Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

  2022        03          04                                     2022/ШЦТ/225

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

Шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2102003040281 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгт эрхлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Д.Э-,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Н.Б-,

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, Нийслэлийн ... дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт С.Б-,

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “...” салонд үсчин ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ... тоотод бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... /  ... овогт Б.Э- нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Д.Э- нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн Б.Э-ын “Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд Б.Э-аас бүлгийн багш Н.Б-гаар дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан,

Н.Б- нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байхдаа, тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-ийн үйлдсэн “Иргэн Б.Э-ын Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд Б.Э-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт, Б.Э-ын Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-т, Д.Э-ийн 350.000 төгрөгөөр хүүхдийг нь элсүүлэх саналыг Б.Э-д тус тус уламжилж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Э-аас 400.000 төгрөгийг ажлын байрандаа бэлнээр авч, 350.000 төгрөгийг Д.Э-т өгч, 50.000 төгрөгийг өөртөө авсан үйлдлээрээ хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

С.Б- нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа, тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-ийн үйлдсэн иргэн Б.Э-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд Б.Э-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт, Б.Э-ын Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг бүлгийн багш Н.Б-гаар дамжуулан эрхлэгч Д.Э-т уламжилж, Б.Э-ын хүүхдийг 350.000 төгрөгөөр цэцэрлэгт элсүүлэхээр болсны хариуд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Э-аас 100.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдлээр хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

Б.Э- нь өөрийн төрсөн хүү Э.Үйлстөгөлдөрийг харьяаллын бус цэцэрлэгт буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр цэцэрлэгт элсүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-, бүлгийн багш Н.Б-, туслах багш С.Б- нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 400.000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг, нийт 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э- мэдүүлэхдээ: ...Надаас Н.Б- нэг хүүхэд оруулаад өгөөч гээд удаа дараа гуйгаад байхаар нь цоожтой хаалганы ард нэг хүүхэд ч гэсэн үлдээхгүй гэж бодсондоо авсан юм. Манай цэцэрлэг маш хүндрэлтэй хөдөлгөөн ихтэй байрлалд байдаг. Хүүхдүүд, явган зорчигчдын аюулгүй байдлыг ханга гэж Замын цагдаагийн газраас шаардлага ирдэг. Иймээс би авсан мөнгөө цэцэрлэгийн гадна хаалт, хашаа хийхэд  зарцуулсан. Шүүхийн дансанд 350.000 төгрөгийг байршуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ: ... Би Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгт бэлтгэл бүлгийн багшаар ажилладаг. Тухайн үед надтай хамт ажилладаг С.Б- нь “ Эрхлэгч Д.Э-т хэлээд хүүхэд оруулаад өгөөч” гэж гуйхаар нь би Д.Э- эрхлэгчээс “ Манай найзын хүүхдийг цэцэрлэгтээ аваад өгөөч “ гэж гуйсан. Эрхлэгч “500.000 төгрөг өгөөд оруулбал оруул “ гэхээр нь Б.Э-д хэлэхэд “Мөнгө муутай байна “ гээд 400.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Би 350.000 төгрөгийг нь эрхлэгч Д.Э-т өгч, 50.000 төгрөгийг нь өөрөө  хувьдаа хэрэглэсэн. Би 50.000 төгрөг авснаа Д.Э- эрхлэгч болон Б.Э-д хэлээгүй. 50.000 төгрөгийг завшсандаа гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б- мэдүүлэхдээ: ... Тухайн үед манай бэр “ Нэг хүүхэд цэцэрлэгтээ оруулаад өгөөч” гэж гуйсан. Би эрхлэгчтэйгээ таарамж муутай учраас Н.Б- багшаар дамжуулж гуйлгасан. Н.Б- надад 500.000 төгрөг гэж хэлсэн.Б.Э- надад дансаар 100.000 төгрөг шилжүүлсэн. Эрхлэгчийнхээ ёс зүйг хэлэлцүүлэхээр дүүрэгт өргөдөл өгөхдөө Н.Б- бид 2 хавсаргаж өгөхөөр Б.Э-аас 350.000 төгрөг авсан гэж бичүүлж авсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: Би хүүхдээ харъяалах цэцэрлэгт нь өгөх гээд чадахгүй удсан. Тэгээд таньдаг эгчээсээ гуйсан. Гэтэл Н.Б- багштай холбож өгсөн ба Н.Б- багштай уулзахад тохижилтонд 500.000 төгрөг өгвөл оруулж болно гэсэн. Би 500.000 төгрөгийг энэ гуравт өгөөгүй,шинэ цэцэрлэг учир тохижилтонд нь зориулж өгч байна гэж бодсон. Хүүхдээ оруулахын тулд л өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Н.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 40-42, 2хх 18-19 /, С.Б-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 44 /, Б.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг / 1хх 51-52 /, гэрч С.Г-ийн мэдүүлэг / 1хх 47-48 /, гэрч Б.Ц-ийн мэдүүлэг / 2хх 21-22 /, Нийслэлийн боловсролын газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай “Хамтран сургах тойрог тогтоох тухай” даргын тушаал, хавсралт / 1хх 84-91 /, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/10 дугаартай “Бүлэг хуваарилах, хүүхэд хүлээлгэн өгөх тухай” тушаал / 1хх 140 /, 2020-2021 оны хичээлийн жилд ...-р цэцэрлэгийн дунд “Б” бүлгийн хүүхдийн нэрсийн жагсаалт / 1хх 142 /, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралт / 1хх 163-166 /, Д.Э-ийг ажилд томилсон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/13 дугаартай захирамж / 1хх 127 /, Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт / 1хх 130-137 /, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам / 2хх 77 /, Б.Э-ын ... дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 167 /, С.Б-гийн ... дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 185 /, шүүгдэгч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / 2хх 107-113 /, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас / 2хх 49-52 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа иргэн Б.Э-ын “Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх” ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд Б.Э-аас бүлгийн багш Н.Б-гаар дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан,

Н.Б- нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байхдаа, тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-ийн үйлдсэн “Иргэн Б.Э-ын Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийгтус цэцэрлэгт элсүүлэхийн тулд Б.Э-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт, Б.Э-ын Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-т, Д.Э-ийн 350.000 төгрөгөөр хүүхдийг нь элсүүлэх саналыг Б.Э-д тус тус уламжилж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Э-аас 400.000 төгрөгийг ажлын байрандаа бэлнээр авч, 350.000 төгрөгийг Д.Э-т өгч, 50.000 төгрөгийг өөртөө авсан үйлдлээрээ хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

С.Б- нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа, тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-ийн үйлдсэн иргэн Б.Э-ын хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу Нийслэлийн боловсролын газрын даргын “Хамран сургах тойрог тогтоох тухай” 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар баталсан харьяаллыг зөрчиж, харьяаллын бус Э.Ү-ийг тус цэцэрлэгт элсүүлэхийн тулд Б.Э-аас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа 350.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт, Б.Э-ын Хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг бүлгийн багш Н.Б-гаар дамжуулан эрхлэгч Д.Э-т уламжилж, Б.Э-ын хүүхдийг 350.000 төгрөгөөр цэцэрлэгт элсүүлэхээр болсны хариуд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Э-аас 100.000 төгрөгийг банкны харилцах дансаар шилжүүлэн авсан үйлдлээр хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

Б.Э- нь өөрийн төрсөн хүү Э.Үйлстөгөлдөрийг харьяаллын бус цэцэрлэгт буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр цэцэрлэгт элсүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-, бүлгийн багш Н.Б-, туслах багш С.Б- нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 400.000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг, нийт 500.000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай Сүхбаатар дүүргийн орон тооны бус ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийн 8 дахь хэсэгт “...Иргэн Э нь 350.000 төгрөгийг бэлнээр цэцэрлэгийн багшаар дамжуулан эрхлэгч Д.Э-т өгүүлсэн тухай баримтыг бичгээр ирүүлсэн байна. Мөн эрхлэгч Д.Э- нь 2 хүүхдийн эцэг, эхээс нийт 510.000 төгрөгний хандив авч гадна хашааны төмөр хаалт хийсэн гэсэн тайлбарыг бичгээр ирүүлсэн. Дээрх асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлж шалгуулах зүйтэй” гэжээ. / 1хх 11 /

 

Н.Б-гийн гэрчээр өгсөн / 1хх 40-42 / “...Одноо гээд найз над руу утсаар яриад “Манай нэг найз байгаа юм. Ажилд орох гэсэн хүүхэд нь 3 настай юм. Чи цэцэрлэгт олон жил ажилласан юм чинь нэг хүүхэд оруулаад өгч тус болооч”  гэж хэлсэн. Манай цэцэрлэгийн эрхлэгч хуучин ажиллаж байсан хүмүүсийг үздэггүй юм. Тэгээд намайг гуйхаар угаасаа үгүй гэж хэлнэ гэж бодоод өөрийнхөө бүлгийн багш Н.Б- багшид энэ талаар хэлж эрхлэгчтэй уулзаж нэг хүүхэд оруулж өгөхийг гуйсан. Тэгсэн Н.Б- багш эрхлэгчтэй уулзчихаад надад хэлэхдээ “Эрхлэгч 350.000 төгрөг бэлнээр өгөөд 1 хүүхэд оруулж болно” гэж байна гэж хэлэхээр нь Одноогийн хүүхдээ оруулах гээд гуйсан найзыг нь Н.Б- багштай холбож өгсөн. ...Н.Б- багш надад хэлэхдээ “Би хандив нэрээр хүмүүсээс мөнгө авахыг зогсоох, үнэний төлөө тэмцэж байна. Надад Б.Э-аас мөнгө өгч хүүхдээ оруулсан гэх бичиг хэрэгтэй байна. Хоёулаа цуг явъя” гээд Б.Э-ын ажил дээр очсон. Н.Б- багш Б.Э-аар тэр гар бичвэрийг хийлгүүлж авсан. Б.Э- нь Н.Б- багшид мөнгө өгөхдөө хүүхэд оруулахад 500.000 төгрөг байдаг гэсэн шүү дээ, би танд 500.000 төгрөг өгчихье. 350.000 төгрөгийг нь цааш өгөөд үлдсэнийг нь та ав гэж хэлээд 500.000 төгрөг өгсөн гэсэн. Тэгээд Н.Б- 150.000 төгрөгийг нь авсан юм байна лээ. Тэр мөнгийг эрхлэгчийн өрөөнд оруулсан өгсөн ” гэх мэдүүлгээр,

 

Н.Б-гийн гэрчээр дахин өгсөн / 2хх 18-19 / “...Б.Э- тухайн үед дансаар өгье гээд би эрхлэгч Д.Э-ээс асуухад ”Би дансаар авахгүй бэлэн мөнгөөр авна” гэсэн болохоор энэ талаар Б.Э-д хэлж бэлнээр авчруулсан. ...Манай дарга надад уг мөнгийг хэрхэн зарцуулах талаар хэлж байгаагүй. Би энэ мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Б.Э-ын хүүхэд нь манай цэцэрлэгт харьяалалгүй байсан. Би 150.000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн. Би энэ хууль бус явдлыг таслан зогсоох зорилгоор, шударга үнэний төлөө би энэ өргөдөл, гомдлыг гаргаад явж байна. Би Б.Э-аас авч хэрэглэсэн 150.000 төгрөгөө төлж барагдуулаад дахин ийм юм хэзээ ч хийхгүй” гэх мэдүүлгээр,

 

С.Б-гийн гэрчээр өгсөн / 1хх 44 / “...Б.Э- нь над руу 100.000 төгрөгийг шилжүүлээд үлдсэн 400.000 төгрөгийг Н.Б-д өгөөд Н.Б- нь тэр мөнгөнөөс 350.000 төгрөгийг цааш нь өгөөд 50.000 төгрөгийг өөртөө зарцуулсан юм байна лээ” гэх мэдүүлгээр,

 

Б.Э-ын гэрчээр өгсөн / 1хх 51-52 / “...Хамт хүүхдээ салхилуулж байгаад танилцсан Одноо гэх эгчтэй 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн үеэр танилцсан бөгөөд түүнд хүүхдээ цэцэрлэгт хамуулах гээд бүтэхгүй байгаа талаараа хэлэхэд “24 дүгээр цэцэрлэгт нэг таньдаг хүн байгаа. Би асуугаад үзье” гэж хэлсэн. Тэгсэн 2020 оны 09 дүгээр сар нилээд гарчихсан, хүүхдүүд цэцэрлэгтээ орчихсон байхад Одноо эгч над руу залгаад “24 дүгээр цэцэрлэгт хүүхдийн орон тоо гарсан гэнэ. Чи очоод багштай нь уулзчих” гээд багшийнх нь дугаарыг мессежээр явуулахаар нь залгахад ирээд уулзчих гэж хэлсэн. Би явж очоод тэр утсаар ярьсан Н.Б- гэдэг багштай уулзахад “Танай хүүхэд манай цэцэрлэгт явах харьяаллын биш байна. Гэхдээ эгч нь чамайг бодоод цэцэрлэгт оруулж өгөхийг бодъё. Гэхдээ манайх шинэ цэцэрлэг учраас хандив гэж 500.000 төгрөг өгч байж хүүхдээ өгөх ёстой. Тэр мөнгөөр нь цэцэрлэгээ тохижуулдаг юм гэсэн. Тэгэхээр нь би шууд өгчих 500.000 төгрөг байхгүй шүү дээ” гэж хэлэхэд “Чи байгаа мөнгөө шилжүүлчих” гэхээр нь надад 100.000 төгрөг байна гээд тэр багшийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгөө би мөнгөтэй болохоороо өгье гэж тохирсон. Н.Б- багш надад хэлэхдээ “Чи дансаар биш бэлнээр мөнгөө авчраад өгчих” гээд байсан. Тэгээд би нээх удаагүй 2-3 хоногийн дараа байх 400.000 төгрөгийг бэлнээр Н.Б- багшид цэцэрлэгийн гадаа өгсөн гэх мэдүүлгээр,

 

Гэрч С.Г-ийн / 1хх 47-48 / “...Нийслэлийн боловсролын газраас хамран сургах тойргийн хуваарьт санал ирүүлнэ үү гээд албан бичиг ирдэг. Түүний дагуу манай дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч нар, хороодын дарга нар, бүртгэлийн хэлтсийн дарга, статистикийн мэргэжилтэн, боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд мөн миний бие гэх зэрэг хүмүүс хэлэлцээд санал явуулдаг. Нийслэлийн боловсролын газар дүүргүүдээс ирсэн саналыг боловсруулаад Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар аль аль цэцэрлэгт аль аль хаягийн хүүхдүүд хамрагдах вэ гэдгийг нь тогтоож ирүүлдэг. Түүний дагуу цэцэрлэгүүд элсэлтээ авдаг. Элсэлтээ авахдаа цахимаар авдаг болсон бөгөөд цахим сайтад иргэд бүртгүүлээд тухайн цэцэрлэгт байгаа хамруулах боломжтой хүүхдийн тоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс автоматаар сонсогдож нэрс нь цэцэрлэгийн эрхлэгч нарт очдог бөгөөд уг нэрсийн дагуу иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулдаг. Цэцэрлэгийн эрхлэгч болон бусад хүмүүс элсэлтийн асуудалд оролцох ямар ч боломжгүй юм” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Б.Ц-ийн / 2хх 21-22 / “...Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын дагуу сургууль, цэцэрлэгийн зөвлөл, удирдах зөвлөл хэлэлцэж цэцэрлэг, сургуулийн дүрмийг батлах ёстой. Дүрэм баталж байж хандив авч, тайлагнаж, үйл ажиллагаандаа зарцуулах ёстой. Үйл ажиллагаандаа зарцуулахдаа цэцэрлэг бүр төсвийн данснаас гадна нэмэлт данстай байх бөгөөд уг дансаараа хандив тусламжийн мөнгийг захиран зарцуулах ёстой. Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхчүүдээс хандив өгөх тохиолдолд мөнгийг цэцэрлэгийн нэмэлт дансанд хийсний дараа, нэмэлт дансанд хийсэн мөнгөө авахын тулд цэцэрлэгийн эрхлэгч өөрөө Төрийн сан руу хүсэлт гаргаж мөнгийг зарцуулах эрх үүснэ. Хүсэлт гаргахдаа зарцуулалт, зориулалтын талаар нэхэмжлэх дээр тодорхой бичиж, хянагдсаны дараагаар гүйлгээ хийгдэнэ. Буцааж зарцуулалтын талаар тайлан санхүүдээ тусгаад, эцэг эхчүүддээ цэцэрлэгийн зөвлөлийн гишүүдэд тайлагнах ёстой. Ер нь бол бэлнээр мөнгө авч  болохгүй гэсэн утгатай.

...Хамран сургах тойргийн хуваарьт багтаагүй буюу харьяаллын бус хүүхдийг тухайн цэцэрлэгт авч болохгүй. Харьяаллын бус байтугай харьяаллын хүүхэд авсан байсан ч мөнгө авч болохгүй. Дээрх тохиолдлыг хандив гэж үзэхгүй. Харьяаллын хүүхдээс хандив авах тохиолдолд үлгэрчилсэн дүрмээ баталчихсан, нэмэлт дансаа нээлгэсэн байх хэрэгтэй гэх мэдүүлгээр,

 

Нийслэлийн боловсролын газрын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай “Хамтран сургах тойрог тогтоох тухай” даргын тушаал, хавсралт / 1хх 84-91 /    

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/10 дугаартай “Бүлэг хуваарилах, хүүхэд хүлээлгэн өгөх тухай” тушаал / 1хх 140 /

 

2020-2021 оны хичээлийн жилд 24-р цэцэрлэгийн дунд “Б” бүлгийн хүүхдийн нэрсийн жагсаалт / 1хх 142 /

 

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралт / 1хх 163-166 /

 

Д.Э-ийг ажилд томилсон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/13 дугаартай захирамж / 1хх 127 /  

 

Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт / 1хх 130-137 /

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам / 2хх 77 /

 

Б.Э-ын ... дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 167 /

 

С.Б-гийн ... дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 185 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Д.Э- нь эрхлэгчээр ажиллаж байхдаа өөрийн эрх мэдлээ ашиглаж, хамран сургах тойргийн бус Б.Э-ын хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхээр багш Н.Б-, С.Б- нараар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, 350.000 төгрөгийг Б.Э-аас авсан, багш Н.Б-, туслах багш С.Б- нар нь Б.Э-ын саналыг эрхлэгч Д.Э-т уламжилж, хахуулийн 350.000 төгрөгийг дамжуулан өгч, дээрх үйлдлийнхээ хариуд Б.Э-аас Н.Б- нь 50.000 төгрөг, С.Б- нь 100.000 төгрөгийг тус тус авсан, Б.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч нарт 500.000 төгрөгний хахуул өгснийг хөдөлбөргүй нотолж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Э-, Н.Б-, С.Баягальмаа, Б.Э- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э-ийн өмгөөлөгч Б.Дашдоржоос “...Дээрх 350.000 төгрөгийг Д.Э- нь хувьдаа аваагүй, сургуулийн тохижуулалтад хэрэглэсэн, Д.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх” гэх, шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаагаас “...Н.Б- нь нийтийн албан тушаалтан биш бөгөөд бусдын өгсөн мөнгийг дамжуулж өгөхдөө итгэлийг эвдэж өөртөө зальдах маягаар авч ашигласан” гэх, шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Д.Чинзоригоос “...С.Байгалмаа нь нийтийн албан тушаалтан биш тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Ганболдоос “...Б.Э- нь хэдийгээр гэм буруу дээр маргахгүй хэдий ч энэ гэмт хэргийн сэдэлт санаа зорилгыг тогтоогоогүй буюу хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотлоогүй байна” гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд: 

1. Шүүгдэгч Д.Э- нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон ба цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 25 дугаартай “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийн ТҮБД-5 зэрэглэл буюу сургуулийн өмнөх болон бага, дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг ойлгоно. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заажээ.

Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 4.1.2-т “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж заасны дагуу цэцэрлэгийн эрхлэгч албан ташаал нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Цэцэрлэгийн эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8-д заасан “...Хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, мөн Нийслэлийн Засаг даргын баталсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтын 2.1-т заасан “Хамран сургах тойргийн хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах” чиг үүргийг хэрэгжүүлэх ба ингэхдээ Нийслэлийн боловсролын газрын даргын “Боловсролын тухай хууль”-ийн 28.1 дүгээр зүйлийн 28.1.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоосон “Хамран сургах тойрог тогтох тухай” шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй байна.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалын хавсралтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 560 дугаар байр нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн хамран сургах тойрогт хамаарч байна.

Гэтэл Д.Э- нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах” эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хамран сургах тойргийн бус хүүхдийг хүүхдийг элсүүлэхийн тулд төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалтан болох багш Н.Б-, төрийн үйлчилгээний туслах албан тушаалтан болох туслах багш С.Б- нараар дамжуулан иргэн Б.Э-аас хахууль өгөхийг шаардан авч, үүний хариуд хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлсэн буюу хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Нэгэнт хууль зөрчиж, хахуул авсан нь нотлогдсон тул дээрх мөнгөөр хайс, хашлаг хийсэн гэсэн нь үндэслэлгүй болно.

 

2. Шүүгдэгч Н.Б-, С.Б- нар нь нийтийн албан тушаалтан биш боловч хахууль өгөгч Б.Э-ын хүүхдээ хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэх хүсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-т уламжилсан, цэцэрлэгийн эрхлэгч Д.Э-ийн 350.000 төгрөг өгвөл хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх саналыг иргэн Б.Э-д уламжилж, хахуулийн 350.000 төгрөгийг Б.Э-аас авч Д.Э-т дамжуулан өгсөн, энэ үйлдлийнхээ хариуд Б.Э-аас шан харамж авсан зэрэг үйлдлээрээ хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх тул тэдгээрийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт хамтран оролцсон байна.

Прокуророос тэдгээрийг нийтийн албан тушаалтанд хахуул өгөх хэрэгт дэмжлэг үзүүлж оролцсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Э-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Н.Б-, С.Б- нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

Б.Э-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500.000 төгрөгний хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э-, Н.Б-, С.Б-, Б.Э- нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э-, Н.Б-, С.Б-, Б.Э- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, цэцэрлэгийн хүрэлцээ муутай байдал нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, тэдгээрийн гэм буруут үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэдгээрийн оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11000 нэгж буюу 11.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Н.Б-, С.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Н.Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, тэдгээрийн орлого, цалин хөлс олох боломжийг харгалзан Д.Э-, Н.Б-, С.Б- нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, Б.Э-д оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Э-, Н.Б-, С.Б-, Б.Э- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдав.

 

Шүүгдэгч Д.Э- гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 350.000 төгрөгийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан тул уг мөнгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Н.Б-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100.000 төгрөг, С.Б-гийн 50.000 төгрөгийг шүүгдэгч нар шүүх хуралдаанд бэлнээр авчирсан гэх тул тэдгээрээс тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Д.Э- нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч ... овогт Н.Б-, ... овогт С.Б- нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч ... овогт Б.Э-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 11000 нэгж буюу 11.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Н.Б-, Сүлдийн С.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Э-, Н.Б-, С.Б-, Б.Э- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Э-, Н.Б-, С.Б- нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, Б.Э-д оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Э-, Н.Б-, С.Б-, Б.Э- нар нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Б-гаас 100.000 төгрөг, Н.Б-гаас 50.000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Д.Э-ийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 350.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Э-, Н.Б-, С.Б-, Б.Э- нарт оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

            8. Д.Э-, Н.Б-, С.Б-, Б.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

           

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э-, Н.Б-, С.Б-, Б.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ