| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02630/И |
| Дугаар | 102/ШШ2017/02189 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/02189
| 2017 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/02189 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 78 дугаар байр, 58 тоотод оршин суух, Урианхан овогтой Лхаанямын Сүхбаатар /РД:ДЮ75111979/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 8 дугаар гудамж, 8-206А тоотод оршин суух, Гүнчин овогтой Загдсүрэнгий Бадамгарав /РД:ЕА85081201/-д холбогдох
959,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оноос Магнай Трейд компаний нярав З.Бадамгаравт цайны газрын хэрэгцээний бараа нийлүүлдэг болсон. Ихэвчлэн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг байснаа үе үе байгууллага мөнгө өгөхгүй байна гээд зээлээр авдаг болсон. Улмаар 05 дугаар сарын 22-нд 509,150 төгрөг, 06 дугаар сарын 07-ны өдөр 450,350 төгрөгийн бараа тус тус аваад одоо хүртэл өгөхгүй байна. Эхэндээ “Миний утас ярьж болохгүй байна, мессежээр дансаа болон миний тооцоог үлдээчих, би машинаа зарсан мөнгөө авахаараа өгнө” гэж тайлбар өгдөг байснаа одоо утсаа авахгүй байна. Эндээс харахад байгууллагын нэр барьж надаас бараа аваад миний мөнгийг хувьдаа ашигласан байна. Иймд миний 959,500 төгрөгийг З.Бадамгараваас нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “959,500 төгрөгийг З.Бадамгарав нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Сүхбаатар нь хариуцагч З.Бадамгаравт холбогдуулан 959,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээнд: Л.Сүхбаатарын нэхэмжилсэн 959,500 төгрөгийг З.Бадамгарав нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Сүхбаатарын нэхэмжилсэн 959,500 төгрөгийг хариуцагч З.Бадамгарав нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагч З.Бадамгарав болох Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Сүхбаатарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР