| | 2017 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2017/02201 | Улаанбаатар хот | Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел Плаза 3 дугаар давхар “Скаймедиа Корпораци” ХХК /РД:2619032/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч:Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 46 дугаар байр, 66 тоот оршин суух, Ёндонгийн Батцэнгэл /РД:ЧП81122915/-т холбогдох 116,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч “Скаймедиа Корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ёндон овогтой Батцэнгэл нь 2013 оны 06 сарын 28-ны өдөр 11288 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг “Скаймедиа Корпораци” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Батцэнгэл нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3.1, 6.3.2-д заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдөр тасалбар болгон “Скаймедиа Корпораци” ХХК-аас зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 112,776 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч болох Ёндон овогтой Батцэнгэлээс үйлчилгээний төлбөр 112,776 төгрөг төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг, нотариатын зардалд 3500 төгрөг, нийт 116,276 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэгч “Скаймедиа Корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ё.Батцэнгэл нь төхөөрөмжийн үнэ 116,276 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “Скаймедиа Корпораци” ХХК нь Ё.Батцэнгэлд холбогдуулан 116,276 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ё.Батцэнгэл нь нэхэмжлэлийн шаардлага 116,276 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч “Скаймедиа Корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалазах хүсэлтээ ирүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нэхэмжлэгч “Скаймедиа Корпораци” ХХК нь Ё.Батцэнгэлээс 116,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,275 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Скаймедиа Корпораци” ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдв эрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. ШҮҮГЧ Б.АЗБАЯР |