Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0122

 

"М-Ө" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор "М-Ө" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 263720 дугаар актын "З" ХХК, "К к" ХХК, "Б" ХХК, "А р" ХХК-уудын 362.109.7 мянган төгрөгийн зөрчилд 36.210.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 10.863.2 мянган төгрөгийн торгууль, 8.254.3 мянган төгрөгийн алданги нийт 55.328.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааХяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, З.Ц нар нь "М-Ө" ХХК-ийн 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хууль, журмын дагуу шалгалт хийн, шалгалтаар, хөндлөнгийн мэдээллийн хуудас болон нэмэгдсэн өртгийн албан татварын падааны судалгаагаар "М-Ө" ХХК-ийн борлуулалтын орлогоор тайлагнах 25 аж ахуй нэгжид холбогдох 36 нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 2319513200 төгрөгийн орлогыг санхүүгийн тайлан тэнцэл болон, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3 дахь заалтууд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтуудыг зөрчсөн зөрчил илэрсэн тул Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.10, 74.3 дахь заалтуудыг баримтлан 231951300 төгрөгийн нөхөн татвар, 69585300 төгрөгийн торгууль, 52873300 төгрөгийн алданги нийт 554409900 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаар тогтоолоор нэр бүхий 22 аж ахуй нэгжид татварын албанаас шалгалт хийн хариуцлага тооцуулж акт, дүгнэлт үйлдсэн байх тул нэг зөрчилд арга хэмжээг давхардуулахгүй хэмээн үзэж дээрх 54409900 төгрөгийн төлбөрөөс 1957403500 төгрөгийн зөрчилд холбогдох 185740400 төгрөгийн нөхөн татвар, 58722100 төгрөгийн торгууль, 4461900 төгрөгийн алданги нийт 299081500 төгрөгийн төлбөрийг хасч 362109700 төгрөгийн зөрчилд, хууль хяналтын байгууллага "М-Ө" ХХК-ийн баримт бичгийг хуурамчаар үйлдэх, баримт бичгийг бусдад ашиглуулах, бусдыг татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэснийг үндэслэн татварын улсын байцаагч хуулиар олгосон эрхийнхээ дагуу 36210000 төгрөгийн нөхөн татвар, 10863200 төгрөгийн торгууль, 8254300 төгрөгийн алданги нийт 55328400 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй юм. Иймд, "М-Ө" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.10, 34 дүгээр зүйлд зааснаар "З" ХХК, "К к" ХХК, "Б" ХХК, "А р" ХХК-уудын 362.109.7 мянган төгрөгийн зөрчилд 36.210.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 10.863.2 мянган төгрөгийн торгууль, 8.254.3 мянган төгрөгийн алданги нийт 55.328.4 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Ц.А, З.Ц нарын 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 263720 дугаар акт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-72.5 дахь хэсгүүдэд шүүхийн шийдвэрийн үндэслэхтогтоох хэсгүүдийг зааж өгсөн бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хэргийг хянаад шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "М-Ө" ХХК нь өөрийн тамга, тэмдгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийсэн боломж олгосон боловч өөрөө ямар нэгэн орлого олоогүй, татвар төлөх үүрэг үүсээгүй тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж маргаагүй бөгөөд харин бусдад тамга, тэмдгээ ашиглуулж боломж олгосон хариуцлагаа хүлээж татварын улсын байцаагчийн актаар тавигдсан төлбөрийг төлөх үүрэгтэй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

Шүүх, татвараас зайлсхийх хийх боломж олгосон боловч ... гэж нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч байгаа мөртөө ..."М-Ө" компанийг өөрийн тамга, тэмдгээ бусдад ашиглуулж, татвар ногдох орлогоо нуух, татвараас зайлсхийх боломж олгосон хэдий ч ямар нэгэн орлого олоогүй бөгөөд нэгэнт орлого олоогүй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх үүрэг үүсээгүй гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна, мөн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид ... торгууль ногдуулна гэсэн боловч тогтоох хэсэгт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.10, 34 дүгээр зүйлд зааснаар ... төлбөр ногдуулсан 263720 дугаар акт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай гэж нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д Тогтоох хэсэгт захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, ... заана гэсэн бөгөөд шүүх тогтоох хэсэгт баримтлах заалтаараа татварын улсын байцаагчийн актын үндэслэл болсон заалтуудыг дурдсанаараа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.10 дахь заалтыг 74.1-д дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид ... ногдуулна гэснийг, орлого олоогүй учир татвар төлөхгүй гэдгээр тайлбарлан үгүйсгэсэн нь үндэслэлгүй. Учир нь орлогоос бусад зүйлийг нуух гэдэгт тамга, тэмдгээ бусдад ашиглуулснаа нуусан эс үйлдэхүйг хамааруулж ойлгоно.

Энэ эс үйлдэхүйг гаргаснаараа бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгож, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д Нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, ... бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх гэж заасныг зөрчсөн бөгөөд "М-Ө" ХХК нь өөрсдийн буруутай, хайхрамжгүй, хяналтгүй байдлаас болон тамга, тэмдгээ бусдад ашиглуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд заасан захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн хэргийн материалд цугласан эрх бүхий хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн баримтуудаас харахад "М-Ө" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан тамга, тэмдгийг хадгалж байх хугацаанд дээрх падаануудыг татварын албанаас авсан, өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон буруутай үйлдлүүд баримтад хангалттай тусгагдсан байгаа. Мөн тамга, тэмдгээ бусдад ашиглуулсан гэдгээ татвар төлөгч өөрөө хүлээн зөвшөөрсөн, нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзсэн бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, 74.1.10-д заасан зөрчлийг гаргасан гэдгийг нотолж байгаа хэрэг юм.

Татварын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болох, тогтоох, ... татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино хэмээн хуулийн зорилт, үзэл баримтлалыг тодорхойлсон.

Иймд, өнөөдөр татвар төлөгч нь татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлээгүйн улмаас үүссэн үр дагаврыг арилгах, хариуцлага хүлээх хууль эрх зүйн үндэслэл байна. Гэтэл зөвхөн орлого олоогүй, олоогүй учраас тайлагнаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч маргаж, шүүх Татварын ерөнхий хуулийн үзэл санаа, зорилтыг анхаарч тусгалгүйгээр шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасан бөгөөд дээрх магадлалын тогтоох хэсэгт баримталсан заалтуудыг үндэслэвэл нэхэмжлэгчийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байхад хангаж шийдвэрлэсэн нь хуульд үндэслэгдээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хуулийн агуулгыг зөв үнэлж дүгнээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн прокурорын газраас "М-Ө" ХХК-ийн захирал Ш.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар "М-Ө" ХХК-ийн 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 263720 дугаар актаар 25 аж ахуйн нэгжид бичиж өгсөн 36 нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх 2319513,2 мянган төгрөгийн орлогыг санхүүгийн тайлан тэнцэл болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчилд Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 74 дүгээр зүйлийн 74.1.10, 74.3-д зааснаар 231951,3 мянган төгрөгийн нөхөн татвар, 69585,3 мянган төгрөгийн торгууль, 52873,3 мянган төгрөгийн алданги ногдуулж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаар тогтоолоор "М-Ө" ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн падааныг ашиглаж албан татвараа бууруулсан 22 аж ахуйн нэгжийг татварын албад тодорхой хэмжээнд шалгаж ногдох татварыг хариуцлагын хамт төлүүлэхээр акт, дүгнэлт үйлдэж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байхад татварын улсын байцаагч нар актаар нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон нь нэг зөрчилд авах арга хэмжээг давхардуулсан гэж үзэж актаар ногдуулсан төлбөрөөс тухайн 22 аж ахуйн нэгжид холбогдох хэсгийг хасч, 362.109.7 мянган төгрөгийн зөрчилд 36.210.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 10.863.2 мянган төгрөгийн торгууль, 8.254.3 мянган төгрөгийн алданги, нийт 55.328.4 мянган төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын мөрдөн байцаах газраас "М-Ө" ХХК-ийн захирал Ш.Эрдэнэбилэгийн 2011 оны борлуулалтын орлого 2.319.513.000 төгрөгийн санхүү татварын тайланд тусгалгүй нууж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх үйлдэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч татвар ногдох их хэмжээний орлого нуусан, албан татвар санаатайгаар төлөхөөс зайлсхийсэн гэх үйлдэл тогтоогдоогүй тул холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын явцад "М-Ө" ХХК-ийн 36 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нэр бүхий компаниуд ашиглаж татвар ногдох орлогоо бууруулснаас бус тухайн аж ахуйн нэгжүүдэд "М-Ө" ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ямар нэг бараа борлуулж, ажил, үйлчилгээг үзүүлж орлого олоогүй нь тогтоогдсон байна.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид хариуцлага хүлээлгэхээр зааснаас үзэхэд тухайн заалтаар хариуцлага хүлээх этгээд нь юуны түрүүнд үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлогыг олсон байх, үүний дараа түүнийгээ нуусан байх ёстой байна.

Мөн зүйлийн 74.1.10 дахь заалтын хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлэх, ашиглуулах нь мөн зүйлийн 74.1-д заасан үйлдлийн нэг тул тухайн үйлдлээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан тохиолдолд хэрэглэгдэнэ. Тиймээс татвар ногдох орлого олоогүй "М-Ө" ХХК-д уг заалтаар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй.

Мөн Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 22 дугаар тогтоолоор "М-Ө" ХХК-д бус тухайн компанийн падааныг ашиглаж татвараас зайлсхийсэн компаниудад хариуцлага хүлээлгэснийг үндэслэн "М-Ө" ХХК-д ногдуулсан төлбөрийг хассан байгаа нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээх этгээд нь "М-Ө" ХХК бус орлого олсон этгээдүүд буюу нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан компаниуд болохыг харуулж байна.

Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нар бодитоор орлого олсон гэдгийг тогтоогоогүй атлаа, шууд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээрх бичиглэлийг үндэслэн орлого олсон гэж үзэн нөхөн татвар, торгууль, алдангийг маргаан бүхий актаар ногдуулсан нь буруу бөгөөд татвар төлөх үүрэг нэхэмжлэгч "М-Ө" ХХК-д үүсээгүй байгааг анхаараагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ. Иймд Татварын ерөнхий хуулийн үзэл санаа, зорилтыг анхаарч тусгалгүйгээр шийдвэрийг гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Энэ нь гэхдээ "М-Ө" ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж татвараас зайлсхийх боломж олгосон гэм буруутай этгээдэд Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээлгэхийг үгүйсгэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР