Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

 

 

 

 

 

  2022        03            09                                         2022/ШЦТ/237

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч Б.Т-, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109017870063 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-нд дуудлагын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Б.Т- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугар сарын 30-наас 31-нд шилжих шөнө өөрийн түрээслэн амьдардаг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захын хойно байрлах нийтийн байрны өрөөнд хохирогч Д.Б-ийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь түүний эзэмшлийн ... дугаартай дансны Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч, улмаар 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 45 минутад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-с зарлагын гүйлгээ хийж бусдад 830.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн дуудлагын жолооч хийж байхдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн 100 орчим хохирогч Д.Н-ийн эзэмшлийн Тоёота кровн маркийн 40-20 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээс монетон ээмэг, зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч, 672.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Б-т учруулсан хохирлоо 2-3 хувааж төлөхөөр тохиролцсон. Хохирогч Д.Н-ийн ээмэг бөгжийг буцааж өгсөн. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б-ийн мэдүүлэг / хх 10 /, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 19-21 /, Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 50/113 дугаартай албан бичиг / хх 23 /, Б.Т-ын гэрчээр өгсөн / хх 38-39, 102 /, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 85 /, хохирогч Д.Н-ийн мэдүүлэг / хх 99-100 /, гэрч Н.Л-ийн мэдүүлэг / хх 105 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 106-108 /, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 109 /, “Дамно” ХХК-ний СБ1-21-1448 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 111-112 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 115 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 08 дугар сарын 30-наас 31-нд шилжих шөнө өөрийн түрээслэн амьдардаг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цайз захын хойно байрлах нийтийн байрны өрөөнд хохирогч Д.Б-ийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь түүний эзэмшлийн 5100281048 дугаартай дансны Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хулгайлан авч, улмаар 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 45 минутад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-с зарлагын гүйлгээ хийж, Д.Б-т 830.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн дуудлагын жолоочоор ажиллаж байхдаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр хүүхдийн 100 орчим хохирогч Д.Н-ийн эзэмшлийн Тоёота кровн маркийн 40-20 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дээрх машинд байсан хохирогчийн цүнхнээс монетон ээмэг, зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч, 672.000 төгрөгний  хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Д.Б-ийн / хх 10 / “...Амралтын газар хоноод маргааш нь буцаад өөрийн найз Базраа гэх эмэгтэйн хамт өөрийн ажил дээрээ ирэхэд найз “Би нэг найзыгаа дуудчихна” гэж хэлээд Тоогоо гэх залууг дуудсан. Ингээд Тоогоо гэх залуу мөн манай найз Базраа бид 3 тэдний гэрт ороод 2 шил архи уугаад би унтаад өгсөн байсан. Өглөө 09 цаг болж байхад сэрэхэд миний Хаан банкны карт байхгүй болсон. Тэгээд гэрт нь хайгаад олоогүй. Гэрийн эзэн Тоогоо “Цамбагарав дээр айлаас бичиг баримт авчихаад эргээд ирье. Тэр картыг чинь олоод өгнө” гэж хэлээд бид 3 гэрээс нь гараад Цамбагарав дээр ирэхэд үед Тоогоо гэх залуу алга болсон. Утас нь холбогдохгүй болсон. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 45 минутад миний картнаас 830.000 төгрөгний зарлага гарсан. Миний картны нууц дугаарыг дэлгүүрээс архи авч байх үед мэдсэн байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлгээр,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 19-21 /

 

Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 50/113 дугаартай албан бичигт “...Д.Б-ийн ... тоот дансны 08/31/2021... 20:45...830.000 төгрөгний гүйлгээ хийсэн АТМ-н байршил, СХД 14-р хороо, Цамбагарав үйлчилгээний төв” гэжээ. / хх 23 /

 

Б.Т-ын гэрчээр өгсөн / хх 38-39, 102 / “...Таксины мөнгө өгөх гэсэн мөнгө байхгүй байсан. Тэгсэн нөгөө картаа өгсөн эмэгтэй “ Чи АТМ ороод мөнгө аваад ир” гээд надад хэлэхээр нь би Цамбагаравт байрлах АТМ ороод картыг нь шалгаж үзэхэд 830.000 төгрөг байсан санагдаж байна. Тэр мөнгийг нь аваад таксинд суугаад явсан. Уг мөнгөөр архи уугаад үрээд дуусгасан.

...Дуудлагын дагуу намайг очиход үл таних эмэгтэй хар өнгийн кровн маркын тээврийн хэрэгслийг надаар бариулаад хүүхдийн 100-д хүргүүлээд тэнд хүнтэй уулзана гээд надад Хаан банкны картаа өгөөд бензин хийгээд ир гээд машинтайгаа намайг явуулсан. Тэгээд картаар нь 20.000 төгрөгөнд бензин хийгээд буцаад хүүхдийн 100 дээр ирээд нөгөө эмэгтэйд картыг нь өгсөн. Машинд суугаад ээмэг, гинж алга болсон байна гэж хэлсэн. ” гэх мэдүүлгээр,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 85 /

 

Хохирогч Д.Н-ийн / хх 99-100 / “...Дуудлагын жолооч дуудаж жолоочоор хүүхдийн 100-д хүргүүлсэн. Тэгээд тэнд очоод би машинаасаа буугаад “15 минут хүлээж байгаарай. Миний машины шатахуун дуусах гэж байна. Та бензин клонк ороод бензин хийчих” гээд өөрийн Хаан банкны картаа өгч явуулсан. Тухайн үед машинаас буухдаа цүнхээ түрүүвчтэйгээ мартаж буусан. Тэгээд би тэнд Сөүл плаза руу ороход манай найзууд хааж байна гээд урдаас гарч ирээд 20 минут болсон байх. Тэгээд гарч ирэхэд дуудлагын жолооч миний Хаан банкны картыг эргүүлэн өгөхөөр нь би машин дотор үлдээсэн цүнхнээсээ картны саваа аваад картаа хийх гэтэл карт хийдэг саванд байсан монетан ээмэг 1 хос, монетан зүүлт 1 ширхэг байхгүй болсон байсан. Тэгээд энэ талаар дуудлагын жолоочид “ Миний цүнхэнд түрүүвч дотор байсан ээмэг зүүлт хаана байна. Гаргаж өг” гэж хэлэхэд “ Би мэдэхгүй” гэхээр нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлгээр,

 

Гэрч Н.Л-ийн / хх 105 / “...Хэлтэс дээр ирэхэд хохирогч нь найз эмэгтэй, дуудлагын жолооч нарын хамт ирсэн. Тухайн үед автомашины бүхий л хэсэгт хохирогчийн хамт шалгаж үзсэн. Суудлуудын доогуур сайтар шалгаж үзсэн. Ямар нэгэн эд зүйл байгаагүй гэх мэдүүлгээр,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 106-108 /

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 109 /

 

“Дамно” ХХК-ний СБ1-21-1448 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 111 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т- холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Т-од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Б-т учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс түүнийг тэнссэн боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийгээгүй, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулж зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

 

Мөрдөн шалгалтын явцад хохирогч Д.Н-д алдагдсан эд зүйлийг буцаан өгсөн тэмдэглэл / хх 109 / хэрэгт авагдсан тул уг хохирол төлөгдсөн, хохирогч Д.Б-т учруулсан 830.000 төгрөгний хохирлыг нөхөн төлөөгүй тул шүүгдэгч Б.Т-оос гаргуулж хохирогч Д.Б-т олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Т- цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Б.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Т-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 830.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-т олгосугай.

 

6. Б.Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ