Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0301

 

2014 оны 07 сарын 24 өдөр                    Дугаар 301                           Улаанбаатар хот

Д.Г-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын байцаагч Л.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 198 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-н гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Г-н нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын байцаагч Л.А, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тагнуулын ерөнхий газрын даргын 2006 оны 303 тоот тушаалаар тусгай албаны ахлах ажилтнаар эргүүлэн томилогдож, дэд хурандаа цолыг сэргээсний үндсэн дээр цэргийн жинхэнэ албанд 6 жил ажиллаж байгаад, цэргийн албыг 36 жил 7 сар 11 хоног хаасан гэж тооцогдон 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/407 тоот тушаалаар чөлөөлөгдсөн билээ. Миний цэргийн алба хаасан сүүлийн 6 жилийн хугацаанд цалин нэмэгдэж, дэд хурандаа цолны нэмэгдэлд төрийн албаны нэмэгдэл, төрийн нууцын нэмэгдэл зэрэг нэмэгдлүүдээ авч он удаан жил цэргийн алба хаасныг төрөөс үнэлж шагнадаг одон, медаль, тэмдгүүдийг ажиллах хугацаандаа авсан.

Энэ 6 жилд өмнөх нөхцөлөөр үргэлжлүүлэн цэргийн алба хаах хугацаанд алба хаасан хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаа өөрчлөгдсөн тул 2012 оны 9 дүгээр сард нийт цэргийн алба хаасан, З6 жилийн

О:\2014\Магадлал-2014\Д.Гомбодорж.с1осх

 

сүүлийн 20 жил доторх сүүлийн дараалсан 5 жилээр цэргийн албан хаагчийн тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ Баянзүрх дүүргийн Нийгмийн Даатгалын Хэлтэст гаргасан ба миний хүсэлтийг хүлээн авч, миний тэтгэврийг цэргийн алба хаасан сүүлийн 5 жилийн цалин хөлснөөс бодож тогтоосон билээ. Улмаар миний тэтгэврийн дэвтэр дээр "Тагнуулын ерөнхий газрын даргын Б/407 тоот тушаалаар 36 жилээр тэтгэврийг шинэчлэн тогтоож, 2012 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн олгоно" гэсэн тэмдэглэл хийсний дагуу шинэчлэн тогтоогдсон тэтгэврээ 1 жил гаруй авч байсан.

Гэтэл гэнэт Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт хийсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажлын хэсгийн гишүүн байцаагч Л.А нь намайг дуудаж уулзан, миний тэтгэврийг буруу тогтоосон байна гээд, илүү олгосон тэтгэврийг буцаан олгуулах тухай акт тавьсан болохыг мэдэгдэж гомдлоо удирдлага, шүүхэд гарга гэсэн хариу өгсөн.

Миний хувьд тус актыг зөвшөөрөхгүй байгаа учир шат дараалан Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга Ц.У, сайд С.Э нарт хандан гомдол гаргасан боловч "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг үндэслэн уг актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариуг өгөөд байна.

... Иймд даатгуулагч миний сонголт хийх эрхийг хязгаарлаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж надад нийгмийн даатгалаас тэтгэвэрт олгосон 4.045.468 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн 178 тоот актыг хүчингүй болгож миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн, улсын байцаагч Б.Н, Л.А нар шүүхэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Д.Г нь Монгол улсын Тагнуулын ерөнхий газрын даргын 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 21 тоот тушаалаар өөрийнх нь удаа дараагийн хүсэлт гаргасныг харгалзан үзэж тухайн үеийн Тагнуулын газрын даргын тушаалаар 2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсний дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон.

Анх тэтгэвэр тогтоолгохоор өөрийн гараар бичсэн өргөдөлдөө өндөр насны тэтгэврээ 2000-2004 оны хоорондох 5 жилийн цалингаар тогтоолгох хүсэлт гаргаж тухайн жилүүдийн цалингийн тодорхойлолтыг ХҮХ-ийн дарга хурандаа Х.Г, Санхүүгийн тасгийн дарга ахмад А.Т, Нягтлан бодогч ахлах ахлагч Б.Б нараар хийлгэн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан 2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цэргийн албан хаасан 30 жил 5 сар 2 хоног

 

ажилласнаар "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст гарган цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байна.

Тэтгэвэр тогтоолгосноос хойш 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 303 тоот тушаалаар эгүүлэн шуурхай жижүүрээр 2006 оны 7 дугаар сарын 5-аас томилогдон ажиллаж байгаад 2012 оны 9 дүгээр сарын 14-ний Б/407 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж Тагнуулын ерөнхий газрын тусгай албан хаагчаар ажилласан.

Энэ 6 жилийн нэмэгдлийг "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтын дагуу анх тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 1.5 хувиар бодож тэтгэврийг нэмэгдүүлэн тооцож авах байтал 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Тагнуулын ерөнхий газрын Б/407 тоот тушаал, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 02/1789 тоот архивын лавлагаа, тэтгэвэр өөрчлөн тогтоолгох өргөдөл, 2007 оны 9 дүгээр сараас 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл авч байсан цалингийн тодорхойлолт зэргээр цэргийн албан хаасан 36 жил 7 сар 11 хоног ажилласнаар, анх тэтгэвэр тогтоосон 5 жилийн дундаж цалинг өөрчлөн тогтоолгосон нь:

  1. "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 24 дүгээр зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна гэснийг
  2. "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож, тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тэтгэвэр тогтоолгосноос хойш ажилласан 5 жилийн цалингаар тэтгэврийг өөрчлөн тогтоож 2012 оны 10 дугаар сарын 1-ээс өндөр насны тэтгэврийг илүү авсан тул Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 178 тоот акт тогтоосон.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 198 дугаар шийдвэрээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 12

 

дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “... 1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүйн улмаас үндэслэл муутай шийдвэр гаргасан юм.

Нэхэмжлэгч Д.Г нь цэргийн албыг 36 жил 7 сар хаасан тул цэргийн алба хаасан сүүлийн 20 жил доторх аль дуртай дараалсан 5 жилийн цалин хөлсийг сонгох эрхээ эдэлж тэтгэврээ өөрчлөн тогтоох хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүлээн авч түүний хүсэлтийг хангаж, тэтгэврийн хэмжээг өөрчилсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэтэл шүүх Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-д заасантай нийцээгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийг 2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тэтгэврээ тогтоолгосон бөгөөд уг тэтгэврийг хүлээн зөвшөөрч Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэврийг тогтмол авч байсан тул өмнө нь нэгэнт тогтоогдсон тэтгэврийг түүнээс хойш бий болсон үйл баримтаар дахин тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г нь 2005 оны 1 дүгээр сард өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байхдаа захиргааны санаачилгаар цэргийн албанаас чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон байсан.

Улмаар 2006 оны 7-р сарын 4-ны өдрийн Тагнуулын Ерөнхий газрын даргын 303 тоот тушаалаар түүнийг цэргийн алба үргэлжлүүлэн хаалгахаар болж, Тагнуулын Ерөнхий газрын Аюулгүйн байдлын албаны шуурхай жижүүрээр томилон, захиргааны санаачилгаар ажилд томилсон тул 2006 оны 08-р сарын 03-ны өдрийн 350 тоот тушаалаар цэргийн дэд хурандаа цолыг сэргээн ажиллуулсан байна. Тагнуулын Ерөнхий газрын даргын 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 274 тоот тушаалаар “Тагнуулын ерөнхий газрын хүний нөөцийн талаар мөрдөх журам“-ийн 2 дугаар зүйлийн 2.31-д “Цэргийн тэтгэвэр тогтоолгосон, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй бэлтгэл офицерыг захиргааны санаачилгаар байгууллагын албан тушаалын сул орон тоонд авч ажиллуулах тохиолдолд албан тушаалын цэргийн цолыг сэргээж болно” гэсэн өөрчлөлтийг оруулсны дагуу түүний дэд хурандаа цолыг сэргээсэн байна.

Нэхэмжлэгч Д.Г нь цэргийн албыг үргэлжлүүлэн хааж байгаад Тагнуулын Ерөнхий газрын даргын 2012 оны 9-р сарын 14-ны өдрийн Б\407 тоот

 

 

 

 

тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, уг тушаалаар түүний цэргийн алба хаасан хугацааг шинэчлэн тогтоосон тул энэ тушаал нь цэргийн алба хаасны тэтгэврийг шинэчлэн тогтоолгох үндэслэл болж байгаа юм.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаа” гэсэн ойлголтыг тайлбарлахдаа “Цэргийн тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно” гэсний дагуу Б\407 тоот тушаалаар цэргийн алба хаасныг 36 жил 7 сараар тогтоож өгсний дагуу Д.Г нь нийт цэргийн алба хаасан хугацаанаас тооцож тэтгэврээ тогтоолгох эрхтэй байна.

Мөн уг хуулийн 7 дугаар зүйлийн 2-д “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, 5 хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно.” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г нь энэ зүйлд заасан дараалсан 5 жил гэсэн болзлыг хангаж 6 жил үргэлжлүүлэн ажилласан тул түүний цэргийг алба хаасан хугацааг 36 жил 7 сар 11 хоногоор тооцож цэргийн алба хаасны тэтгэврийг шинэчлэн тогтоосон Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль ёсны болсон юм.

Д.Г нь өмнө тогтоолгосон тэтгэврийг тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа 6 жилээр нэмэгдсэн, авч байсан цалин хөлсний хэмжээ нэмэгдэж өөрчлөгдсөн байх тул даатгуулагч нь илүү таатай нөхцөлтэй тэтгэврийг сонгон авах эрхээ эдэлж цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоож өгөх талаар хүсэлт гаргах эрхийг нь хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй байна.

“Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтад “Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно” гэж зохицуулсныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэ хуулийн зохицуулалт нь Д.Г шиг цэргийн албыг үргэлжлүүлэн 6 жил тасралтгүй хаасан этгээдүүдэд хамаарахгүй ба харин цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосны дараа иргэний байгууллагад энгийнээр ажил, хөдөлмөр

 

эрхэлсэн мөн дараалан 5 жил хүртэл ажиллаж чадаагүй тэтгэвэр авагч нарын харилцааг зохицуулсан байна.

Шүүх хурал дээр хариуцагч тал Д.Г гуай шиг яг адилхан нөхцөлөөр тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргаж байсан тохиолдол урьд нь гарч байгаагүй гэдгийг хэлж байсан.

Шүүх нэхэмжлэгч нь 2006-2012 онд тэтгэврээ авч байсан тул нэгэнт тогтоогдсон тэтгэврийг түүнээс хойш бий болсон баримтаар дахин тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна.

УДШ-ийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийгмийн даатгалын

 

харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 47 тоот тогтоолын 1.3-д даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг сонгон авах эрхтэй, уг сонголтыг зөвхөн нэг удаа хийнэ гэдэг нь тухайн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ, нөхцөл, эрх зүйн үр дагавар өөрчлөгдөөгүй байхад өөрийг хүсэлтээр урьд хийсэн сонголтоо даатгуулагч өөрчлөх эрхийг хэлэх бөгөөд энэ нь тодорхой цаг хугацааны дараа даатгуулагчаас шалтгаалахгүй үндэслэлээр нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд сонголт хийх даатгуулагчийн эрхийг хязгаарлахгүй” гэсэн тайлбартай Д.Г-н нэхэмжлэлийн шаардлага тохирч байна.

2 . Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын улсын байцаагч нар 178 тоот актыг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах заалтыг үндэслэсэн байх ба улмаар энэ хуулийн заалтыг буруу хэрэглэж, 4045468 төгрөгийг тэтгэвэр авагч Д.Гомбодоржоор төлж барагдуулахаар тогтоосон нь хууль бус байна.

Уг заалтад “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна.” гэсэн байхад Д.Г-д хариуцуулан түүний тэтгэврийг 2014 оны 3-р сараас олгохгүйгээр бүрмөсөн зогсоосон нь хууль бус байна. Иймд иргэн Д.Г-н цэргийн алба хаасны тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн авч холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэн цэргийн алба хаасны тэтгэврийг 36 жил 7 сар 11 хоногоор тооцон тогтоосон нь хуульд харшлахгүй байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 178 тоот актыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цуглуулж, үндэслэлтэй дүгнэсэн, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн

тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэглэх ёстой Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэлгүй Д.Г-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ:

Нэхэмжлэгч Д.Г нь цэргийн албанд 30 жил 5 сар ажиллаж 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр[1] цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахдаа түүний 2000-2004 оны цалингийн дунджаас тэтгэвэр тогтоолгожээ. Тэрээр 2007 оноос өөрийн хүсэлтээр[2] дахин цэргийн албанд ажилласан байх бөгөөд анхны тэтгэвэр тогтоосон цалин хөлсийг сүүлд ажилласан 2007-2012 оны цалин хөлсөөр солих хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хүлээн авч, тэтгэврийг шинэчлэн тогтоож олгосныг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч хууль зөрчсөн болохыг тогтоон, төлбөрийг Д.Г-р төлүүлэхийг Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчид хариуцуулсан байна.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно”, мөн зүйлийн 4-т “Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар өөрчлөн тогтооно” гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл нэгэнт дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасан цэргийн алба хаах хугацаа болсон үндэслэлээр цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгосон бол түүнийг тогтооход баримталсан цалин хөлсийг тэтгэвэр тогтоолгосноос хойш цэргийн албанд ажилласан хугацааны цалин хөлсөөр сольж үндсэн тэтгэврийн хэмжээг өөрчлөх үндэслэлгүй байна.

Учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хүнд үүрэг гүйцэтгэдэг цэргийн хөдөлмөрийн онцлогоос шалтгаалж, цэргийн алба хаагчдад тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг тусгайлан зохицуулахдаа цэргийн алба хаагчдыг алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй ч цэргийн алба хаасан хугацаанд хүрсэн бол өөрийнх нь хүсэлтээр цэргийн тэтгэвэрт гаргадаг, мөн цалин хөлснөөсөө тэтгэврийн

 

даатгалын санд шимтгэл төлдөггүй, улсын төсвөөс санхүүждэг тул тэтгэвэр тогтоох цалин хөлсийг шимтгэл төлсөн цалин хөлснөөс биш сарын дундаж цалин хөлснөөс нь тооцох, мөн үндсэн тэтгэврийг цалин хөлсний /энгийн иргэдээс өндөр/ 80 хувиар тогтоох зэргээр цэргийн албан хаагчид энгийн байгууллагад ажилласан иргэдээс илүү эрх эдлүүлэхээр заасан боловч уг хуульд цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосны дараа дахин цэргийн албанд ажиллавал анх цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоосон цалин хөлсийг сольж болохоор заагаагүй.

Энэ нь цэргийн алба хаасан хугацаагаар бүрэн тэтгэвэр анх тогтоолгохдоо л цэргийн албан хаагч нь дээрх эрхүүдийг эдэлдэг тул цэргийн тэтгэвэр тогтоолгосноос хойш дахин цэргийн алба хаасантай холбоотой тусгайлан зохицуулалгүй, харин дахин ажил хөдөлмөр эрхэлбэл цэргийн албанд ажилласан эсэхээс үл шалтгаалж тэтгэврийн хэмжээг зөвхөн анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож, хуульд заасан хувиар нэмэгдүүлэхээр заасан нь шударга ёсны зарчимд нийцэхээр байх тул нэхэмжлэгчийн уг асуудал урьд нь гарч байгаагүй тул хуулиар зохицуулаагүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл цэргийн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн дахин ажил хөдөлмөр эрхэлбэл цалин хөлсөө авахын зэрэгцээ тэтгэврээ үргэлжлүүлэн авсаар байдаг бөгөөд үүнийг хуулиар хориглоогүй нь дээрх үндэслэлтэй холбоотой гэж үзнэ.

Д.Г ч дахин цэргийн албанд ажиллах хугацаандаа цалин хөлсөө авахын зэрэгцээ тэтгэврээ үргэлдүүлэн авсаар байсан бөгөөд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цэргийн албаны тэтгэвэр тогтоох болзол хангасан хэдий ч цэргийн тэтгэвэр тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн зөвхөн цалин хөлсөө авч ажиллаж байгаад нэхэмжлэгчийн адил 36 жил цэргийн алба хаасныхаа дараа тэтгэвэр тогтоолгож буй иргэнээс илүү эрх эдлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин нэгэнт цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгосныхоо дараа 12 сараас дээш хугацаагаар цалин хөлс авч ажилласан бол тухайн хугацаагаар дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 4-т заасан хувь хэмжээгээр анхны тэтгэвэр тогтоосон цалин хөлснөөс тооцож тэтгэврээ нэмэгдүүлэн авах эрхтэй.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц "... цэргийн цолыг сэргээсэн тул цэргийн албыг үргэлжлүүлэн хаасанд тооцож, улмаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг дахин хаасан 5 жилийн хөдөлмөрийн хөлсөөр сольж шинэчлэн тогтоох үндэслэлтэй” гэж маргажээ.

Тагнуулын ерөнхий газрын 2006 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 350 дугаар тушаалаар Тагнуулын ерөнхий газрын хүний нөөцийн талаар мөрдөх журамд өөрчлөлт оруулсны дагуу Д.Г-н цэргийн цолыг сэргээсэн байна.

 

г

Энэ нь цэргийн алба хаах хугацаанд цэргийн албаны захирах захирагдах зарчмыг хэрэгжүүлэх, цалин хөлс тооцохдоо нэмэгдэл олгох зэрэг цэргийн цолноос хамаарах тухайн байгууллагын хүний нөөцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой байх бөгөөд тэтгэвэр тогтоосон цалин хөлсийг өөрчлөх шалтгаан биш юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр тэтгэвэр нэмэгдүүлэн олгосон талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар актын үндэслэл болсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан байна.

Гэтэл улсын байцаагч уг актаар үндэслэлгүй олгосон 4.045.468 төгрөгийг тэтгэвэр авагч Д.Г-р төлж барагдуулахыг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Д.Э-д хариуцуулж, 2013.12.28-ны өдрийн дотор төлүүлэхийг даалгасан нь дээрх хуулийг зөрчсөн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч Д.Г-н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад анхан шатны шүүх уг хуулийн заалтыг хэрэглэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, маргаан бүхий захиргааны актаар тэтгэвэр авагч Д.Г-р төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                         1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр

сарын 29-ний өдрийн 198 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Д.Г-н нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар актын Д.Г-р төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын

 

тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
  1. д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

[1] Хэргийн 29

[2] 43