Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

шүүгдэгч М.Жамъянсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Монхорын Жамъянсүрэнд холбогдох эрүүгийн 201619000361 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Точекийн байр 2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Монхорын Жамъянсүрэн /РД:СЩ82111612/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Жамъянсүрэн нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар Дашгай 1 дүгээр гудамж 3 тоот хашааны гаднаас Б.Ууганбаатарын улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч М.Жамъянсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

         

            Гэрч С.Магсарсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баян сумын Өгөөмөр багийн нутаг “Агуут зөрлөг” гэх газар гэртээ хоносон. Харин 23-ны үүрээр гэгээ орох гэж байхад Жамъянсүрэн манай гэрт орж ирсэн. Хаанаас явааг нь асуухад 16, 18 дугаар зөрлөгөөр явж байгаад замын машинаар ирлээ гэж хэлсэн. Өөр юм яриагүй манайд унтаж байгаад өдөр нь 14 цагийн үед Жамъянсүрэн бид хоёр “Болор” зоогийн газрын гаднаас замын унаанд сууж Баян сумын төв рүү орж ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Баян сум руу явна гээд 4 дүгээр зөрлөгийн тэнд архи ууж байхдаа Жамъянсүрэн надад 15.000 төгрөг үлдээчих бинзен хийж хоёулаа урагшаа Өмнөговь явна гэхээр нь би юунд бензин хийх юм бэ гэж асуухад “хөгшин нь Ууганаагийн мотоциклийг хулгайлчихсан, Хатантогоогийн гэрт хийгээд цоожилчихсон байгаа, хоёулаа говь руу мотоциклийг нь зараад мөнгөжинө гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй би тэгж буяндаа бузар хийхгүй гэсэн чинь Жамъянсүрэн чи тэгвэл хүнд битгий хэлээрэй, би хот явлаа гээд надаас салаад явсан. Хатантогоогийн хүү Батчулуун гэдэг залуу манай нутгийн хүмүүс Боргоо гэж дууддаг юм. Батчулууны гэр “Агуйт зөрлөг” дээр миний байгаа хашааны хойд талд байдаг юм. Батчулуун гэртээ очихгүй жил гаран гэр нь цоожтой эзэнгүй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Гэрч Ж.Бүүвэй мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Ууганбаатар гэдэг хүн манай ээжтэй хоёр гурван жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа юм. Би 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой Баян сумын төвд байдаг 10 жилийн ангийн хүүхэн Хонгорзултай уулзах гээд Ууганбаатар ахын мотоциклийг нь гуйж авсан. Би шөнө 12 цаг 10 минутанд Баян сумын төвд Давшгай 1 дүгээр гудамжинд 3 тоот хашааны гадна мотоциклио үлдээгээд түлхүүрийг нь аваад очсон. Хонгорзулын гэрт 20 минут болоод 12 цаг 30 минутанд гараад ирэхэд Ууганбаатар ахын мотоцикль алга болсон байсан. Тэгээд би ээж рүү утасдаж энэ талаар хэлсэн чинь ээж Ууганбаатар ахын хамт ирээд бид гурав тэр хавийн хашаагаар явж мотоциклийг нь хайгаад олоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч Ө.Хонгорзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Бүүвэй 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр надтай утсаар ярьсан. Би Баян суманд ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд шөнө 12 цаг өнгөрч байхад Бүүвэй манайд ирэхээр нь ус буцалгаад цай хийж өгсөн. Бүүвэй цай уучихаад гарсан чинь мотоцикль алга болсон байна гэж байсан. Бүүвэй манай гэрт ойролцоогоор 20 минут болсон байх. Удалгүй гарах хооронд унаж ирсэн мотоцикль нь алга болсон байсан. Тэгээд Бүүвэй мотоциклио хайна гээд явсан. Би Бүүвэйг хашааны үүдэнд тосож авсан. Яах аргагүй Бүүвэй мотоцикльтой ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Төмөрчөдөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө малаа туугаад Батчулууны гэрийн урдуур гарч явахдаа хартал гэрийн хаалганы цоож нь цүүгээрээ наашаа сугарчихсан харагдсан. Тэгээд гайхаад эзэнгүй удаж байгаа хаалга цоожийг нь хүн оролдсон юм болов уу гэж бодоод очоод хартал гэр дотор нь улаан өнгөтэй Даюун гэсэн мотоцикль гэрт нь оруулаад баруун талд нь тавьчихсан харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Ууганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 12 цагийн үед Бүүвэй мотоциклийн түлхүүрээ өгчих, ойрхон айлд очоод ирье гэхээр нь би зөвшөөрч мотоциклоо өгч явуулсан юм. Бүүвэй миний мотоциклийг гуйж унаж яваад 30 минутын дараа мотоцикль алга болчихлоо гэж ээж рүү утасдаж хэлсэн. Тэгээд би Оюунтунгалагийн хамт яваад очтол Бүүвэй Дашгайн мотоцикл алга болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед Оюунтунгалаг, Бүүвэй бид гурав тэр хавийн  айлуудын хашаагаар явж мотоциклоо хайгаад олоогүй. Миний мотоцикль улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдаж авсан бараг шинэ мотоцикль байгаа юм. Би мотоциклоо олоод авчихсан болохоор өөр гомдол саналгүй байхгүй. Жамъянсүрэн надаас уучлалт гуйсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Би мотоциклоо бүрэн хүлээж авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Шүүгдэгч М.Жамъянсүрэн нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар Дашгай 1 дүгээр гудамж 3 тоот хашааны гаднаас Б.Ууранбаатарын улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ууганбаатарын мэдүүлэг, гэрч Ч.Цалинмөнгөн, Ж.Бүүвэй, Б.Хонгорзул, С.Магсарсүрэн, Х.Батчулуун, Ц.Оюунтунгалаг нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, М.Жамъянсүрэнгийн мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Жамъянсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч М.Жамъянсүрэнд холбогдох гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Б.Ууганбаатар нь шүүгдэгч М.Жамъянсүрэнтэй эвлэрч байх тул М.Жамъянсүрэнд холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

  •  рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                              ТОГТООХ нь

 

 1. Шүүгдэгч Боржигон овогт Монхорын Жамъянсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Чулуунбаатар нь шүүгдэгч М.Жамъянсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Жамъянсүрэнд холбогдох 201619000361 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай. 

            4. М.Жамъянсүрэнд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Жамъянсүрэнд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БУЯНТОГТОХ