Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Раднаабазар

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтангүл

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч *******  овогт *******ын *******д  холбогдох эрүүгийн 2236000000066 дугаартай, 178/2022/0076/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5-31 тоотод оршин суудаг,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******  овогт *******ын *******, регистрийн дугаар *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх "Цагаан" нэртэй дэлгүүрийн ойролцоогоос хохирогч М.*******гийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн 899100 төгрөгийн үнэ бухий Самсунг А-52 загварын гар утсыг олж аваад гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшин иргэн Н.*******д 100000 төгрөгөөр зарахаар өгч хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

-Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-03 хуудас/, Эд зүйл хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-04-07 хуудас/,

Хохирогч М.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт явж байгаад өөрийн эзэмшлийн Самсунг А-52 загварын гар утсыг гээгдүүлсэн. 2021 оны 11 дүгээр сард шинээр нь 1 сая төгрөгөөр авч байсан Самсунг А 52 загварын хар өнгөтэй, гадна талаараа цайвар цэнхэр өнгийн гэртэй гар утас байсан. Надад гар утасны хайрцаг нь байгаа. 355595479018616, 358463329018616 имей дугаартай утас байсан. Миний бие утсаа бүрэн бүтэн хүлээж авсан ба ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй болно. Надад учирсан хохирол байхгүй байна. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 8-11 хуудас/,

 Гэрч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна гэртээ байж байхад манайхаар ирж очоод морь мал хөдөлгөж өгдөг Шар гэх залуу нэг орой ирээд би утас олж авсан та 200.000 төгрөгөөр авах уу гэж хэлээд одоо миний барьж байгаа гар утсыг гаргаж ирсэн. Би тухайн гар утсыг үзэж байгаад “одоо мөнгө байхгүй дараа авья” гэхэд дараа мөнгийг нь өгчих гээд би дараа нь 100.000 төгрөг өгөхөөр болоод тухайн гар утсыг авсан. Тэрнээс хойш Шард мөнгийг нь өгөөгүй байгаа 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Шар манайд ирээд мөнгө асуусан одоохондоо надад мөнгө байхгүй байна гээд явуулсан...  гэх мэдүүлэг /хэргийн 13-р хуудас/,

 Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /хэргийн 17-р хуудас/

"Вендо" ХХК-ний үнэлгээний шинжээчийн дүгнэлт "самсунг М-52 загварын гар утас- 899100 төгрөг" гэх /хэргийн 27-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.*******гийн өгсөн...Би Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр байхаа хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Шөнө 00 цагийн үед гудамжаар явж байгаад Цагаан гэх нэртэй дэлгүүрийн урдаас хар өнгийн тоочтой гар утас олсон. Би тухайн гар утасны маркийг нь мэдэхгүй. Олж авсан гар утсаа аваад Н.******* гэх эгчийн гэрт очоод би гар утас олж авсан, та энэ гар утсыг 200.000 төгрөгөөр авах уу гэхэд би худалдаж авья гээд Н.******* дараа мөнгийг нь өгье гээд надаас авсан... гэх мэдүүлэг /хэргийн 39-40-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх "Цагаан" нэртэй дэлгүүрийн ойролцоогоос “Самсунг” А-52 загварын гар утсыг олж авч гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад зарж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулан завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл,хохирогч М.*******гийн мэдүүлэг, гэрч Н.*******гийн мэдүүлэг, шүүгдэгч Т.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ,эд зүйл / гар утас/ үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь гар утас олж эзэмшигчийг нь олж өгөх, эсхүл зохих байгууллагад нь хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн идэвхи санаачлагатай үйлдэл хийгээгүй өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлж цааш нь борлуулахаар бусдад шилжүүлсэн үйлдэл нь гэм буруугийн санаатайгаар үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь хохирогч М.*******д хохирол учруулсан нь "Вендо" ХХК-ний үнэлгээний шинжээчийн "самсунг М-52 загварын 899100 төгрөг" гэх дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч М.******* нь гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

                         Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.*******  нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Т.*******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Т.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 47-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******гийн хувийн байдлын талаар гэрч С.Долгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Т.*******  нь манай хүү байгаа юм. Т.******* нь зан аашны хувьд зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, даруухан, энгийн хүн. Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан.Ажилд сайн тусархуу хүн юм... гэх мэдүүлэг /хэргийн 42-р хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтангүл шүүх хуралдаанд: Шүүгдэгч Т.*******д прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Т.******* цаашид ажил хөдөлмөр эрхэлж торгох ялыг төлөх тул 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү... гэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Т.******* шүүх хуралдаанд...гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй... гэв.

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Т.*******д гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн санал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийг 06 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******  овогт *******ын *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС