| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0172/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/203 |
| Огноо | 2022-02-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/203
2022 02 28 2022/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр;
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
Улсын яллагч Д.Мөнхтогоо;
Шүүгдэгч Г.Н-;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109016370271 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Г.Н- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод Н.Д-тай маргалдан, Г.Н-гийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон өөрийн бага насны хүүхэд Б.Ш-ийн гаран тус газар алхаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Ш-ийн мэдүүлэг / хх 41-42 /, гэрч Ч.Б-ийн мэдүүлэг / хх 53-54 /, гэрч Н.Д-ын мэдүүлэг / хх 59-60 /, нас тоолсон тэмдэглэл / хх 36 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр 11-ний өдрийн 11033 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.Н-ын мэдүүлэг / хх 5-6 /, оршин суугаа газрын тодорхойлолт / хх 76 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 71 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод Н.Д-тай маргалдан улмаар түүний нуруу хэсэгт алхаар цохиж, Г.Н-гийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор дундуур нь орсон өөрийн бага насны хүүхэд Б.Ш-ийн гаран тус газар алхаар цохиж, зүүн гарын сарвууны алганы 4-р шивнүүр ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Ш-ийн / хх 41-42 / “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө эрт Даавка эгч манай гэрт орж ирээд эгчийн нөхөр Тэлмэнг архинд явуулсан. Түүний авчирсан архинаас аав, ээж, Даавка эгч нар уусан. Тэгээд ээжийг унтсан хойгуур Даавка эгч, аавтай маргалдаад аав хараалын үг хэлээд Даавка эгчийг алчихья гээд алх бариад эгчийн нурууг цохьсон болохоор нь би Даавка эгчийг тэвэрсэн. Тэгэхэд аав миний гар руу шар өнгийн алхаар цохьсон...” гэх мэдүүлгээр,
Гэрч Ч.Б-ийн / хх 53-54 / “...Ш орилохоор нь босоод очиход нөхөр Г.Н- Даавкаг алхаар ар нуруу руу нь 3-4 удаа цохьсон. Намайг салгах гээд очиход пийшин рүү Г.Н- түлхээд дахиад Даавкаг цохих гээд байхаар нь миний охин Ш- тэр хоёрыг болиулах гэж дундуур нь ороод гэмтсэн. Охин аавынхаа утсыг булааж аваад 108-т дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлгээр,
Гэрч Н.Д-ын / хх 59-60 / “...Тухайн өдөр би Б-гийнд очиж Г.Н- нарын хамт архи уусан. Г.Н-, Б- нар маргалдаад байхаар нь би болиулах гээд Г.Н-ыг татахад над руу дайраад надтай маргалдсан. Тэгээд нэг юм аваад намайг цохих шиг болсон. Намайг эргээд хартал Ш- намайг тэвэрч аваад орилсон. Тэгэхэд гар руу нь цохьсон байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад учирсан гэмтэл байхгүй гэх мэдүүлгээр,
Нас тоолсон тэмдэглэл / хх 36 /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр 11-ний өдрийн 11033 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Ш-ийн биед зүүн гарын сарвууны алганы 4-р шивнүүр ясны далд хугарсан гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 64-65 /
Яллагдагч Г.Н-ын / хх 5-6 / “... Даавка над руу дайрахаар нь би газраас юм аваад цохих гэсэн чинь Ш-ийн гар руу цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Н-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Прокуророос шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Г.Н-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Н- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон эцэг, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Г.Н- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Г.Н-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Г.Н-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Н- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ