлгая гэж бодож байсан боловч тэр үедээ уур хүрээд яг юу болсныг мэдээгүй гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Б-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Б- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг гарахад хамтран амьдрагч Ю.М-гийн ээжид Г.М гэрийг нь зааж өгснөөс ээж нь хэрүүл маргаан үүсгэж, хүүхдүүд нь айж цочирдсоны улмаас шүүгдэгчийг гэртээ оруулахгүй гэж хохирогч Г.М-ыг хутгалж гэмтээсэн, хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан, Э.Б-ын асрамжид бага насны хүүхэд байдаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Харин Э.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хохирогч Г.М нь эмчилгээний зардалд баримтаар 1.049.230 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч 1.100.000 төгрөг нөхөн төлсөн тул баримтаар нотлогдсон хохирлыг бүрэн төлсөн тул шүүгдэгч Э.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Г.М- нь гэмтсэнээс болоод гэрээт ажлаа 2022 оны 04 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан учир гэрээний алдагдал 52.500.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-аас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар  шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь Г.М- нь дээрх гэмтлийн улмаас хэдий хугацаанд эмнэлгийн акттай байсан, гэрээнд заасан ажлыг ямар шалтгаанаар хугацаанд нь хийгээгүй болох нь тодорхойгүй байх тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.М нь гэрээний улмаас хохирсон хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ