| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02531/И |
| Дугаар | 102/ШШ2017/02119 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/02119
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 гудамж, Жи мобайл” ХХК-ийн байрны 5 дахарт байрлах “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ДСАА 5 гудамж 10 тоотод оршин суух Түнжин овогтой Сэдбазарын Сувдаа, /РД:НН63010766/-т холбогдох 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Сувдаа манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1136192 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах “ гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхийн NP төхөөрөмжийн урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. С.Сувдаа нь одоогийн байдлаар манай компанид NP төхөөрөмжийн 200,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна байгаа болно. Иймд С.Сувдаагаас “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 986 хоногийнгүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 100,000 төгрөг буюу нийт 300,000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь С.Сувдаад холбогдуулан 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Зохигчдийн ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Жи мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгөөс 100,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч С.Сувдаа нь 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Жи мобайл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 төгрөгөөс 100,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч С.Сувдаа нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи мобайл” ХХК нь 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 100,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч С.Сувдаа 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 50,000 төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,825 төгрөгийг хариуцагч С.Сувдаа болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн /2602002965 тоот данс/-аас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР