Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2018/ДШМ/41

 

П.Б, Б.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

  Шүүх хуралдаанд:

  Нарийн бичгийн дарга                                      Н.Энхнаран

  Прокурор                                                           Б.Догмиддорж

  Шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч                            М.Энхтуяа 

  Шүүгдэгч Б.Пы өмгөөлөгч                                 З.Нямсүрэн

  Шүүгдэгч                                                             П.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Пы давж заалдах гомдол, прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлээр П.Б, Б.П нарт холбогдох эрүүгийн 1821003190201 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, хохирогч: Х овогт Пын Б, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн дугаар хорооны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч: З овогт Бийн П, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын  дугаар багийн  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х б” гэх нэртэй пабад иргэн Д.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х б” гэх нэртэй пабад иргэн П.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж шүүгдэгч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Пн Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Бийн Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

3/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Пд анхааруулж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.П давж заалдах гомдолдоо: “...гэм буруутай П.Бгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ямар ч гэм буруугүй ажлаа хийж даргын үүргийг гүйцэтгэсэн надад ял шийтгэл оногдуулсан явдал нь хууль бус гэж үзэж байна. Энэ хэрэгт миний буруу байхгүй. Харин би бааранд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, архи ууж бусдын эд хөрөнгийг эвдсэн, танхайрч бусдыг зодож хөнгөн гэмтэл учруулсан П.Бгийн үйлдлийг дарга Гын тушаалаар бичлэг хийх гэж байгаад зодуулж биедээ гэмтэл авч өөрөө хохирсон. Гэтэл шүүгч нэг талыг барьж гэмт хэрэгтэнг хамгаалж намайг буруутгасан явдалд гомдолтой байна. Би хэнийг ч зодоогүй. ...Мөн хуулийг буруу хэрэглэж хэрэг хийсэн хүнийг илт хамгаалж даргын үүргийг биелүүлж бусдыг гэмт хэргээс хамгаалж биеэ хамгаалсан намайг шийтгэсэн явдалд гомдолтой байна.

Иймд хуулийг зөв хэрэглэж гэм буруугүй надад оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Догмиддорж эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шүүгдэгч Б.П нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х б” гэх нэртэй пабад иргэн П.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бгийн өгсөн “…Сүүлд Г эгч, П нар гурвуулаа над руу дайрсан. Би тек мөргөж унахдаа энэ гэмтлүүдийг авсан. Намайг Пүрэвсайхан тек рүү түлхсэн байсан, би тухайн үед нэлээд согтсон байсан учраас хэн намайг зодсон гэдгийг санахгүй байсан юм. Өглөө босоход нүд, ам хөхөрчихсөн, хамаг бие гэмтсэнийг мэдсэн. …Дараа нь телекамерын бичлэгээс хараад хэн намайг гэмтээснийг мэдсэн…” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын ажиллагаанд яллагдагч П.Бгийн өгсөн “…бармен эмэгтэй миний цамцнаас заамдаж, газарт унагаагаад миний нүүр рүү гараараа цохиж, цээж рүү цохиж, нүүр, хүзүү рүү маажсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж дүгнэж, түүнийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч П.Бг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х б” гэх нэртэй пабад иргэн Д.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй, түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар, тухайлбал хохирогч Д.Гын мэдүүлэг /хх-11, 31-32/, яллагдагч Б.Пы мэдүүлэг /хх-17/, 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 369 дугаартай шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-44/, шүүгдэгч П.Бгийн мэдүүлэг /хх-57/ зэргээр шүүгдэгч П.Б нь бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь бүрэн тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Гын биед учирсан гэмтлүүд нь шүүгдэгч П.Бгийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүхээс дан ганц дутуу бичигдсэн камерын бичлэгт тулгуурлан шүүгдэгч П.Бд холбогдох хэргийг дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлаагүй дүгнэлт гаргасан байна.

...Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Пы өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан саналдаа: “…Баарны эзэн Г нь Б.Пыг “Болортуяа намайг зодоод байна. Бичлэг хий” гэхэд нь бичлэг хийсэн. Энэ үед П.Б бичлэг хийлээ гэж Б.П руу дайрч зодон, хөнгөн гэмтэл учруулсан. Тиймээс даргынхаа үүрэг даалгаврыг биелүүлсэн, аргагүй хамгаалалт хийсэн, өөрийгөө хамгаалсан хүн байна, хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд тавьж байсан. …Прокурор эсэргүүцлээ тайлбарлахдаа “Б.Пы хувьд камерийн бичлэг байгаа. Бичлэгээс харахад биеэ хамгаалаагүй, аргагүй хамгаалалт хийгээгүй” гэж хэлж байна. Тэгж үзэж байгаа бол камерийн бичлэгт дүгнэлт гаргуулах ёстой. Хэнээс, яаж авсан, гарал үүсэл нь тодорхойгүй камерийн бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр, хуульд заасан  арга хэрэгслээр авагдаагүй нотлох баримтаар хүнийг шийтгэж байгаа юм. Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, Б.Пд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б гаргасан тайлбартаа: “...Би найзыгаа өмөөрч Гандолгор эгчтэй маргаад байж байтал зөөгч ирж хажуунаас цохисон. Ингээд Г эгчийг би санаандгүй алгадсан, нэг бол цохисон. Гандолгор эгч зөрүүлээд 2 цохисон. …Би мэдүүлэг дээрээ ганц удаа алгадсан гэж хэлсэн. Түүнээс биш би 2-3 цохиж, зодоогүй. Б.П намайг үсдэж унагаасан. Би босч очиж өөртэй нь зууралдахад намайг ерөөсөө ойртуулаагүй, унагаасан” гэв.

 

 Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Бгийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан саналдаа: “...Гт учирсан гэмтэл ганц П.Бгийн учруулсан гэмтэл мөн үү биш үү гэдэг асуудал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эргэлзээтэй болж эхэлсэн. Хэдийгээр Г “шар үстэй эмэгтэй 1-2 удаа цохисон, миний хацар, зүүн гарын бугалга хөхөрсөн гэмтэл учирсан. Энэ гэмтлийг Б учруулсан” гэж мэдүүлсэн ч, дараагийн мэдүүлэгтээ “А нь бид хоёрыг салгах гээд дундуур орохдоо зүүн ханцуйг мушгиж барьсан. Үүнээс болж хөхрөлт үүссэн байх боломжтой” гэж хэлдэг. Мөн А “Надаас болсон байх боломжтой. Гараа савлахдаа Гандолгорын хацарт хүрсэн. Тэр санамсаргүй асуудал” гэж хэлсэн. Үүнээс харахад Гт учирсан гэмтлийн хагасыг нь А учруулсан байж болох юм. Мөн Б.П “Б Гын нүүрэнд нэг удаа цохихыг харсан” гэж гэрчилдэг. Тэр нь камерийн бичлэгтэй яг тохирдог. Энэ бүх байдлыг анхан шатны шүүх маш нарийн хянаж үзээд “...П.Бгийн үйлдлээс Гын нүүрэнд нэг удаа цохисон нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл А-тай хамааралтай...” гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх П.Б, Б.П нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х б” гэх нэртэй пабад иргэн Д.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х б” гэх нэртэй пабад иргэн П.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судласны үндсэн дээр Б.Пы үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч Б.П давж заалдах гомдолдоо “…хуулийг буруу хэрэглэж хэрэг хийсэн хүнийг илт хамгаалж, даргын үүргийг биелүүлж бусдыг гэмт хэргээс хамгаалж биеэ хамгаалсан намайг шийтгэсэн явдалд гомдолтой ба хуулийг зөв хэрэглэж гэм буруугүй надад оногдуулсан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Шүүгдэгч Б.Пы үйлдсэн хэрэг нь тухайн хэрэгт хамааралтай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч П.Аын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэдийгээр Б.П нь “Х б Э” ХХК-ийн дотоод журамд зааснаар үйлчлүүлэгчид зохих шаардлага тавих эрхтэй, даргын үүргийг биелүүлж бусдыг гэмт хэргээс хамгаалж биеэ хамгаалсан гэж байгаа ч бусдын биед халдаж гэмтэл учруулах эрхгүй бөгөөд түүний гаргасан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Б.Пы давж заалдах заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Мөрдөгч нь Прокурорын зөвшөөрлөөр “Х б Эрдэнэ” паб дотор болсон үйл явдлыг бичсэн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч, улмаар камерын бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн /хх-ийн 21-23/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэнгийн “…телекамерын бичлэг хуульд заасан арга хэрэгслээр авагдаагүй, энэ нотлох баримтаар Б.Пыг шийтгэж байна…” гэсэн саналыг хүлээж авах үндэсгүй гэж үзлээ.

            Анхан шатны шүүх П.Бд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох хохирогч Д.Г, гэрч П.А, зөрчилд холбогдон шалгагдаж байхдаа П.Бгийн өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судласнаар хохирогч Д.Гын биед бүрдэл байдлаараа учирсан “…зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой орчим, зүүн шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь П.Бгийн түүний зүүн хацар руу нэг удаа алгадсан үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтыг зөрчөөгүй байна.

            Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Пы давж заалдах гомдол, прокурор Б.Догмиддоржийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

                          ШҮҮГЧИД                                              З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                         Ж.ДОЛГОРМАА