Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/191

 

 

 

 

 

 

   2022       02          24                                      2022/ШЦТ/191

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

Улсын яллагч И.Мөнхцэцэг;

Шүүгдэгч Г.Я-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109009900142 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Г.Я- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар байрны гадна хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Я- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 7.685.000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А- мэдүүлэхдээ: ... Г.Я- нь манай дүүг цохьж байхаар нь болиултал намайг цохьсон. Намайг андуураад цохьсон тул одоо гомдол саналгүй. Эмчилгээний зардалд 7.685.000 төгрөг авсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.А-гийн мэдүүлэг / хх 44-45 /, гэрч Б.А-гийн мэдүүлэг / хх 58 /, гэрч О.Х-ийн мэдүүлэг / хх 60 /, гэрч Б.Ч-ийн мэдүүлэг / хх 97 /, гэрч Б.Н-ийн мэдүүлэг / хх 100 /, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7583 дугаартай дүгнэлт / хх 46-47 /, хохирлын баримтууд / хх 135-145 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 110 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 111 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Я нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 15 дугаар байрны гадна хохирогч Б.А-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Б.А-гийн / хх 44-45 / “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02 цагийн үед найз Ханбүргэдийн гэрт байж байхад Ханбүргэд тамхи татах гээд тагтан дээрээ гарахад тагтных нь дор манай найз охин Ариунзаяагийн дүү нь зосгож байна гэж хэлэхээр нь би тагт руу гарахад дүү Чинзориг ганцаараа зогсож байсан. Тэгэхээр нь би “Юу хийж байгаа юм. Би одоо орлоо. 30 минутын дараа Чинзориг над руу залгая” гэсэн. Тэгээд би тохиролцоод эргэж ороод Play station тоглоод байж байхад 15 минутын дараа гадаа хүмүүс шуугилдаж эхэлсэн. Тэгээд Ханбүргэд бид 2 тагтаараа харахад манай дээд ангийн Ядам байсан. Ядам Чинзориг дээр очоод цагдаад өгсөн өргөдлөө ав гээд далайгаад байж байсан.        

...Намайг эргээд харахад Ядам баруун гараараа миний зүүн нүд, хамар хэсэг цохьсон. Намайг нэгээс 2 удаагийн давтамжтай цохиулахад нүдэнд оч гялалзаад юм харахаа болиход дахиад намайг цохьсон. Тэгээд би нүүрээ бариад хойшоо унахад Ханбүргэд намайг тэвэрч аваад миний цусыг тогтоосон. ... Ядам намайг цохисноос болж 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр томографын зураг авахуулахад яаралтай нүд хамарны хагалгаанд орохгүй бол болохгүй гээд 08 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд орсон. Сахиур шаардлагатай гээд миний ээж Чех улсаас ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.А-ийн / хх 58 / “...Намсрай Г.Я-2 муудалцаад байсан бөгөөд дундуур нь Б.А- ороод Намсрайтай юм яриад зогсож байгаад эргэж харахад нь Г.Я- Б.А-гийн нүүр рүү цохиход Б.А- доошоо суусан. Тэгээд Ханбүргэд Б.А-г босгосон тэр үед нь би наанаас нь яваад очиход Б.А- чи маныгаа цохичихлоо гэж Г.Я- руу орилсон. Тэгээд намайг очиход Б.А-гийн хамарнаас цус гарсан. Нүд нь домбойгоод хавдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.Х-ийн / хх 60 / “...Г.Я- Амараагийн нүүр рүү нь баруун гараараа цохьсон. Тэгээд Амараагийн хамарнаас цус гараад машин мөргөөд саваад унасан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Ч-ийн / хх 97 / “...Г.Я- Намсрайгийн гарыг түлхээд цохьсон. Тэгэхэд Намсрай машин налаад унахад Г.Я-г салгах гэж тэнд байсан хүмүүс бужигнасан. Тэгэхэд Б.А- ах Г.Я- чи маныгаа яаж байгаа юм бэ гэж орилж байсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд Г.Я- ахыг аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

            Гэрч Б.Н-ийн / хх 100 / “...Г.Я-г цохих гэж байгаад Б.А-гийн баруун гар руу араас нь цохьчихсон. Тэгтэл Б.А- “ Чи намайг цохиод байна” гэж хэлээд эргээд харахад нь Г.Я- Б.А-гийн нүүр рүү 1-2 удаа хурдан давтамжтай цохьсон. Тэгээд дүү нар том болох болоогүй шүү гэсэн. Тэгэхэд Б.А- доошоо суух гээд Ханбүргэд ирээд Б.А-г түшээд авсан. Тэгээд Ариунзаяа Г.Я-г очоод үсдээд чи яахаараа манай найз залууг цохьдог юм гээд зууралдаад байж байхад цагдаагийн эргүүллийн алаг машин орж ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7583 дугаартай дүгнэлтэд:

            1. Б.А-гийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх / хх 46-47 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Я-д холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Я-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Шүүгдэгч Г.Я- нь шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар шийдвэрэлэхэд прокуророос шүүгдэгч Г.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Я-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Я- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээний зардал 7.685.000 төгрөгийг төлсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Харин Г.Я- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Хохирогч Б.А нь эмчилгээний зардалд баримтаар 7.685.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч  нөхөн төлсөн тул шүүгдэгч Г.Я-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Г.Я- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Я-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Г.Я-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Я нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Я- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Я-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ