Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/02256

 

 

     2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/02256

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, зүүн наран 12 дугаар гудамж, 48 тоотод оршин суух, Бэсүд ургийн овогтой Цэндтогоочийн Доржбат /РД:ЧО77073111/-ын нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Доржбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Доржбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1993 оноос Улсын Циркэд тэмээ маллагчаар ажилд орж, 1994 оноос зэрлэг, араатан, ан амьтан сургаж, тоглуулагчаар ажилласан. 1997 оноос агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэрийн жүжигчнээр өнөөг хүртэл 24 жил ажилласан. Гэтэл тухайн үед ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын дэвтэрт жүжигчнээр гэж товчлон бичсэн байна. Тухайн үеийн боловсон хүчний буруутай ажиллагаанаас болж хуульд заасан гимнастик, акробат, тэнцвэрийн жүжигчин гэх зэрэг тусгайлан заасан мэргэжлээр ажиллаж байсан гэдгээр тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Би 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл 1 жил 10 сар зэрлэг, араатан, ан амьтан буюу тэмээ, морь, баавгай сургаж, тоглуулагчаар ажилласан. Мөн 1993 оны 11 сарын 05-наас 1997 он хүртэл зэрлэг, араатан, ан амьтан сургаж, тоглуулагчаар ажилласан. 1997 оны 01 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэрийн жүжигчнээр ажиллаж байна. Гэтэл 1995 оны 11-12, 1996 оны 01-06, 10, 12, 2001 оны 09, 2007 оны 07, 2010 оны 03-05 сард ажилласан хугацаа нийгмийн даатгалын дэвтэрт бичигдээгүй, даатгалын байгууллагад бүртгэгдээгүй байна. Иймд намайг Улсын циркт 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зэрлэг араатан, амьтан сургагч, тоглуулагч жүжигчнээр ажиллаж байсныг, 1995 оны 11-12, 1996 оны 01-06, 10, 12, 2001 оны 09, 2007 оны 07, 2010 оны 03-05 сард агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэрийн жүжигчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Доржбат нь Улсын циркэд 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зэрлэг араатан, амьтан сургагч, тоглуулагч жүжигчнээр ажиллаж байсныг, 1995 оны 11-12, 1996 оны 01-06, 10, 12, 2001 оны 09, 2007 оны 07, 2010 оны 03-05 сард агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэрийн жүжигчнээр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Доржбат нь 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улсын циркэд циркийн зэрлэг араатан амьтан сургагч, тоглуулагч жүжигчнээр ажиллаж байсан болох нь түүнд 1993 оны 07 сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 029066 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилт,  Соёлын яамны харьяа Улсын циркийн даргын 1993 оны 11 сарын 05-ны өдрийн 147 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, фото зураг, шүүхэд гэрч Д.Цэрэндэжид /РД:ЧО56061806/, М.Мөнхтуул /РД:ХА80011061/ нарын өгсөн мэдүүлэг, тэдгээрийн Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн 1995 оны 11-12, 1996 оны 01-06, 10, 12, 2001 оны 09, 2007 оны 07, 2010 оны 03-05 сард циркийн агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэрийн жүжигчнээр ажиллаж байсан болох нь Улсын циркийн гүйцэтгэх захирлын 2005 оны 08 сарын 01-ний өдрийн 31 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 2008 оны 10 сарын 16-ны өдрийн 08/76 дугаартай Татан буулгах тухай, 2008 оны 11 сарын 11-ний өдрийн08/77 дугаартай Өөрчлөн зохион байгуулах тухай тушаал, Монгол АСА Циркийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 17/60 дугаар албан бичиг, фото зураг, шүүхэд гэрч Д.Цэрэндэжид /РД:ЧО56061806/, М.Мөнхтуул /РД:ХА80011061/ нарын өгсөн мэдүүлэг, тэдгээрийн Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүх ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.Доржбатын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Доржбат нь Улсын циркэд 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зэрлэг араатан, амьтан сургагч, тоглуулагч жүжигчнээр, 1995 оны 11-12, 1996 оны 01-06, 10, 12, 2001 оны 09, 2007 оны 07, 2010 оны 03-05 сард агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэрийн жүжигчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн     7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Доржбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР