Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 2022        02           28                                   2022/ШЦТ/204

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Б.Амармөрөн;

Шүүгдэгч Б.Г-;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109012580172 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймгийн Зуун мод сум, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Б.Г- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” ХХК-ний гүйцэтгэх захирал Э.Э-ны Хас банкны ... дугаартай данснаас андуурч хийгдсэн алдаатай гүйлгээ болох 1.654.625 төгрөгийг өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н-ийн мэдүүлэг / хх 14 /, гэрч О.Т-ийн мэдүүлэг / хх 18 /, гэрч С.О-ын мэдүүлэг / хх 22 /, Э.Э-ны эзэмшлийн Хас банкны дансны хуулга / хх 47 /, С.О-ын эзэмшлийн Хаан банкны данс хуулга / хх 59 /, Х.Н гомдол саналгүй, хохирлоо төлж барагдуулсныг илэрхийлсэн хүсэлт / хх 92 /, яллагдагч Б.Г-ы мэдүүлэг / хх 66 /, оршин суугаа газрын тодорхойлолт / хх 87 /, шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 86 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г- нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” ХХК-ний гүйцэтгэх захирал Э.Э-ны Хас банкны ... дугаартай данснаас андуурч хийгдсэн алдаатай гүйлгээ болох 1.654.625 төгрөгийг өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н-ийн / хх 14 / “...2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Элстийн уурхайгаас Ханги боомт руу Д.Ганхуяг гэх ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч төмрийн хүдрийг тээвэрлэж, тээвэрлэлтийн хөлсний 1 тонн тутмыг 60 юанаар бодож, нийт 1.654.625 төгрөгийг түүнд шилжүүлэх ёстой байсан. Манай байгууллагын нягтлан тухайн гүйлгээг зөв шилжүүлсэн гэж бодоод явж байтал 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ... улсын дугаартай машинаар тээвэрлэлтэд явж ирсэн Б.Г-ы тээвэрлэлтийн хөлсөө авдаг эхнэр Отгонжаргалын Хаан банкны ... дугаарын данс руу “М” ХХК тээврийн тооцоо ... Ганхуяг” гэх утгатайгаар 1.654.625 төгрөгийг андуурч шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч О.Т-ийн / хх 18 / “...Миний бие М- ХХК-д нягтлан бодогч ажилтай бөгөөд тухайн үед ... Ганхуяг гэх хүний тээврийн хөлс болох 1.654.625 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад Б.Г-ы цалингаа авдаг гэрээн дээр заасан данс руу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр захирал Э.Э-ны Хас банкны данснаас шилжүүлсэн. Тэгээд алдаатай гүйлгээ байсан талаар Б.Г-д вичатаар, эхнэр Отгонжаргалын гар утас руу залгаж хэлэхэд мөнгийг нь үрчихсан. Тээвэрт явахаараа өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч С.О-ын / хх 22 / “...Миний хаан банкны дансанд тухайн “М- ХХК 84” -иас гэсэн гүйлгээ бүхий орлого болох 1.654.625 төгрөг орж ирэхээр нь манай машины мөнгө гэж бодсон. Мөнгийг нь манай нөхөр захиран зарцуулсан...” гэх мэдүүлгээр,

 

Э.Э-ны эзэмшлийн Хас банкны дансны хуулга / хх 47 /

С.О-ын эзэмшлийн Хаан банкны данс хуулга / хх 59 /

 

Х.Н гомдол саналгүй, хохирлоо төлж барагдуулсныг илэрхийлсэн хүсэлт / хх 92 /

 

Яллагдагч Б.Г-ы / хх 66 / “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөнгийг би захиран зарцуулсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ы үйлдэл нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Прокуророос шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн хуулийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Г- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж, буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу Төв аймгаас гарахыг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Б.Г- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Харин шүүгдэгч Б.Г нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Г-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Төв аймгаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Төв аймгаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2.2, 2.5-д зааснаар дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.Г- нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг дурьдсугай. 

 

7. Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ