Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар  2022/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

  2022        02           21                                  2022/ШЦТ/177

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Я.Мөнхзаяа;

Шүүгдэгч Л.Д-;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2209000000251 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” ХХК”-д карказын мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Л.Д- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод байсан хохирогч О.М-ын монетон бугуйвч, бөгж, Айфоне 13 про макс загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.320.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Мөнхзулын мэдүүлэг / хх 13-14 /, гэрч Т.Г-ын мэдүүлэг / хх 24 /, “Дамно” ХХК-ний СБ2-22-129 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28 /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 47, 50 /, яллагдагч Л.Д-гийн мэдүүлэг / хх 5-6 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 35 /, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх 36 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 42 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Д- нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод байсан хохирогч О.М-ын монетон бугуйвч, бөгж, Айфоне 13 про макс загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 5.320.600 төгрөгний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогч О.М-ын / хх 13-14 / “...Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хангай хотхонд байдаг найз Г-ын гэрт найз Т-гийн хамт очоод Т- явсан. Тэгээд архи уугаад сууж байхад зүс таних Л.Д- ирээд бид 3 ууцгаасан. Өглөө сэрэхэд миний бугуйвч, бөгж, гар утас алга болсон байсан. Маргааш нь Л.Д-гийн гэрийг хайж олоод очиж уулзахад “ Бөгж, бугуйвч, гар утсыг чинь би аваад ломбарданд тавиад онлайн покер тоглоод үрчихсэн” гэж хэлэхээр нь 1 хоногийн дотор эргүүлж төлнө гэж амлалт өг гээд цаас дээр бичүүлсэн. Гэтэл үүнээс хойш утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Т.Г-ын / хх 24 / “...О.Мөнхзулын бөгж алга болсон гэхээр нь гэрт хайхад олдоогүй. О.М, Л.Д- рүү утсаар ярьсан юм уу мэдэхгүй Л.Д- хүрээд ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо ярилцаад Л.Д- бугуйвчийг нь авч өгнө гэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ний СБ2-22-129 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “...алдагдсан эд зүйлсийг 5.320.600 төгрөгөөр” үнэлжээ. / хх 28 /,

 

Хохирогч О.М-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 47, 50 /

 

Яллагдагч Л.Д-гийн / хх 5-6 / “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг нь ярьсан. Хохирогч М-д монетан бугуйвч, бөгжийг нь аваад өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Д-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Д-гийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Прокуророос шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Д- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Л.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 53 / гэсэн тул Л.Д- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Д-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Л.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Л.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Л.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Л.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Л.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ